МХЕГ-ын ээлжит цахим шуурхай хурал хуралдаж, аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын нийт бие бүрэлдэхүүнд үүрэг чиглэл өглөө. 2018-2019 оны хичээлийн жил эхэлж буйтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас гаргасан “Хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах тухай” 01 тоот албан даалгаврын хүрээнд МХЕГ-ын даргын баталсан 42 заалт бүхий үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлтийг ханган ажиллахад онцгойлон анхаарч “Хүүхдэд ээлтэй орчин” бүрдүүлэн ажиллахыг үүрэг болголоо.
Энэ хүрээнд хүүхдийг сургуулиас гэртээ харих замд осол эндэгдэлд өртөхөөс сэргийлэх зорилгоор гэр бүл, багш, сургуулийн хамтын ажиллагааг сайжруулж эцэг эхчүүдтэй уулзалт зохион байгуулж, сэрэмжлүүлж ажиллах.
Бүх шатны боловсролын байгууллагын хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлыг бүрэн хангуулж, сургуулийн цайны газар, үдийн цай хөтөлбөрт эрүүл ахуйн стандартын шаардлага хангасан хоол хүнсний бүтээгдэхүүнээр үйлчлэхэд хяналт тавих.
Цэцэрлэг, сургууль хүүхдийн байгууллагын байрнаас 100 метр зайд архи, тамхи, согтууруулах ундаа худалдахгүй, үйлчлэхгүй байх талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах, хаах, хүртэл арга хэмжээ авах.
Ахуйн газын аюулгүй ажиллагааны дүрмийг боловсролын байгууллагуудад мөрдүүлэх зэргээр сургуулийн орчмын аюулгүй байдалд үйл ажиллагаа жигдэртэл сайтар хяналт тавьж ажиллахыг бүх чиглэлийн хяналтын байцаагч нарт даалгалаа.
Түүнчлэн ил гарсан цахилгааны утсыг далдлах, аюулгүй ажиллагааг тогтмол дээшлүүлэхийг аж ахуйн нэгж, холбогдох байгууллагад анхааруулан хүүхдийг цахилгааны аюулд өртөж тогонд цохиулах эрсдэлээс хамгаалах чиглэлээр хяналт шалгалт хийх.
Гар дээрх худалдаанд хяналт тавьж самар, жимс ил задгай худалдаалж байгаатай холбогдуулан энэ талын хяналт шалгалтыг чангатгах, гэдэсний халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх ажлыг эрчимжүүлэх.
9 дүгээр сарын 1-ний өдрийг тохиолдуулан зарим аймаг сумдад дааганы уралдаан зохион байгуулах уламжлал тогтсоныг хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор зогсоох үүрэг чиглэл өгч биелэлтэд хяналт тавьж ажиллахыг орон нутаг дах МХБ-ын байцаагч нарт үүрэг болгов.
Хурлын төгсгөлд хүүхдийг аливаа осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, аюулгүй ажиллагааны холбогдох стандарт шаардлагыг мөрдүүлэх, хүүхдийн тоглоомын байгууламж болон гадна тоглоомын талбайн техник, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартын шаардлага хангах, засвар үйлчилгээний байдалд хяналт, шалгалт тогтмол хийхэд анхааран ажиллахыг тус тус үүрэг болгов.