Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”-ыг хэрэгжүүлэх үүднээс хүн амын дунд зонхилон тохиолдож буй Элэгний өвчин эмгэгийн эрсдэлт хүчин зүйлс, өвчний эрт үеийн илрүүлэг, оношилгоо, шинжилгээ, хяналт, тандалтыг сайжруулах, олон нийтэд энэхүү өвчнөөс урьдчилан сэргийлэх, сурталчилах таниулах зорилгоор Засгийн газрын 2017 оны 112 дугаар тогтоолоор баталсан “ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ” үндэсний хөтөлбөрийн хоёр дахь шатны үйл ажиллагааг эхлүүлсэн.
Улсын хэмжээнд одоогийн байдлаар нийт 353445 хүн илрүүлэг шинжилгээнд хамрагдаад байгаа бөгөөд энэ нь хамрагдвал зохих хүн амын 47.1 хувийг эзэлж байна.
Иргэдэд ээлтэй, чанартай үйл ажиллагааг зохион байгуулах зорилгоор үндэсний хөтөлбөрийн II шатанд хепатитын В, С вирүсийн хурдавчилсан оношлуурын үнэлгээг ЭМЯ, НЭМГ, ЭМХТ, ХӨСҮТ, ЦССҮТ, АШУҮИС-ийн хамтарсан баг ДЭМБ-ын аргачлалаар, Австралийн Үндэсний Лавлагаа Лабораторийн хяналтын сорьцыг ашиглан явуулж, чанарын шаардлага хангасан оношлууруудыг ашиглах боломжтой болсон юм.
ДЭМБ-ын санхүүжилтээр зохион байгуулж буй сургагч багш бэлтгэх уг сургалтаар дамжуулан лабораторийн мэргэжилтнүүдийг чадавхижуулах, хөтөлбөрийн зохицуулагч нэгжийг лабораторийн оношилгооны мэдлэг, мэдээллээр хангах таатай нөхцөл бүрдэж байна хэмээн албаныхан онцолж байна. Энэ нь ЭМЯ-ны бодлого алслагдсан бүс нутгийн эрүүл мэндийн байгууллагад хэрэгжих, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ иргэдэд хүртээмжтэй хүрэх нөхцөлийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой аж.
Сургалтыг ЭМЯ-ны Эм, үйлдвэрлэл, технологийн газрын дарга Д.Оюунчимэг болон Лабораторийн мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн АУ-ы доктор, профессор Н.Мөнхтүвшин, ЛМСЗ-ийн дарга Анагаах ухааны доктор, дэд профессор С.Чимидцэрэн, ЭМЯ-ны Эм, үйлдвэрлэл, технологийн газрын мэргэжилтэн М.Долгион нар хурлыг удирдан явуулжээ.