Categories
мэдээ нийгэм

Ч. Амарсанаа: Хэл сурах нь “аварга модны онол”-той адил

Бие даан англи хэл сурахдаа юун дээр анхаарах ёстой талаар “Talk Talk English”сургалтын төвийн захирал Ч. Амарсанаатай ярилцлаа.

Сайн байна уу. Англи хэлийг бие даан сурахдаа юунаас эхлэх хэрэгтэй вэ?

Хоёрдогч хэлийг сурахыг хүүхэд хэрхэн өсөж том болдог үйл явцтай адилтгаж болно. Эхлээд сонсголоо сайжруулах, дараагаар нь үгүйсгэсэн болон хавсарсан нийлмэл өгүүлбэр хэлж сурах зэргээр хүн төрөлхтний эх хэлээ сурсан аргад суурилан сурч эхэлвэл үр дүнтэй байдаг. Орчин үед хүмүүс хэлийг хөгжлийн гарц гэж хардаг болсон. Төгс сайн сурахыг илүүд үзэж хүн бүр өөрт байгаа боломжоороо сурахыг хичээж байна.

Маш олон хүмүүс үр дүнтэйгээр богино хугацаанд хэл сурахыг илүүд үздэг. Энэ тал дээр юу гэх вэ?

Монголчууд англи хэлийг нэг үеэ бодоход мэдлэгийн түвшинд эзэмшсэн байна. Их сургуулиа төгсөөд гарч байгаа оюутан залуус англи хэлийг дунджаар 8-10 жил үзсэн байна. Хоцорч байгаа зүйл нь мэдлэгээ хэрэглээ болгон ашиглаж чадалгүйзавсар гаргаж байгаад асуудал байна.Хамгийн түрүүнд тухайн хэлээр ярих гэж оролдох биш дуудлагаа сайжруулан сонсож сурах хэрэгтэй. Үүнийхээ дараагаар академик мэдлэгээ сайжруулах нь зүйтэй.

Англи хэлийг бүрэн төгс эзэмшихэд юуг анхаарах хэрэгтэй вэ?

Хэл сурах нь бусад чадваруудтай адил байдаг. Тухайн хүнээс авьяас шаарддаг. Хэл сурах авьяастай хүмүүс хэлийг харьцангуй богино хугацаанд сурч өөрийн болгож чаддаг. Ямар ч хэлийг сурахад тухайн хүний хичээл зүтгэл нэн түрүүнд тавигддаг. Тиймээс өдрийн хамгийн бүтээмж өндөртэй цагаа сонгон авч тасралтгүй өдөр бүр давтах нь чухал. Ингэхдээ урт хугацаагаар биш хамгийн ихдээ нэг цагийг зарцуулах нь хангалттай. “Аварга модны онол” гэдэгтэй адил урт хугацаанд тасралтгүй бэлдэхэд тодорхой хугацааны дараа үр дүнгээ өгнө.

Хэл сурах авьяас гэдгийг юугаар тодорхойлж байна вэ?

Монгол хүмүүсийг бусад орны хүмүүстэй харьцуулахад хэл сурах авьяас өндөр гэж дүгнэгддэг. Богино хугацаанд сайжирдаг. Хүлээн авах чадвар сайтай хүмүүс англи хэлийг багшгүйгээр телевизийн хөтөлбөр, хүүхэлдэйн кино үзсээр байгаад өндөр түвшинд эзэмшиж чадсан цөөнгүй тохиолдол байдаг. Эсрэгээрээ хэчнээн ч удаа үзээд сурдаггүй хүн бас байна.

Хэл сурч байгаа хүмүүсийн нийтлэг гаргадаг алдаа юу вэ?

Ихэнх хүмүүс маш богино хугацаанд хэлийг сурах гэж зүтгэдэг. Ямар ч зүйлийг богино хугацаанд хурдан хийгээд амжилт олохгүй. Жишээ нь тамирчин хүн нэг мэхийг хэдэн мянган удаа давтаж байж тэр мэхээ олимпын дэвжээн дээр хийгээд амжилт олдогтой адил.

Хэлийг сурахдаа цаашид хөгжүүлэх нь чухал байдаг. Англи хадмал орчуулгатай кино үзэх, BBC, CNN гэх зэрэг сувгуудын стандарт үг хэллэгтэй нэвтрүүлгүүдийг үзэх, өөрттаалагдсан сонирхолтой ном зохиолыг унших зэргээр хөгжүүлээд явах нь хэлний мэдлэгэд онцгой ач холбогдолтой байдаг.

Б. ОДГЭРЭЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *