Categories
мэдээ нийгэм

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамддаг асуудал нь бусадтай эрх тэгш нийгмийн амьдралд оролцох явдал

Азийн улс орнуудад өргөн дэлгэрсэн “TRY” хөдөлгөөн 2011 оноос манай улсад зохион байгуулагдах болсон. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд иргэд өөрсдөө үнэлгээ хийж, нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулах зорилготой “UB TRY” нэртэй оюутан залуусын санаачлагаар өчигдөр нийслэл хотноо зохион байгуулсан юм.Энэ удаагийн нөлөөллийн ажилд 6 аймаг, 6 дүүрэг, Япон улсын төлөөллөөс бүрдсэн хөгжлийн бэрхшээлтэй 16 залуу, өөр өөр мэргэжил хүсэл сонирхолтой 15 сайн дурын туслах залуучуудаас бүрдсэн нийт 31 хүн оролцжээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн амьдралд оролцох боломж хомс байна

Энэхүү нөлөөллийн аян нь хууль сурталчилж, хүртээмжийн үнэлгээ хийснээр олон нийтийн ойлголт хандлагыг өөрчлөх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоо сайжрах ач холбогдолтой юм. Цаашид 2019 онд Монгол улсад болох Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт олонд түшиглэн сэргээн засах асуудлаарх Ази, Номхон далайн бүсийн IV конгрессын бэлтгэл ажил болж байгаагаараа онцлогтой.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаад байгаа нэн чухал асуудал бол бусадтай тэгш эрхтэйгээр нийгмийн амьдралд оролцох гэдгийг онцолж байлаа. Учир нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд зөвхөн нийгмийн халамжийн үйлчилгээг хүртэхээр хязгаарлагдах бус харин өөрсдөө бусдын оролцоогүйгээр бие даан үзвэр үйлчилгээ үзэх, олон нийтийн газар, худалдааны төвөөр зорчиход хүндрэлтэй байгааг хэлж байлаа.

“UB TRY” нэртэй энэхүү аялал өөрийн гэсэн дүрэмтэй, ямар нэгэн нийтийн тээвэрт суухгүй, зочид буудалд буухгүй зөвхөн тэргэнцэртэйгээ аялах аж. Тиймдээ ч өчигдөр тэд нийслэлийн соёл үйлчилгээний төвийн голлох төлөөлөл болсон Соёлын төв өргөөнд аяны хүрээнд ээлжит аяллаа хийн хөгжлийн бэрхшээлтэй, тэргэнцэртэй иргэдэд тухайн орчин нөхцөл нь ямар байгааг газар дээрээс нь хүргэсэн.

Нийслэлийн хэмжээнд тэргэнцэртэй иргэдэд зориулсан 20 автобус байдаг бөгөөд өнөөдрийн байдлаар хоёр нь засварт орсон 18 нь үйлчилгээнд явж байгаа ч зөвхөн нэг чиглэлд л үйл ажиллагаа явуулдаг, хотын захын чиглэлүүдэд байдаггүй аж.

Үндэсний статистикийн хорооны мэдээгээр манайд 103630 хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий. Гэвч Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын бүртгэлээс харвал Хөдөлмөрийн чадвараа алдсан гэсэн үндэслэлээр 114 мянган иргэн улсаас ямар нэгэн байдлаар халамж тэтгэмжийн мөнгө авдаг байна.

Тэдний хувьд нөлөөлөл үнэлгээний хөдөлгөөн өрнүүлснээрээ улсаас хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулан гаргаж байгаа халамжийн зардал, хүртээмжтэй байдлыг сайжруулахад гаргаж байгаа зардал хоёрыг харьцуулж харах нөхцлийг бүрдүүлжээ. Өөрөөр хэлбэл халамжид зарцуулж байгаа байнгын зардалтай харьцуулахад маш бага хөрөнгөөр дэд бүтэц болоод бусад хүртээмжтэй байдлыг сайжруулах боломж байна гэж тэд харж байгаа юм. Төрөөс энэ чиглэлд нэг удаа дорвитой бодлого гарган хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэгш эрхийг хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулахад анхаарах юм бол энэ асуудал шийдэхэд тийм ч хүндрэлтэй биш гэдгийг хэлж байлаа. Учир нь нийслэлийн хэмжээнд гэхэд л барилга, байгууламж, үзвэр үйлчилгээ, олон нийтийн худалдааны төвүүдэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан налуу шат, хашлага, бие засах газрыг стандартыг батлаж өгөхөд л тийм ч их зардал мөнгө шаардахгүйгээр хувийн хэвшлийнхний хөрөнгөөр шийдэж болох шийдэл байгааг ч хэлж байв.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн амьдралд оролцох боломж хомс байна

Сэргээн засал судлалын үндэсний төвийн оюутан Б.Оюун-Эрдэнэ “Соёлын төв өргөөнд ирэхэд би зайлшгүй 1-2 хүний туслалцаа авч явах шаардлагатай болсон. Хүний туслалцаагүйгээр зам хөндлөн гарч, босго, шатаар явж чадахгүй. Бусдын тулалцаа авахгүйгээр ганцаараа явахыг хүсдэг. Тэгэхийн тулд дэд бүтцээ сайжруулсан байх хэрэгтэй. Ядаж л аль ч газар хаалга хийлээ гэхэд босгогүй хийж байж бид бусдын тулалцаагүй өөрсдөө дотогш нэвтэрч чадна”

“Түгээмэл хөгжил” бие даан амьдрах төвийн ажилтан Б.Ням-Очир “Үйлчилгээний байгууллагуудаар ороход хаалган дээр нь ирэхэд л өндөр шат. Ариун цэврийн өрөө ороход хүртэл бэрхшээлтэй”

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн амьдралд оролцох боломж хомс байна

“Түгээмэл хөгжил” төвийн боловсролын хөтөлбөр хариуцсан ажилтан Н.Тэмүүлэн “Жил бүр манай байгууллага бусад байгууллагуудтай хамтраад үнэлгээний ажлуудыг нэлээд хийдэг. Бид стандартаа танилцуулан төрийн байгууллагууд энэхүү стандартыг заавал мөрдүүлэх арга хэмжээ аваад Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан стандарт орон зай ийм байдаг гэдгийг хамтран ярилцаад явах нь зүйтэй юм. Үүнд төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажил маш чухал”

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн амьдралд оролцох боломж хомс байна

ХНХЯ-ны хүн амын хөгжлийн газрын мэргэжилтэн Б.Болороо “Төв аймагт очоод үзвэл Захиргааны байгууллага нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан налуу замтай стандарт хангасан байдлаар хийгдсэн байгаа. Тиймээс энэ байгууллагын үйл ажиллагаа бол маш том үр дүнгээ өгсөн ажил болж байгаа

Өөрөөр хэлбэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нь асуудал байна гэж харах биш, тэдний эргэн тойронд нь ямар асуудал байна гэдгийг харж шийдвэрлэж чаддаг болсон цагт л жинхэнэ утгаараа хүртээмжтэй орчин бий болно гэж хөгжлийн бэрхшээлтэй иргэд үзэж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн амьдралд оролцох боломж хомс байна

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн амьдралд оролцох боломж хомс байна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *