Баян-Өлгий аймгийн хадлангийн бүс нутгууд болох Ногооннуур, Цэнгэл сумдад өвсний үнэ өсч, нэг Зил-130 машин өвс 400-450 мянган төгрөгт хүрээд байна.
Өнгөрсөн оны мөн үед дээрх хэмжээний өвс 250-300 мянган төгрөгөөр борлогдож байсан юм.
Иргэдийн тайлбарласнаар үнэ өсөхөд өнгөрсөн өвөл өвөлжилт хүндэрсэн үед өссөн өвс, тэжээлийн үнэ дахиж буугаагүй, уулын хадлангийн гарц тааруу, бензин шатахууны үнэ нэмэгдсэн зэрэг хүчин зүйлс нөлөөлжээ. Мөн өвөлжилт, хаваржилт хүндэрсэн үед улсаас хэдэн боодол өндөр өртөгтэй, чанар муу өвс өгөх биш, хадлан бэлтгэх үед хөнгөлөлттэй зээл олгох, сүүлийн үед иргэд олноор хэрэглэж эхэлсэн бага оврын өвс хадах машины импортын татварыг тэглэх, шинээр хадлангийн талбай бий болгох зэргээр дэмжлэг үзүүлвэл илүү үр дүнтэй болохыг тэрээр хэлж байна.
Дашрамд дурдахад, энэ жил Баян-Өлгий аймгийн хэмжээнд 62,8 мянган тонн хадлан бэлтгэх төлөвлөгөөтэйгөөс одоогийн байдлаар 15 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа аж.