Хавдар судлалын үндэсний төвийн захирал Ж.Чинбүрэн тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 14-ний өдөр МУИС-д зочилж, эхлээд Биоорганик хими-Фармакогнозын лабораторид хийгдэж буй Монгол орны ургамал, эндофит микроорганизмын биологийн идэвхт нэгдлийн судалгаатай танилцжээ. Тус лабораторид одоогоор бэлэн байгаа 250 орчим зүйл ургамлын ханд, 3000 орчим зүйл эндофит актиномицетийн омог болон цэврээр ялган авсан нэгдлүүд дээр хавдрын эсрэг идэвхийн скрининг судалгааг хамтран явуулахаар болсон байна.
Мөн Генийн инженерчлэлийн лабораторид хийгдэж буй судалгаа болон одоогоор 22 шугаман эс бүхий хавдрын эсийн банктай танилцаж, тус санг цаашид Монгол хүнээс ялган авсан хавдрын эсээр баяжуулах судалгааг хамтран хийхээр тохиролцжээ.
МУИС дээр хийгдэж буй судалгааны ажилтай танилцсаны дараа Хавдар судлалын үндэсний төвийн төлөөлөгчдийг МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар хүлээн авч уулзан, цаашдын хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцсон юм. Хоёр тал хамтарсан ажлын хэсэг байгуулж, ирэх 10 дугаар сарын 1-ний дотор хамтын ажиллагааны гэрээ байгуулах, лаборатори, судлаачдын түвшинд хамтарсан судалгааг албан ёсоор эхлүүлэхээр тохиролцлоо.