Хууль зүй, дотоод хэргийн сайдын шинэчлэн баталсан зохион байгуулалтын бүтцийн шийдвэрийг үндэслэн цагдаагийн байгууллага дотооддоо зарим өөрчлөлтийг хийсэн байна. ЦЕГ-ын даргын зөвлөлийн хуралдаанаар Замын цагдаагийн алба, төмөр зам, иргэний агаарын тээвэр дэх цагдаагийн газар, хэлтсийг харьяалан мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий “Тээврийн цагдаагийн алба”-ыг байгуулжээ.
Түүнчлэн цагдаагийн байгууллагын хэмжээнд мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, цугларсан мэдээлэлд дүн шинжилгээ, судалгаа хийх, лавлагаа гаргах, байгууллагын техник, технологийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж, бодлого боловсруулах, харилцаа, холбооны найдвартай хэвийн ажиллагааг хангах, иргэдээс утсаар ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авах, бүртгэх, эрэн сурвалжлах, зарлан мэдээлэх, эрх бүхий байгууллага, албан тушаалтныг мэдээллээр шуурхай хангах чиг үүрэг бүхий “Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын алба”-ыг батлагдсан төсөв, одоо байгаа орон тоондоо багтаан байгуулсан аж.
Дээрх албадыг байгуулснаар Монгол Улсын тээврийн салбарын цагдаагийн байгууллагад хамаарах хууль тогтоомжийн хэрэгжилт болон тээврийн салбарт гарч буй гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх ажиллагаанд ахиц гарахын зэрэгцээ гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, түүнд нөлөөлөх хүчин зүйлийг судлах судалгаа, мэдээлэл, дүн шинжилгээний ажлын чанарт ахиц гарч, зарим нэгжийн үйл ажиллагааны давхардал арилж, шуурхай байдал дээшлэх эерэг үр дүн гарах юм байна.