Ойрын өдрүүдэд усархаг бороо орсны улмаас нийслэлийн авто замуудад эвдрэл үүсээд байна. Нийслэлийн авто замын хөгжлийн газрын судалгаагаар энэ зун авто замд 10 мянган метр квадрат нүхэн эвдрэл үүссэн аж. Үерийн улмаас эвдрэл үүссэн авто замуудад нөхцөл байдал ямар байгааг бид сурвалжиллаа.
Дарь эхийн зам эвдэрсэн нь иргэдийн буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй гэв
Нийслэлийн хэмжээнд ноцтой нүхэн эвдрэл үүссэн газар нь Дарь-Эхийн уулзвараас, Монелийн уулзвар хүртэлх авто зам юм. Дарь-Эхийн дундын буудал орчимд биднийг очиход хэд хоногийн өмнө орсон борооны улмаас үүссэн ус авто зам дээгүүр урссаар байв. Энэ хавийн замд завсар зайгүй нүхэн эвдрэл үүсчээ. Борооны ус замын нүхийг бүрхэж урсч байгаа учраас жолооч нарт хүндрэлтэй байв. Зарим автомашинууд замын нүхнээс гарч чадахгүй гацсанаар түгжрэл үүсгэж байв. Жолоочдын ярьж байгаагаар Дарь-Эхийн замаас Станцын буудал хүртэл хоёроос гурван минут явдаг байжээ. Харин одоо 30 орчим минут түгжирдэг болсон гэнэ.
Энэ талаар Нийслэлийн авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра “Дарь- Эхийн уулзвараас Монелийн уулзвар хүртэл гадна тойруугийн гурав дөрөвдүгээр хэсгийн замыг энэ жил тавьсан. Гадна тойруугийн гуравдугаар хэсгийн зам, Дарь-Эхийн замтай холбогдох нэг километр орчим зам бол 2012 онд ашиглалтад орсон. Уг өндөр насжилттай авто замын хажуугаар иргэд, аж ахуйн нэгжүүд дугуй засвар, хүнсний дэлгүүр байгуулчихсан. Тиймээс тэр хавийн ус зайлуулах жалгууд шороогоор дүүрч үерийн ус зам руугаа орж эвдрэл үүсгээд байна” гэж тайлбарлав. Нийслэлээс явуулж буй зам засварын ажлууд сүүлийн өдрүүдэд орсон хүчтэй аадар борооны улмаас зогсоод байгаа гэнэ. Энэ жил сүүлийн 40 жил тохиолдоогүй их хэмжээний бороо оржээ. Үүний улмаас ихэнхдээ насжилт өндөртэй замууд эвдэрчээ. Нийслэлийн авто зам хөгжлийн газраас тэдгээр замд гарсан нүхэн эвдрэлийг хайрга дайргаар бөглөж, дүүргэлт хийж байгаа гэнэ. Гэвч энэ ажил нь бороо орсны улмаас урсаж алга болчихоод байгаа аж. Дарь-Эхийн орчим такси үйлчилгээ эрхэлдэг жолооч Д.Баттулга “Зам дээрх нүхэн эвдрэлд машинууд орж гацсанаар түгжрээ үүсээд байгаад сэтгэл дундуур байна. Удахгүй сургууль орж, хүмүүс зуслангаасаа ирнэ. Тэрнээс өмнө нийслэлийн зүгээс энэ хэсгийн замыг нөхөх арга хэмжээ авахгүй бол хэцүүднэ. Ил байгаа нүхийг тойроод гарч болж байгаа. Харин үерийн усан доор байгаа нүхийг харах боломжгүй. Тиймээс урдах машинаа харж байгаад аль болох гайгүй замыг нь харж гарч байгаа. Энэ нүхнүүд машинд их халтай юм. Саяхан би нүхээр гарч байгаад машиныхаа буферийг эвдэлчихсэн. Монелын зам үүнээс дутахгүй муудчихсан байна лээ” гэсэн юм.Дарь-Эхийн орчимд үүссэн нөхцөл байдал иргэдийн буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй гэж Нийслэлийн авто замын газрын мэргэжилтнүүд үзэж байгаа юм. Авто замуудын эвдрэлийн шалтгааныг Мэргэжлийн хяналт, ОБЕГ, Газрын алба, НАЗХГ-ын хамтарсан баг судалж үзсэн аж. Нийслэлийн өндөрлөг газраас урсаж буй ус доош урсахдаа жалга, ус зайлуулах хоолой, шуудуугаар дамжин голын устай нийлдэг байна. Гэвч иргэд үерийн ус зайлуулах байгууламжуудыг шороогоор хааж, тагтаршуулж байшин, барилга барин нөхцөл байдлыг хүндрүүлж байгаа гэж тэд тайлбарлав. Ийнхүү үерийн ус гол руу биш зам руу урсаж байгаа аж. Улмаар борооны усанд авто замууд эвдэрсээр байна.
Тухайлбал, Монелийн уулзварт дөрвөн ус зайлуулах хоолой байдаг аж. Гэвч тэнд нь иргэд дугуй, кузов засвар байгуулан ажилласан байна. Үүний улмаас Монелийн уулзварын авто замын эвдрэл нэмэгджээ. Улмаар тус газар үйл ажиллагаа явуулж байсан байгууламжийг албадан буулгасан аж. Түүнчлэн Нийслэлийн Газрын албанаас жалга, шуудууг таглаж буусан айлуудыг албадан буулгах ажиллагааг зохион байгуулсан байна. Зарим мэргэжилтнүүд Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын ажил нь зам эвдрэх гол шалтгааныг үүсгэдэг гэсэн юм.
Тодруулбал, барилга барьж байгаа компаниуд тээвэрлэж байгаа бараа материалынхаа нэг дугуйн дээр ирэх жин даацаа хэтрүүлж 40 тонн, 60 тонн, 80 тоннын тээвэр хийснээс болоод өндөр насжилттай авто замуудад эвдрэл их үүсч байна гэв.
Замын цагдаагийн гүүрэн гарцын барилгын ажил 30 хувьтай үргэлжилж байна
Өнгөрсөн сарын дундуур Их сургуулийн гудамж, Герман элчингийн уулзвараас Хүнсний дөрөвдүгээр дэлгүүрийн уулзвар хүртэлх зорчих хэсгийн хоёр эгнээг дулааны шугам өргөтгөх, шинэчлэх зорилгоор хаасан. Энэхүү ажил дуусч одоогоор зам нээгдээд байгаа юм.
Гэвч дулааны шугамыг засах явцад замын баруун эгнээний асфальтыг хуулсан байна. Энэ талаар албаны хүмүүс “Тэр замыг засах гэхээр бороо зогсохгүй ороод байна. Зам засварын технологийн хувьд ч энэ нь боломжгүй юм. Норсон замыг хучиж болдоггүй шүү дээ. Ямар нэг ажил хийвэл үргүй зардал болсонтой ялгаагүй.
Байгалийн давагдашгүй хүчин зүйлийг хүлээгээд суухаас өөр арга байхгүй” гэлээ. Бид Их сургуулийн гудамжийн урд зам дээр очлоо. Тус замын нэг талын эгнээ асфальтгүй, дан хайрга учраас машинууд урсгал сөрөн хоорондоо мөргөлдөх шахан зөрнө. Тэнд нэг машин замын хажууд зогссон харагдана. Хайрга тойрч яваад замын хашилт мөргөн дугуйгаа хагалжээ. Аюул үүсэх эрсдэлтэй замуудыг хэзээ засах талаар Нийслэлийн авто зам хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра “Наймдугаар сарын 15 гэхэд авто замуудад борооны улмаас үүссэн бүх эвдрэлийг засна” гэж хэллээ.
Түүнээс авто замын бүтээн байгуулалтуудын талаар тодруулахад “Замын цагдаагийн гүүрэн гарцын шугам, сүлжээ, өрмийн ажлууд хийгдээд явж байна. Ирэх арваннэгдүгээр сар гэхэд үндсэн 96 тулгуур баганаа дан нурууртай нь суурилуулж дуусна. Тус ажил төлөвлөгөөний дагуу явж байна. Замын цагдаагийн гүүрэн гарц одоогоор 30 хувьтай байгаа. Төлөвлөсөн хугацааны дагуу ирэх жил дуусч ашиглалтад орно. Үргэлжилсэн бороо арав гаруй хоног орж буй энэ үед барилгын ажил зогсохоос өөр арга байхгүй.
Түүнчлэн Баянзүрх дүүргийн VI хороо Сэлбэ гол дээгүүр түр гүүр тавьсан. Энэ нь Натурын замын ачааллыг бууруулж байгаа. Сонсголонгийн гүүрний барилгын ажил эд явагдаж байна. Яармагийн гүүрний үндсэн гүүр нь хөдөлгөөнөө нэвтрүүлж эхэлсэн. Арваннэгдүгээр сард үлдсэн дөрвөн гүүрийг нь ашиглалтад оруулна.
Мөн Улаанбаатар хотын дулааны төв шугамд хийгдэх засварын ажил болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийх ажлууд нь батлагдсан графикийн дагуу хийгдэж байна” гэлээ.