Categories
мэдээ нийгэм

ҮБХИС-ийн ажил байдалтай танилцлаа

ХСИС дээр ажилласны дараа ажлын хэсэг ҮБХИС дээр ажиллаа. Үүний дараа ҮБХИС-ийн ажил байдалтай танилцсан юм. Тус сургуулийн хувьд энэ оны долдугаар сард элсэлтээ авч дууссан бөгөөд нийслэл болон Дархан-Уул, Орхон, Төв, Говьсүмбэр, Хэнтий, Дорноговь, Сэлэнгэ аймаг, Багануур дүүрэгт цахим хэлбэрээр бүртгэл явуулжээ. Элсэн орогчид цэргийн бэлтгэл хийх хээрийн ангид суралцаж байгаа бөгөөд хичээлийн шинэ жил эхлэх үед ирэх юм байна. Оюутан, сонсогчдыг хүлээн авах хичээлийн байрууд тохилог, суралцах орчин нь бүрдсэн гэлээ. Мөн өвөлжилтийн бэлтгэлээ ч сайтар хангажээ.

ҮБХИС-ийн хувьд 10 жилийн сургалтаас авахуулаад докторын сургалт явуулдаг улсдаа цор ганц гэж хэлж болох батлан хамгаалах чиглэлийн сургууль юм. Тус сургуулийн хашаанд байрлах “Тэмүүжин өрлөг” дунд сургууль нь арван жилийн боловсрол олгодог. Тус сургуулийг төгсөгчдөөс тодорхой тооны сурагчдыг дөрвөн жилийн сургалттай их сургуулийн ангидаа элсүүлэн авдгийг захирал П.Жаргалан хэллээ. Мөн тус сургууль 2030 он хүртэлх Хөгжлийн стратегийн замаа зураглаж, олон улсын зэрэглэлд нийцсэн сургалттай, боловсон хүчний чадавхитай болох зорилго тавьсан байна. Өнөөдрийн байдлаар 10 гаруй оронтой гадаад харилцаа тогтоож, хамтын ажиллагаатай болсноор суралцагчдаа солилцох, гадаадад багш нараа чадавхижуулж мэдлэг дээшлүүлэх чиглэлээр ажиллаж байгаа нь сайшаалтай аж.

ҮБХИС-ийн дэргэд 150 ортой цэцэрлэг баригдана

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа “Та бүхний хийж байгаа ажилд талархал илэрхийлж байна. Хэдий цэргийн сургууль ч гэлээ дээд боловсрол олгодог учир заавал стандарт хангах ёстой. Та бүхэн ч үүнийг сайн хангаж яваа. Залуус цэрэгт явахгүй зугтах болсон энэ цагт “Оюутан цэрэг” хөтөлбөрийг амжилттай зохион байгуулж байгаа нь сайшаалтай хэрэг. Үүнийг хэрэгжүүлснээр залуучууд маань эх орноо хайрлах, хамгаалах, бие хүн болон төлөвших том алхам болж чадлаа” гэж онцолсон юм. Үүнээс гадна зөвхөн онолд суурилсан хичээлээс зайлсхийж практик голлосон арга барил хэрэгжүүлж байгаа нь ажлын хэсгийнхэнд их таашаагдлаа.

Тус сургуулийн багш нарын зүгээс салбарын сайдад хүүхдийн цэцэрлэг шийдэж өгөхийг хэлж, хэрвээ хөрөнгө мөнгөний асуудлыг шийдвэл газрын асуудлыг сургуулийн хэрэгцээний тойрогт гаргаж болно гэсний дагуу сайд 150 хүүхдийн ортой цэцэрлэгийн төсөв хөрөнгийг дараа жилийн төсөвт суулгаж өгөхөөр боллоо. Энэ нь, багш нарын нийгмийн асуудлыг шийдэж буй нэг томоохон алхам юм.

Үүнээс гадна салбарын сайд сургуулиудын удирдлага багш нар сонсогч, оюутнуудтайгаа хамтран ямар нэгэн төсөл хэрэгжүүлж, гарааны компани байгуулан ажиллавал дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *