Categories
мэдээ нийгэм

Дотоодын экспортлогчид хамгийн сайн зах зээлээр БНХАУ-ыг нэрлэжээ

Дотоодын компаниуд гадаад зах зээлд гарахад ямар дэмжлэг хэрэгтэйг тодорхойлох судалгааны төслийн тайлангийн хэлэлцүүлэг уулзалт МҮХАҮТ-д боллоо.

Европын Холбооноос санхүүжүүлж буй Монгол Улсын Худалдааг дэмжих төслийн (TRAM) судалгаанд оролцогчдын 60.8 хувь нь БНХАУ, 34.2 хувь нь Европын Холбоо, 30.0 хувь нь Япон, 28.3 хувь нь ОХУ болон ЕАЭЗХ, 21.7 хувь нь БНСУ, 16.7 хувь нь Хойд Америк руу экспорт хийхэд хамгийн сайн зах зээл гэж үзжээ. Мөн судалгаанд оролцогчид ачаа тээврийн зуучлагчид тодорхой зах зээлийг (ОХУ, Хятад, Казахстан гэх мэт) дагнан ажиллах тал дээр дутагдалтай байгаа бөгөөд ийм төрлийн үйлчилгээг нэвтрүүлэх хэрэгтэй гэж үзсэн байна.
Өнгөрсөн гуравдугаар сараас хэрэгжсэн энэ төсөл нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй экспортлогч болон боломжит экспортлогч нарт үзүүлэх дэмжлэгийн хэрэгцээг тодорхойлох мөн МҮХАҮТ болон бусад байгууллагууд үр дүнтэй үйлчилгээг бий болгоход дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Судалгааны тайланг TRAM төслийн хувийн хэвшлийн ахлах зөвлөх Тоби Филпотт танилцуулсан бөгөөд уг төслийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд учирсан саад бэрхшээлийг тодруулж цаашид асуудал бэрхшээлийг шийдвэрлэх хувилбаруудыг тайлбарлав. Судалгаанд оролцогч 132 компаниийг салбараар нь авч үзвэл, 25 хувь нь ноос ноолуурын, 9 хувь нь мах махан бүтээгдэхүүн, 7 хувь нь аялал жуулчлал, 7 хувь нь арьс шир, мөн 7 хувь нь нэхмэл бүтээгдэхүүний салбараас хамрагдав. 9 хувь нь салбараа тогтоогүй байна.

Судалгааны чиглэл нь экспортын зах зээл, экспортын журам болон үйл ажиллагаанд зарцуулж буй хугацаа, экспортлогч аж ахуйн нэгжийн мэдлэг, чадвар, боломжит нөөц боломжууд зэргийг хамарсан байна. Судалгаанд оролцогчдын 82 хувь нь экспортлогч байсан бол 14 хувь нь экспорт хийх сонирхолтой болон боломжит экспортлогч аж ахуйн нэгжүүд байв. Гэвч судалгаагаар боломжит экспортлогчдод ямар саад бэрхшээл тулгарч байгааг тодорхойлох боломжгүй байсныг онцлов. Экспортын журам болон үйл ажиллагаанд зарцуулж буй хугацааны талаарх санал асуулга экспорттой холбоотой зохицуулалт, хууль эрх зүйн нөлөөлөл гэсэн үндсэн хоёр асуудалд төвлөрсөн байна. Экспортын баримт бичиг, гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалттай холбоотой хэд хэдэн асуултыг асуухад судалгаанд оролцогчдын дийлэнх буюу 70.2 хувь нь экспортын баримтыг Дэлхийн банкны Бизнес Эрхлэх судалгаагаар таамаглаж байснаас хурдан хугацаанд авдаг гэсэн боловч багагүй хэсэг нь (14 хувь) ажлын 10 эсвэл түүнээс олон өдөр зарцуулдаг хэмээн хариулжээ. Үүнээс гадна үйл ажиллагаанд зарцуулж буй судалгаа нь гаалийн бүрдүүлэлт, хяналт шалгалтад зарцуулах хугацаа, тээврийн хэлбэрүүд, ачаа зуучлалын зах зээл дэх өрсөлдөөн зэргийг хамруулсан байна.
Судалгаа болон зорилтод бүлгүүдийн дунд явуулсан хэлэлцүүлгийн үр дүнд тулгуурлан хэд хэдэн дүгнэлт, зөвлөмжийг гаргахад экспорттой хамаарал бүхий дараах асуудлууд тавигджээ. Үүнд бодлогын орчин, хууль эрх зүй, зохицуулалтын орчин, бизнесийг дэмжих үйлчилгээ үзүүлэх нөхцөл, зохистой ур чадвартай хөдөлмөр эрхлэгчид боломжийг гаргаж өгөх, экспорттой хамааралтай санхүүгийн бүтээгдэхүүний, технологи инновацийн хүртээмжийг нэмэгдүүлэх, тээврийн дэд бүтэц, тээвэр зуучлалын хүртээмжийг нэмэгдүүлэх, төрийн удирдлагыг сайжруулах зэрэг асуудал багтжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *