Categories
мэдээ нийгэм

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Увс аймгаар зочлов

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И болон бусад холбогдох яамны сайд нар наймдугаар сарын 23-25-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй. Айлчлалын хүрээнд хоёр тал албан ёсны хэлэлцээ хийж, Монгол Улс, БНХАУ-ын хооронд тогтоосон иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг тэргүүлэх салбаруудад идэвхжүүлэн гүнзгийрүүлэх, хамтын ажиллагааг эрчимжүүлэх, олон улсын болон бүс нутгийн харилцааны асуудлаар санал солилцсон байна.

Мөн айлчлалын хүрээнд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И нарын тэргүүтэй албаны хүмүүс өнөөдөр Увс аймагт очжээ. Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан Галданбошготын өргөөнд хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдийг хүлээн авч Увс аймгийн танилцуулгыг хийж ЗДТГ-ын хурлын танхимд уулзалт зохион байгуулжээ.

Уулзалтын үеэр Увс, Говь-Алтай, Баян-Өлгий, Завхан, Ховд аймгийн Засаг дарга нар мэдээлэл хийсэн байна. Мөн уулзалтын үеэр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн тулд хил, боомтын хүнд суртлыг арилгах нь чухал гэдгийг тодотгон хэллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *