Categories
мэдээ нийгэм

Бариста С. Даваасүрэн: Дэлхий дээрх бүх уух зүйлсээс хамгийн эмзэг нь кофе

Монголд төлөвшиж буй кофены соёлын талаар Бариста С. Даваасүрэнтэй ярилцлаа.

Сайн байна уу? Яагаад энэ ажлыг сонгох болсон бэ?

Талхан дээр гурил цацаад эхэлдэг талхчны тухай солонгосын цуврал кино гардаг байсан юм. Тэр киног үзээд кофены соёлын тухай төсөөлөлтэй болсон гэхэд болно. Гэхдээ миний бодсон, төсөөлснөөс бүх зүйл өөр байсан. Дөнгөж засвар хийж байх үеэс нь эхэлж ажилласан болохоор тоос шороонд дарагдсан төсөөлснөөс тэс өөр байдал угтсан. Гэхдээ кофены машинууд ажиллаж, бүх гэрэл асахад миний төсөөлсөн зүйл яг нүдний минь өмнө харагдаж байсан.

Баристагаар ажиллаж эхлэхдээ кофе уудаг, сайн чанаж чаддаг байсан уу?

Кофены соёлтой өөрөө танилцахгүйгээр хүнд кофе чанаж өгнө гэдэг нь боломжгүй зүйл. Өглөө бүр эхний хээ кофег бариста хүн өөрөө амсаж үздэг. Яг л цай чанаад давсыг нь амсаж үздэгтэй адил. Кофе уух тусам илүү чанартайг нь хайдаг болсон. Энэ нь нэг талаараа ажилдаа дурлаж, чадавхжиж байгаагийн илрэл юм болов уу гэж боддог. Би Солонгос хэлний анги төгссөн. Солонгос оюутнуудад Монгол хэл заадаг байсан. Хичээл тараад “хамт кофе ууя” гэхэд нь үгүй гэж хэлж чаддаггүй байсан болохоор хамгийн зөөлөн сүүтэй кофенд чихэр хийгээд хутгаж уудаг байсан.

Кофены соёл Монголд ямар түвшинд төлөвшиж байна вэ?

Би баристагаар ажиллаад таван жил болж байна. Анх бариста хийж эхлэх үед хүмүүс “найруулдаг кофег таван зуун төгрөгөөр гаднаас аваад уух боломжтой байхад яагаад нэг аяга кофег дөрвөөс таван мянган төгрөгөөр уух ёстой гэж” гэсэн ойлголттой байсан. Одоо харин эсрэгээрээ болсон байна. Монголчууд кофег өөрөөр хардаг болсон нь ажиглагддаг. Залуучуудын кофены хэрэглээ нэмэгдэх тусам чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөж, ном уншиж кофетой илүү ойр өнгөрөөх болсон.

Кофены, таны ажлын хамгийн сайхан зүйл нь юу вэ?

Үнэр. Өглөө ажилдаа орж ирэхэд хамгийн түрүүнд кофены үнэрээс маш их эрч хүч авдаг. Мөн өглөө бүр зөв тохируулсан шотоо хамгийн эхний үйлчлүүлэгчид өгнө гэдэг нь бариста хүний ажлын сайхан талыг мэдрүүлдэг юм шиг санагддаг. Энэ ажлыг хийдэг хүмүүс эерэг болчихдог. Учир нь гэвэл хүн бүхэнд аз жаргалыг түгээх зорилготой ажилладаг болохоор тэр байх.

Кофе бэлтгэхэд анхаарах ёстой чухал зүйл нь юу байдаг вэ?

Зөв тохируулсан кофены нунтаг байх хэрэгтэй. Бариста хүний даралт чухал байдаг. Бүх зүйл нь зөв байхаас гадна машины градус зөв тохирсон эсэх гэх мэтчилэн үе шатлал бүрдээ маш нарийн ажиллагаатай байдаг. Цэвэр мэдрэмжид суурилсан ажил.

Дэлхий дээрх бүх уух зүйлсээс хамгийн эмзэг нь кофе гэхэд болно.Яагаад гэвэл тэр кофег хаана тарьж ургуулсан, тухайн газар нутгийн хөрс шороо, уур амьсгал, кофег хэрхэн хурааж авсан, хадгалалт, тээвэрлэлт, хууралт гээд кофег чанах хүртэлх бүхий л үе шат амтанд нөлөөлдөг.

Монголд аль улсын кофег түлхүү хэрэглэдэг вэ?

Янз бүр л байдаг. Арабика, Робуста гээд кофены хоёр төрлийн сорт байдаг. Ихэнх газрууд арабика сортын кофег түлхүү сонгож хэрэглэдэг. Амт чанарыг хувьд робуста сортыг бодоход харьцангуй сайн чанарын борголууд байдаг. Арабика үрийг Бразил, Этиоп гэх мэтчилэн улсуудаас оруулж ирдэг.

Кофе хүний эрүүл мэндэд ямар нөлөөтэй байдаг вэ? Дийлэнх хүмүүс зүрхэнд муу гэсэн хэвшмэл ойлголттой байдаг.

Бүх төрлийн хүнсийг тунг нь хэтрүүлж хэрэглэвэл хор болдог гэдэг. Үүнтэй адил кофег ч мөн адил зөв цагтаа тохиромжтой хэмжээгээр уух ёстой. Хүний кофе уух тохиромжтой цаг нь өглөөний цайгаа уусны дараа ажилдаа гарахынхаа өмнө, өдрийн цайгаа уусны дараа уувал цусны эргэлтийг сайруулах, хорт хавдраас урьдчилан сэргийлэх, мартах буюу Альцгеймер өвчнөөс урьдчилан сэргийлдэг. Мөн жингээ барьж байгаа хүмүүс сахаргүй, хар кофег ууж хэрэглэвэл тустай.

Кофе гэхээсээ гадна кофе шопын интерьер дизайны шийдэл чухал санагддаг. Энэ талаар тайлбарлавал?

Европын хуучны хэв маягийг харуулсан байдаг. Мөн номын сан, кафены соёлыг хослуулсан байдлаар интерьерийнхээ шийдлийг гаргасан байдаг. Хүн байгальтай ойр байх тусамтайван тухтай мэдрэмж авдаг. Тэр утгаараа бор өнгийг голчлон уусгаж модон тавилгыг хэрэглэдэг. Бор өнгө хүнд тухтай мэрэмж төрүүлдэг гэдэг утгаараа. Хамгийн хачирхалтай нь кофе шопод явдаггүй том цагуудыг байрлуулсан нь хүмүүс “яг энэ жаргалтай цаг хугацаандаа үлчих юмсан, цаг хугацаа ингээд л зогсчихдог бол” гэж ярьдагтай холбоотой. Энэ утга санааг агуулж ийм цагийг байрлуулсан байдаг.

Б.ОДГЭРЭЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *