Categories
мэдээ цаг-үе

Эхний хагас жилд махны экспорт 100 тэрбум төгрөгөөс давлаа

Өнгөрсөн хавар Дэлхийн банк “Монголын эдийн засагт өнгөрсөн 2017-2018 онд эдийн засгийн хүчтэй сэргэлт ажиглагдлаа” хэмээн дэлхий нийтэд зарласан. Харин саяхан ХХААХҮЯ махны экспорт 100 тэрбум төгрөгөөс давсан тухай таатай мэдээлэл хийлээ. Засгийн газраас “Мах, сүүний анхдугаар аян”-ыг орон даяар өрнүүлж, махны экспортыг нэмэгдүүлж, 2020 он гэхэд жилд 100 мянган тоннд хүргэхийг зорьж байна. Манай улс сүүлийн жилүүдэд жилд арав гаруйхан мянган тонн мах экспортолсон. Харин өнгөрсөн оноос махны экспорт нэмэгдэж, 2017-2018 онд 28 мянган тонн үхрийн мах, 43 гаруй мянган тонн адууны мах экспортлохоор тогтоож, хонь, ямааны маханд экспортын хэмжээ хязгаар тогтоохгүй байхаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд 2018 оны эхний зургаан сарын байдлаар арав шахам мянган тонн дулааны аргаар боловсруулсан мах, есөн мянган тонн адууны мах, 800 тонн хонины болон ямааны мах, 620 тонн үхрийн мах, 500 тонн дайвар бүтээгдэхүүн нийт 20 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн экспортолжээ. Оны эхний зургаан сарын байдлаар мах, махан бүтээгдэхүүний экспортоос 110 тэрбум төгрөгийн орлого олсон байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад мах, махан бүтээгдэхүүний экспортын хэмжээ 2,8 дахин нэмэгдсэн үзүүлэлт аж.

Экспортын хэмжээ нэмэгдсэн байдлыг өмнөх оны мөн үетэй харьцуулж, махны төрөл тус бүрээр авч үзвэл, 2018 оны зургадугаар сарын байдлаар адууны махны экспорт 1.5 дахин их, хонины болон ямааны мах 4.3 дахин их, дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн 8.1 дахин их тус тус нэмэгджээ. Одоогийн байдлаар мах, махан бүтээгдэхүүн экспортлох зөвшөөрөлтэй 30 гаруй аж ахуйн нэгж байгаа бөгөөд сүүлийн үед дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүний экспорт нэмэгдэх төлөвтэй гэнэ. Дээрх мэдээллээс харвал махны экспорт цаашдаа нэмэгдэх нь малчдын орлогыг нэмэгдүүлэх гол эх үүсвэр болно. Харин экспортоо нэмэгдүүлэхийн тулд махыг олон улсын жишигт нийцсэн технологиор боловсруулах үйлдвэрүүдийг олшруулах шаардлагатай болно. Засгийн газраас “21:100” нэртэй хөтөлбөр хэрэгжүүлэхээр зарласан. Энэ хөтөлбөрийн хүрээнд 21 аймагт 100 хөнгөн үйлдвэр байгуулна. Төлөвлөсөн үйлдвэрүүд ашиглалтад орвол мал аж ахуйн гаралтай экспорт ойрын хоёр жилд дөрөв дахин нэмэгдэх боломжтой гэсэн тооцоо байдаг. Энэ нь манай хүн амын 30 хувийг хамардаг хөдөө аж ахуйн салбарын малчдын орлого нийслэлчүүдийн дундаж орлогоос хоёр дахин их болно гэсэн үг юм. Гэхдээ 100 үйлдвэр ашиглалтад оруулаад л малчид энэ их мөнгийг халааслахгүй. НҮБ-ын манайд төсөл хэрэгжүүлж байсан ажилтнуудын ярьж буйгаар бол монгол малын гаралтай түүхий эдийн гадаад зах зээл хангалттай бий. Дэлхийн буурай орнуудад хүнсний хомсдол нэмэгдэж байгаа, мөнгөтэй хэсэг нь эрүүл эко хүнсэнд гар татахаа больсон зэрэг нь манай малын гаралтай түүхий эдийн зах зээлд тооцогдоно. Энэ зах зээлд худалдан авах өндөр чадвартай евро бүсийн 600 сая хүн, Японы нийт иргэд, Хятад, Орос, Энэтхэгийн саятнууд хамрагдана.

НҮБ-ын мэргэжилтнүүд үзэж буйгаар монгол малын түүхий эдийг экспортод гаргахад малын эрүүл ахуй саад болоод байгаа юм биш. Малыг эрүүлжүүлэх томоохон арга хэмжээ авчихад л энэ асуудал шийдэгдэнэ. Хэдэн үйлдвэр бариад түүхий эдээ боловсруулах ч тийм хүнд асуудал биш. Хамгийн чухал нь эдийн засгийг зах зээлийн зарчмаар хөгжүүлэх. Дээр нь дэлхийн зах зээлд түүхий эдээ гаргах зөв механизмд төр биш, хувийн хэвшлийнхэн суралцах ёстой гэнэ. Японтой байгуулсан стратегийн гэрээ хэрэгжиж эхэлснээс хойш манайхаас гарах экспорт бага зэрэг нэмэгдсэн. Бараа, түүхий эдийн төрөл болон хоёр талын сонирхол, судалгаа ч нэмэгдсэн. “Яагаад экспорт ихээр нэмэгдэхгүй байна” гэсэн асуултад Японы мэргэжилтэн “Өмнөхтэй харьцуулахад нэмэгдсэн. Гэхдээ гэнэт ихээр нэмэгдэхгүй. Одоогийн жаахан гарч байгаа бүтээгдэхүүн ирээдүйд гарах их цувааны замыг нээж байгаа юм” гэж хариулж байна. Эндээс харвал манай махны экспорт өнгөрсөн жилтэй харьцуулахад гурав дахин өссөн нь ирэх жил Засгийн газрын хүсээд байгаа 100 мянган тонн мах гаргах хүсэл биелж болно.

Ирэх долоо хоногт 26 мянган малтай австрали хоньчин манайд ирж, өөрийн бизнесийн туршлагаа бидэнтэй хуваалцана. Махаа яаж боловсруулахаас эхлээд дэлхийн зах зээлд хэрхэн гаргадаг аргаа зааж өгнө. 1990-ээд оноос хойш монгол малын махыг хамгийн ихээр гаргасан тохиолдол энэ жил болох юм байна. Гэхдээ нийт малчдыг хамруулахын тулд мах боловсруулах үйлдвэрүүдийг эхний ээлжид яаралтай ашиглалтад оруулах шаардлагатайг мэргэжилтнүүд сануулж байна.

Ойрын хугацаанд сонсогдох магадлалтай бас нэг сайн мэдээ бол АНУ-ын зах зээлд хөнгөлөлттэй гаргах ноос, ноолууран бүтээгдэхүүний тухай хууль. Сүүлийн жилүүдэд Африкийн орнуудад америкууд янз бүрийн хөнгөлөлт үзүүлэх, хятадууд хөрөнгө оруулах нь эрс нэмэгдэж байгаа гэнэ. Зарим тохиолдолд АНУ-ын конгресс ямар нэг хөнгөлөлтийн хуулийг зургаан сарын дотор баталж байсан тохиолдол байдаг аж. Хэрэв монголчуудад зориулсан хууль маргааш батлагдвал бид бэлэн эсэх тухай асуулт тавигдана. Монголын мал аж ахуйгаас жилд нийтдээ 40 шахам мянган тонн хонь, тэмээний ноос, ямааны ноолуур гардаг юм байна. Энэ бүхнийг бүтээгдэхүүн болгоод америкуудад нийлүүлбэл нам, төрийг тарааж тавих гээд байгаа Оюу толгой, Таван толгойгоос илүү орлого олно. Гэхдээ мэдээж АНУ-ын конгресс дээрх хуулийг батлаад ерөнхийлөгч нь гарын үсэг зурчихаар энэ их мөнгө орж ирэхгүй. Хуулийг мөнгө болгох эсэх нь монголчуудаас л хамаарна. Өнөөдөр евро бүсэд 7200 төрлийн бараа, бүтээгдэхүүн гаргах эрх бидэнд бий. Гэтэл энэ боломжийг овойж оцойтол ашигласан тухай мэдээ дуулдахгүй арваад жилийн нүүрийг үзэж байна. Харин энэ удаад малчдын ноос, ноолуурыг дэлхийн зах зээлд гаргах алтан боломж нээгдэж байна. Өнөөгийн байдлаар ноолууран бүтээгдэхүүн дэлхийн аль ч оронд асуудалгүй гарч байна. Малчид ч ноолуураасаа чамлахааргүй орлого олж байгаа. Харин малчдын өвөл, зуны хөдөлмөр болсон 30 мянган тонн ноосны 70 хувь нь анхан шатны боловсруулалт хийгээд л маш хямдаар хятадын зах зээлд гарч байна. Засгийн газрын зүгээс ноос, ноолуур боловсруулах үйлдвэрт зээл олгох болсон гэдэг. Тэр зээл нь ноос, ноолуур хураагаад, зараад дууссан хойно нь шийдэгддэг гэнэ. Бас нэг сонин тогтолцоо нь өнөөдөр нийслэлд 20 гаруй мянган орон сууц эзэнгүй байхад нөгөө АНУ-ын том зах зээлд гарах ноос, ноолуурын үйлдвэрүүдийн ихэнх түрээсийн жижиг байраар тэнүүчилж, үйлдвэрлэл явуулдаг гэсэн мэдээ бий. Сүүлийн арваад жил эдийн засгийг солонгоруулах тухай улстөрчид амаа цуцтал ярьсан. Харамсалтай нь ярих тусам л уул уурхайн хараат болсон. Оюу толгой, Таван толгойтой бараг бүх улстөрчид ноцолдоно. Харин хөдөө аж аж ахуйг хөл дээр нь босгохын төлөө хөдөөгийн сайд л дуугардаг жишиг тогтсон. Эдийн засаг өнөөдөр солонгорох боломж гарч байгаа. Гэвч улстөрчид чимээгүйхэн суусаар. Учир нь хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнээс орж ирэх их мөнгө нь улстөрчдөд биш, малчдад очих учраас л хэн ч хөдлөхгүй байгаа бололтой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *