Categories
мэдээ цаг-үе

ЗТХЯ-ны газрын даргын хэрэгтэй холбоотой шинжээчийн дүгнэлт гарчээ

-ЛХАГВАСҮРЭН ГЭХ ХҮНЭЭС БОЛЖ Т.ГОМБОСҮРЭН, Б.МАХБАЛ НАР МАРГАЛДАЖ ЗОДОЛДСОН ГЭВ-

Зам, тээврийн хөгжлийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар ажиллаж байсан Т.Гомбосүрэн ажлынхаа үүдэнд бусдад зодуулж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Дээрх хэрэгт тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Махбалыг шалгаж байгаа. Яамны хэлтсийн дарга нар нэгнийхээ амь насыг хөнөөсөн гэх хэргийн Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн урьдчилсан дүгнэлт гарсан байна. Мөн дээрх хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс Улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэс рүү шилжүүлжээ. Газрын дарга нар нэгнийхээ амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбоотойгоор нийслэлийн прокурорын газрын албаны эх сурвалж бидэнд мэдээлэл өгсөн юм.

Тэрбээр “Энэ сарын 9-нд Зам, тээвэр хөгжлийн яамны газрын дарга нар нэгнийхээ амь насыг хөнөөсөн гэх хэргийг харьяаллын дагуу нийслэлийн прокурорын газраас хяналт тавин ажиллаж байна. Дээрх хэрэгтэй холбоотойгоор нийгмийг айдаст автуулсан худал мэдээлэл гарсан. Энэ бүгдэд албан ёсны тайлбар өгч байна. Хэрэгт холбогдсон гэрчүүдийн мэдээллээр талийгаач Т.Гомбосүрэн хэрэг гардаг өдөр Зам, тээвэр хөгжлийн сайд ж.Бат-Эрдэнийн өрөөнд улс төрийн нөлөө бүхий нэгэн эрхэмтэй орж уулзсан байдаг. Сайдын өрөөнд ажил албан тушаалын тухай асуудал яригдсан гэх мэдээлэл байгаа. Тухайн өдөр Хүний нөөцийн менежерийн албан тушаалтай Ц гэх эмэгтэй ээлжийнхээ амралттай байх хугацаандаа ажил дээрээ ирсэн байдаг.

Түүний амралтыг тэмдэглэх нэрийдлээр яамны газрын дарга Б.Махбал, Артур, Энхбат гэх хүмүүс ажлын байранд согтууруулах ундааны зүйлс уусан байдаг. Мөн талийгаач Т.Гомбосүрэн, УБТЗ-д ажилладаг Лхагвасүрэн гэх хүнтэй хамт орж ирсэн гэдэг нь гэрчүүдийн өгсөн мэдүүлэг, яамны хяналтын камерийн бичлэг зэргээс тодорхой харагддаг. Талийгаач Т.Гомбосүрэн, Лхагвасүрэн нар хэсэг хугацааны дараа Б.Махбалын өрөөнөөс гарч яваад хоёр давхрын шатан дээр хоорондоо ярилцаад зогсож байгаа бичлэг ч үлдсэн байна лээ. Энэ үеэр Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Б.Махбал жолооч н.Доржпүрэвийн хамт өрөөнөөсөө гарсан байдаг. Б.Махбал хоёр давхрын шатны хажууд тамхи татаад зогсож байсан Т.Гомбосүрэн, Лхагвасүрэн нарт хандаж үг хэлж байсан. Гэрчүүдийн өгсөн мэдүүлгээр маргаан гарах болсон шалтгаан нь “Яаманд тамхи татлаа. Эндээс гарч тамхи тат. Одоо харьцгаа” гэж хэлснээс болж үл ойлголцол үүссэн гэх зүйлс яригдаж байгаа. Түүнээс хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим ертөнцөд гараад байгаа шиг ажил, албан тушаалын маргаан гараагүй юм байна лээ. Тэд хоорондоо маргалдаж, барьцалдаж явсаар яамны хаалгаар гараад зодолдсон байдаг. Тэднийг зодолдох үед, талийгаачийг зодож байхад нь таван хүн хараад зогсож байсан, нэг нь ч салгаагүй гэх мэдээлэл худлаа гэдгийг хэлмээр байна. Лхагвасүрэн гэх хүн “Яам, тамгын газраас тамхи татлаа гэж хөөгдөж явсангүй” гэж хэлсэн. Бусдыг муудалцуулах эхлэлийг тавьсан. Үүнээс болж зодоон гарсан байна лээ” гэв.

Б.МАХБАЛ, ЖОЛООЧ Н.ДОРЖПҮРЭВНАР Т.ГОМБОСҮРЭНД ЦОХИУЛЖ ГЭМТЭЛ АВСАНГЭВ

Харин Шүүхийн шинжилгээний хүрээлэнгээс талийгаач Т.Гомбосүрэн тархиндаа хүчтэй доргилт авсны улмаас хүнд бэртсэн авсан. Тархиндаа гэмтэл нь үхэлд хүргэх шалтгаан болсон. Эрүүний яс нь мөн л хүчтэй цохилтын улмаас хугарсан гэх дүгнэлт гаргажээ. Мөн харилцан зодооны улмаас Б.Махбалын нүүрэнд хөнгөвтөр гэмтэл учирсан. Зодооныг салгах гэж оролдсон Доржпүрэв талийгаач Т.Гомбосүрэнд өшиглүүлсний улмаас хоёр хавирганы яс нь цуурч, хүндэвтэр гэмтэл авсан гэх шинжээчийн дүгнэлт гарчээ.

ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн М.Мөнхшүр “Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-т зааснаар хэрэг бүртгэл нээсэн. Талийгаачийн үхлийн шалтгааныг Шүүх эмнэлгийн шинжилгээний дүнгээр эцэслэн тогтоох боломжтой. Олон нийтийн сүлжээгээр албан тушаалаа булаацалдаж маргалдсан гэх ташаа мэдээлэл гараад байгаа. Үүнд ямар нэгэн албан тушаалын маргаан байхгүй. Харин хувийн таарамжгүй харилцаанаас болж ийм асуудал болсон” хэмээн мэдээлэл хийсэн билээ.

Г.БАТЗОРИГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *