Categories
мэдээ нийгэм

Вейсел Акчай НҮБ-д хамгаалалт хүссэн захидал хүргүүлжээ

Монгол-Туркийн хамтарсан, Гюлений хөдөлгөөнтэй холбоотой гэгддэг “Улаанбаатар Эмпати” сургуулиудын захирал, БНТУ-ын иргэн Вейсел Акчай (Veysel Akcay) НҮБ-ын “Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газар”-т хамгаалалт хүссэн захидал хүргүүлсэн талаар “Stockholmcf” мэдээлжээ.

Наймдугаар сарын 24-ний өдөр Акчайн өмгөөлөгчид НҮБ-ын Хүний эрхийн комисст хандан бичсэн захидалдаа үйлчлүүлэгчийг нь Турк руу хууль бусаар албадан гаргахаас урьдчилан сэргийлэх яаралтай арга хэмжээ авч өгөхийг хүссэн байна.

Мөн тус захидалд “Туркийн Тагнуулын албаны ажилчид Акчайг гэрээс нь баривчлан, тусгай онгоцоор Турк руу авч явах гэж байсныг Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын шийдвэрийн үр дүнд хил давахыг таслан зогсоож чадсан” гэжээ.

Улмаар гуравдагч орон руу явах хоёр ч удаагийн оролдлогыг Монголын талаас зогсоосон нь дахин Турк руу хулгайлагдах эрсдэл бий болгож байгаа тул гэр бүлийг нь аюулгүй гуравдагч улс руу зорчуулах боломж болон яаралтай хамгаалалт хүссэн тухай бичсэн байна.

Өнгөрсөн сард “Туркийн Үндэсний Тагнуулын газар (MIT) Фетуллах Гюлений сүлжээтэй холбоотой хүмүүс гэгдэх Юсуф Инан, Сали Зеки Ийгит гэх хоёр сэтгүүлчийг Украинаас, Азербайжанд Иса Оздемир нарыг хулгайлан тусгай онгоцоор Истанбулд аваачсан байна. Мөн өнгөрсөн гуравдугаар сард Гюлений хөдөлгөөнтэй холбоотой гэх зургаан багшийг хулгайлан баривчилжээ.

Өнгөрсөн долдугаар сарын 27-ны өдрийн өглөөний 10:00 цагийн орчим үл таних хүмүүс Монгол-Туркийн хамтарсан сургуулийн захирал, БНТУ-ын иргэн Вейсел Акчайг хулгайлахыг завдсан хэрэг гарсан. Энэ мэдээллийг хамгийн анх “Улаанбаатар Эмпати” сургуулийн ерөнхий захирал Б.Ганбат фэйсбүүктээ бичлэг хийж тавьснаар олон нийтийн анхаарлын төвд орсон юм.

Энэ хэргийг Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг Нийслэлийн прокурорын газрын хяналт дор явуулж эхэлсэн билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *