Categories
мэдээ нийгэм

​Б.Жавхлан: Даатгалгүй олон хүн байгаа нь нэг талдаа боломж

“Мандал даатгал” ХК Хөрөнгийн биржийн I ангилалд үнэт цаасны арилжааны захиалгаа нээсэн. Үүнтэй холбогдуулан тус компанийн гүйцэтгэх захирал Б.Жавхлантай ярилцлаа.


-Даатгалын салбараас IPO хийсэн компани боллоо. Нэгж хувьцаагаа хэдэн төгрөгөөр гаргаж байгаа вэ. Хэдий хэмжээний хөрөнгийг босгохоор төлөвлөсөн бэ?

-Манай компани ширхэг нь 4800 төгрөгийн үнэтэй 1.560.754 ширхэг энгийн хувьцааг олон нийтэд нээлттэй худалдаалж эхэллээ. Олон нийтэд нийт хувьцааны 25 хувийг эзэмшүүлж 7.5 тэрбум төгрөгийг босгох зорилгоор ажиллаж байна.Энэ сарын 4-18-ны өдрүүдэд захиалга авна. 100 хувь захиалгаа авч байж дараачийн ажилдаа орно. Андеррайтераар “Голомт капитал” үнэт цаасны компани ажиллаж байгаа. Захиалга авах хугацаанд хөрөнгө оруулах хүсэлтэй иргэд “Голомт капитал” компанид хандах юм. Олон нийтэд хувьцааг санал болгосны дараа 40.85 хувийг“Голомт Файнэншил Групп” ХХК, 34.15 хувийг “Юу Эм Си Капитал” ХХК эзэмшдэг, 25 хувийг бусад эзэмшигчид эзлэх юм. 4800 төгрөгийг их үү, бага уу гэж хүмүүс асууж байсан. Хувьцаан дээр үнэ цэнийг ярьдаг болохоос биш үнэ ханшийг ярьдаггүй. Манай нийтдээ зургаан сая ширхэг хувьцаатай. “Говь” компанийн хувьцаа 30 мянган төгрөг байхад “АПУ” компанийнх 600 төгрөг байдаг. Энэ хоёрын аль нь том бэ гэж асуух нь утгагүй. Үнэ ханш биш нэгж хувьцааны цаана ямар үнэ цэн байна вэ гэдэг нь чухал.

-Мэдээж бизнесээ тэлэх гэж хөрөнгө оруулалт татаж байгаа байх. Татан төвлөрүүлсэн хөрөнгөөрөө юунд зарцуулахаар төлөвлөсөн бэ.Шинээр даатгал нэвтрүүлэх үү?

-Мөнгийг мөнгө хэлбэрт нь байлгана. Даатгалын компанийн хувьд хөрөнгө гэдэг хамгийн чухал. Тодорхой хэмжээний эрсдэл даах хөрөнгөтэй байснаар илүү их даатгал хийдэг. Манай компанийн орлого сүүлийн таван жилд тогтмол өссөн. Энэ өсөлтийг хангаж илүү их бизнес хийхийн тулд дүрмийн сангаа өөрчилж, цар хүрээгээ нэмж байна. Эрсдэл даах чадвар гэдэг нь тодорхой боломжит хэсгийг өөрсдөө хүлээгээд, үлдсэн хэсгийг давхар даатгал гэдэг олон улсын зах зээлд байршуулдаг. Энэ нь мөн зардал шаарддаг. Бидний санхүүгийн туршлага нэмэгдэх юм бол давхар даатгал төлж байгаа зардал буурч, гадагшаа урсах валютын урсгалыг зогсоох, өөрсдөдөө ашигтай байдлыг бий болгох юм. Илүү ашигтай бизнес хийхийн тулд олон нийтээс хөрөнгө татаж байна. Зах зээлээ тэлэхийн тулд цоо шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлэх хэрэгтэй. Мөн одоо байгаа даатгалын нэвчилтийг хангалттай болгох гэж хоёр зүйл байдаг. Бид одоо байгаа үйлчилгээндээ илүү анхаарна. Улаанбаатарт хотод явж байгаа машинуудаас тээврийн хэрэгслийн даатгалд 15 хүрэхгүй хувь хамрагдсан байдаг. Эрүүл мэндийн даатгалд зургаан мянган хүн хувийн эрүүл мэндийн даатгал авдаг. Үүний дөрвөн мянга нь манайд даатгуулсан. Ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүстэй харьцуулахад энэ маш бага тоо юм. Одоо байгаа даатгалдаа хүч хаяхаас биш цахим даатгал, блокчэйн гэж ярихгүй.

-Энэ өрсөлдөөнтэй зах зээлд амжилттай ажиллаж байгаагийн учир юу вэ? Даатгалын салбарын ирээдүйг юу гэж харж байна?

-Иргэдийн болон байгууллагын бизнес хийдэг. Аль аль нь орлогын тэнцүү оролцоотой байгаа. Иргэдэд зориулсан бүтээгдэхүүн гэвэл “Жаргалан” хувийн эрүүл мэндийн даатгалыг 2015 онд гаргасан. Одоо эрүүл мэндийн даатгалын зах зээлийн гуравны хоёрыг эзлэх болсон. Мөн “Сонголт” тээврийн хэрэгслийн сайн дурын даатгалыг гаргасан. Үүгээрээ бид номер нэгт байгаа. Монголчууд хангалттай даатгал авдаггүй. Маш бага хэсэг нь даатгал хийлгэдэг. Нэвчилтийн хувь зэрэг тоонуудыг үзэхэд бусад хөгжиж буй орнуудаас болон дэлхийн дунджаас хамаагүй бага байдаг. Ийм эрсдэлтэй нийгэмд ажиллаж, амьдарч байгаа хүмүүс хангалттай даатгал хийлгэхгүй байгаад санаа зовж байна. Мөн энэ олон хүн даатгалгүй байна гэдэг нь нөгөө талдаа боломж болдог. Даатгалгүй хүмүүсийг даатгалд хамруулах бизнесийн боломжийг хэлээд байна л даа. Монголд банкны зах зээл хангалттай хөгжсөн. Нийт активын хэмжээ гурван их наяд төгрөгт хүрчихсэн. Хэдий сайн үзүүлэлт ч гэлээ хөрөнгө оруулагчийн зүгээс харах юм бол аль хэдийнэ боломжууд нь ашиглагдчихсан, ханасан зах зээл юм. Даатгал өндөр хөгжсөн орнуудад банктайгаа ойролцоо хэмжээнд байдаг. Манай даатгалын компаниудын нийт актив 280 тэрбум төгрөг. Банкны активын нэг хувьд ч хүрэхгүй бага хэмжээтэй. Энэ нь ямар боломж, бололцоо байгааг илэрхийлж байна. Тэгэхээр цаашид даатгалын салбар хөгжинө. Монголчууд даатгал авдаггүй хэвээр байхгүй. Үйлчилгээгээ орчин үетэй хөл нийлүүлэх, амьдралд ойр бүтээгдэхүүн гаргах, олон улсын стандартыг нэвтрүүлэх зэрэгт анхаарсан тохиолдолд энэ салбар хөгжинө. Одоо зах зээл өсөх хандлага ажиглагдаж байна.

-Энэ өсөх хандлагыг юун дээр тулгуурлан тодорхойлж байна?

-Эдийн засгийн хямралтай үед өсөөгүй. Харин өнгөрсөн жил эдийн засаг таван хувь өсөхөд даатгалын салбар 25 хувиар өссөн. Энэ үед Мандал даатгал 72 хувийн өсөлтийг үзүүлсэн. 2016 онд даатгалын салбар нэг хувиар унасан. Тэр жил бид 45 хувийн өсөлтийг гаргаж чадсан. Энэ өсөлтүүд бүтээгдэхүүн хөгжүүлэлт, борлуулалтын шинэ сувгийг оруулж ирсний хүчинд бий болгосон.. Энэ оны эхний хагас жилээр 2.1 тэрбум төгрөгийн ашигтай гарсан. Үүнээс хойш салбар өсөх гээд байна. Салбарын нийт ашгийн 51 хувийг бүрдүүлж байгаа.

IPO хийх бэлтгэл ажлаа хэзээнээс эхэлсэн бэ. Анхнаасаа төлөвлөсөн байсан уу?

-Санхүүгийн зохицуулах хороонд өнгөрсөн дөрөвдүгээр сард материалаа өгсөн. Энэ бизнесийн эхлэхдээ л IPO хийнэ гэж төлөвлөж ирсэн. Эхэн үедээ борлуулалтын цэг, харилцагчийнхаа тоог нэмэхэд анхаарч байсан. Хөрөнгө оруулагчид сонирхлыг татах тэр компанийг байгуулахыг зорьсон гэсэн үг. 2015 оноос бэлтгэл байдлаа хангаж эхэлсэн. Тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг, зах зээлд байр сууриа эзэлсэн, танигдсан, ашигтай ажилладаг компанийг бэлдсэн.

Э.ЯНЖМАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *