Categories
мэдээ нийгэм

Г.Занданшатар: Сүүлийн арваад жил төрийн албаны сахилга бат ихээр алдагдсан

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр яамдад хийсэн төрийн албаны гэнэтийн шалгалтын талаар мэдээлэл хийлээ. Тэрээр мэдээллийн эхэнд “Төрийн албанд сахилга хариуцлага, нэг журмыг чангатгах тухай Засгийн газрын тогтоол гаргасан байдаг. Яамдад өгсөн уг үүрэг даалгаврыг биелэлтийг ЗГХЭГ-аас шалгалаа. Шалгалтад 13 яам, Нийслэлийн төрийн захиргааны байгууллагууд, төрийн тусгай хамгаалалттай газрууд, агентлаг, төрийн өмчит үйлдвэрийн газруудад хийгдсэн болно.

Ер нь сүүлийн арваад жил төрийн албаны сахилга бат ихээр алдагдсан. Үүнтэй холбоотой Засгийн газраас холбогдох хууль, тогтоомжуудыг өөрчлөхөөс гадна дотоод журмуудыг шинэчилж байгаа юм. Төрийн үйлчилгээг ард түмэнд үзүүлэх үүрэг хүлээж буй дунд шатны албан хаагчид ихээхэн харилцааны асуудалтай, омгорхуу, дээрэлхүү байна гэж олон нийт шүүмжилдэг. Төрийн албан хаагчид бол ард түмэнд үйлчлэх ёстой зарц. Цаашид сар бүр аймаг, орон нутгийн төрийн албанд гэнэтийн шалгалт хийж байх, яамд агентлагуудад хариуцлагыг чангатгах ээлж дараатай ажлуудыг хийж явах болно” гэж тодотгов.

Мөн тэрээр “Бид үлгэр жишээ үзүүлэх үүднээс Төрийн ордны сахилга батыг сайжруулах чиглэлд хатуу анхаарна. Сая бид яамдад шалгалт хийж, 829 өрөөг шалгахад архи дарс гарч ирсэн тохиолдол илэрсэн. Одоо хяналтын камер ажиллуулах, иргэдийн мэдээлэлд үндэслэн шалгалт хийх асуудал дээр түлхүү анхаарна. Төрийн албыг чадавхжуулах ажлыг энэ ондоо багтаан, нэг мөр шийдэн ажиллана” гэв. Мэдээллийн үеэр сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өглөө.

-Шалгалтын үеэр Гадаад харилцааны яамны төрийн нарийн албан өрөөндөө согтуу байсан гэх мэдээлэл үнэн үү?

-Албан өрөөндөө согтуурсан байдалтай байгаа албан хаагч илэрвэл шууд хариуцлага тооцох үүрэг өгөгдсөн байсан. Гэхдээ шалгалтаар ийм төрлийн зөрчил үүсээгүй. Архи, согтууруулах ундаа илэрсэн төрийн байгууллагуудын зүгээс ууж хэрэглээгүй, зөвхөн хадгалсан байсан. Хөдөө орон нутаг руу явуулах гэж байсан, бэлэг дурсгалын зүйл зэргээр янз бүрийн тайлбар хийсэн байна лээ.

-Төрийг байгууллагуудаас тэсэрч дэлбэрэх бодис илэрсэн үү?

-Соёл урлагийн газарт сальют, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд шатахуун илэрсэн. Мэргэжлийн онцлогоос нь хамаарсан, шалгахаар ирүүлсэн бүтээгдэхүүний дээж гэсэн тайлбар өгсөн байгаа. Цаашид төрийн албаны байгууллагад тэсэрч, дэлбэрэх бодис оруулах асуудлыг хатуу хориглоно.

-Шалгалтын явцад илэрсэн зөрчлүүдэд яг ямар хариуцлага хүлээлгэх вэ?

-Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжийн хүрээнд архи илэрсэн тохиолдолд ямар хариуцлага ногдуулах заалт илрээгүй.

-Гэнэтийн шалгалтыг хүний эрх зөрчсөн гэж дүгнэж буй албан хаагчид байсан?

-Зарим төрийн албан хаагчид бидний явуулсан гэнэтийн шалгалтыг хүний эрхэнд халдлаа гэж дүгнэсэн. Энэ нь гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлсэн үйлдэл гэдгийг ойлгох хэрэгтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *