Categories
мэдээ цаг-үе

С.Батболд: Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудыг холбосон хөгжлийн алтан гурвалжин бий болгоно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдтой уулзаж ярилцлаа.


-Нийслэлийн Засаг дарга төвийн бүсийн аймгуудад ажиллаад ирлээ. Хотын дарга дүүргүүдэд биш, хөдөө орон нутагт ажилласан шалтгаан юу байв гэсэн асуултад олон хүн хариулт хүлээж байх шиг байна?

-Манай улс Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай, аймаг, орон нутгаа баруун, төв, зүүн гэж бүсчлээд хөгжүүлэхээр төлөвлөсөн. Холбогдох хуулиуд ч батлагдсан. Гэвч энэ үзэл баримтлалыг хэрэгжүүлэх ажил ерөөс ахидаггүй. Иргэдийн Улаанбаатар луу чиглэсэн нүүдэл, суурьшил ихсээд хот хэт их ачаалалтай болоод удаж байгааг иргэд өөрсдөө ч ойлгодог болсон. Нийслэлийн зүгээс иргэдийнхээ нийгмийн асуудлыг шийднэ гээд тодорхой дорвитойхон ажил хийдэг. Сургууль, цэцэрлэг бариад, эмнэлгийн хүртээмжийг нэмээд, зам гүүр шийдсэн ч ачаалал нь хэт ихэсчихсэн учраас бэрхшээл нь бэрхшээл хэвээр л харагдах ийм байдал руугаа орсон. Нэгэнт нүүгээд, зориод ирсэн иргэдээ буцаагаад Ховд, Увс руу ч юмуу, говь руу нь явуулах бололцоо байхгүй. Монгол Улсын иргэн Үндсэн хуульд заасан ёсоор оршин суух газраа өөрөө сонгох эрхтэй. Тийм учраас энэ онд Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулахад чиглэсэн “Хөгжлийн алтан гурвалжин” санаачилгыг өрнүүлсэн юм. Энэ удаагийн орон нутагт ажилласан томилолтоор энэ санаачилгаа ажил хэрэг болгох асуудлын хэсгээс шийдээд ирлээ.

-“Хөгжлийн алтан гурвалжин” санаачилгын талаар товчхон ойлголт өгөхгүй юу. Энэ санаачилгын үр дүн, тус дэмийг Улаанбаатар хот, нийслэлийн иргэд хэрхэн хүртэж болно гэж тооцоолж байгаа вэ?

-Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах алхамууд зөвхөн Улаанбаатарын шийдэх ёстой асуудал биш.

Энэ бол Монгол орны хөгжлийн асуудал. Хөдөө орон нутаг эзгүйрээд эсрэгээр Улаанбаатар хотод төвлөрөл ихэсч, ачаалалдаа түүртээд байна. Тэгвэл иргэдийн нүүдлийн гол шалтгаан юу юм. Монгол Улсын зах хязгаар нутгаас төвийн бүсэд нүүж ирж байгаа иргэд юу хүсч мөрөөдөж байна вэ гэсэн асуулт зайлшгүй үүсдэг. Нүүдлийн гол шалт-гаануудад дэд бүтэц, зам харгуй, ажлын байр гэсэн зүйлүүд багтаад байна. Тийм учраас нийслэлийн ачааллыг бууруулах ямар гарц, гаргалгаа байж болох вэ гэдгийг судалж үзээд Сэлэнгэ, Орхон, Туул гээд гурван том мөрний сав газарт оршдог, Монгол Улсын эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан, үйлдвэрлэл бүх юм төвлөрсөн Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудыг холбосон гурвалжинд бодлогоор хөгжлийг төвлөрүүлэх ажлыг эхлүүлэх нь зөв юм байж гэж үзсэн. Дархан, Эрдэнэт хотын дэд бүтцийн хөгжил, хүн амьдрах таатай орчин нь Улаанбаатар хотоос хавьгүй илүү. Нэгэнт ингээд төвлөрчихсөн хотууд бий учраас энэ боломжуудыг ашиглах замаар иргэдээ тийш нь суурьшуулж, хөгжлийг тэлэх, төвлөрлийг сааруулах ажлыг эхлүүлэн хэрэгжүүлж байна.

Хөгжлийн гурвалжинд зөвхөн энэ гурван хот багтахгүй. Хотууд байрладаг Төв, Сэлэнгэ, Булган аймгийг энд татан оролцуулсан байгаа. Өнгөрсөн хавар таван аймгийн удирдлагуудтай зөвлөлдөх уулзалт хийж санамж бичиг байгуулсан. Энэ санамж бичгийн хүрээнд аймгууд хамтран ажиллах үйл ажиллагаагаа төлөвлөөд авсан. Одоогийн байдлаар эхний санаачилгууд хэрэгжих боломжтой болсон.

-Тухайлбал?

-Энэ долоо хоногийн эхээр орон нутгаар явж, аймгуудын Засаг дарга нартай уулзахдаа үйлдвэрлэлийн болон нийгмийн зарим салбарыг төрөлжүүлээд Дархан, Эрдэнэт хот руу гаргах, ажиллах хүчээ хэрхэн шилжүүлэн байршуулах вэ гэдэг асуудлыг ярилцаад, тодорхой саналуудтай ирсэн. Жишээ нь, өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод арьс шир боловсруулах үйлдвэрийн хэрэгцээ тун бага байна. Улаанбаатар дахь зах зээл муутай арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг Дарханы нэхийний үйлдвэрийг түшүүлэн Дарханд суурьшуулах, уул уурхай, металл боловсруулах зэрэг хүнд үйлдвэрлэгчдийг Эрдэнэт хотод суурьшуулах нь зөв. Тооцоо судалгааг ойрын үед гаргаж, ажил хэрэг болгоё гэдэгт санал нэгдсэн. Улаанбаатарын нийгмийн ачааллыг бага ч гэсэн бууруулах үүднээс бараг 100 хувь Улаанбаатар хотод төвлөрсөн их дээд сургуулийг Дархан, Эрдэнэт хот рүү нүүлгэн шилжүүлэхэд болохгүй юмгүй гэсэн саналд нэгдсэн. Бид их олон жил арав гаруй мянган оюутантай 2-3 мянган багштай их, дээд сургуулийг Улаанбаатараас бүхлээр нь гаргана. Тэнд гоё байшин бариад оруулчихна аа гэж яриад, хүлээгээд суусан. Үүнийг түвэг багатай шийдэх гарц бидэнд бий. Харин байгууллагуудтай, сургуулиудтай тохиролцоод хэрэгжүүлэх ажил л үлдэж байна.

-Олон зуун хүний нүүдлийг дагаад орон гэр, орон сууцны асуудал хөндөгдөх нь тодорхой. Их, дээд сургуулийн тухайд гэхэд оюутнуудыг нийтийн байранд суулгаж болох ч багш нарыг тэнд шингээж болохгүй байх. Энэ асуудлыг яаж шийдвэл зүгээр гэж үзэж байгаа вэ?

-Дандаа болохгүй, бүтэхгүй гэх нь таатай биш. Нөөц боломжоо сайн тооцох нь зөв юм л даа. Ганц жишээ хэлэхэд Дарханд 1500 оюутан сурах боломжтой их дээд сургуулийн салбар 400 оюутантай үйл ажиллагаа явуулж байна. Үлдсэн байр нь сул байж байгаа юм. Гэтэл Улаанбаатарт байх төв сургууль нь оюутнуудаа байрандаа багтааж дийлэхгүй байгаа. Тийм учраас их, дээд сургуулиуд зайлшгүй Улаанбаатар байх ёстой салбар сургуулиа үлдээгээд орон нутагт сургалт явуулахад хүндрэлгүй, харин ч материал техникийн, дадлагын орчин, нөхцөл нь сайжрах боломжтой салбар сургуулиа ийш нь нүүлгэж, зохицуулалт хийхэд бид хэсэг асуудлаа шийдэж чадна. Багш ажилчдын орон байрны тухайд Засгийн газар найман хувийн орон сууцны зээл олгох байдлаар зохицуулалт хийх жишээтэй. Дархан хот гэхэд 10 000 айлын орон сууц барих төлөвлөлт хийгдээд, барилгын бүтээн байгуулалт өрнөж байна. Ийм цогц бодлогыг бид хэрэгжүүлэх хэрэгтэй юм. Засгийн газар их, дээд сургуулийг Улаанбаатараас гаргах талаар тогтоол гаргаад БСШУСЯ, Нийслэлийн Засаг даргын тамгын газар хоёрт тодорхой үүрэг ч өгсөн. Ирэх есдүгээр сараас энэ ажил аль аль хүрээндээ нэлээд яригдах байх.

Одоо бол сул байгаа дэд бүтэц, барилга байгууламжид аль их, дээд сургуулийн ямар салбарыг яаж нүүлгэх вэ. Энэ үйл явцад төрийн байгууллага, Улаанбаатар хотын захиргаа ямар ажлууд хийх юм гэдгээ тодорхой болгох хэрэгтэй юм. Энэ асуудлыг шийдэхийн тулд өөрийн зүгээс, араас нь маш их хөөцөлдөж байж үр дүнд хүргэх ёстой гэж үзэж байгаа.

-Нийслэлийн төвлөрлийг сааруулахад энэ л хамгийн том дэмжлэг болох байх гэж бодогддог, найдлага төрүүлдэг бүтээн байгуулалтын санаанаасаа хуваалцахгүй юу?

-Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотыг холбосон хурдны авто зам, хурдны галт тэрэгний зам байгуулбал бид төвлөрлийг маш сайн бууруулна гэж боддог. Хүссэн ч, хүсээгүй ч иргэд Улаанбаатар хотын уулын орой дээрээс бууж, энэ замын дагуу суурьшиж, Дархан, Сэлэнгэд газар авч, тэнд ногоо, тариагаа тарьж, өөрийн амьдралын хэрэгцээгээ хангаад явчихна. Сэлэнгэ, Төв, Булганыхны эрчимжсэн газар тариалан, мал аж ахуй Нийслэлчүүдийг эрүүл хүнс болоод явчих ийм цаг ирэхэд энэ гурвалжинд гурван сая байтугай 30 сая хүн багтана. Энэ тооны хүнийг хангалттай багтаагаад тэжээгээд явах боломжтой бүс нутаг юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *