Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​Амиа алдсан 17 настай хүүгийн ар гэрийнхнээс уучлал хүслээ

Хан-Уул дүүргийн XI хороонд “Хурд” группийн захиалгаар баригдаж буй “Хүннү” хорооллын барилгын талбайд ажиллаж байсан 17 настай хүү амиа алдсан хэрэг энэ сарын 08-ны 19:22 цагт гарсан юм. Амиа алдсан “У” нь тус барилгын туслах ажилтан хийгээд дөнгөж сар гарны хугацаа өнгөрч байжээ. Түүний үхлийн шалтгаан нь чингэлэг зөөх явцад өргөгч краны тросс тасарч толгойн тус газраа цохиулансантай холбоотой аж. Дээрх хэрэгтэй холбогдуулан “Хурд” группийн барилгын ажлын туслан гүйцэтгэгч компаниудын захирлууд, ажилчид иргэдэд мэдээлэл хийлээ.

“Ай Цай” ХХК-ийн захирал Х.Доржготов “Энэ сарын 8-ны өдөр аж ахуйн хашаанд гарсан ослын улмаас эрдэнэт хүний амь нас харамсалтайгаар эндсэнд гүнээ харамсаж байгаа бөгөөд талийгаач хүүгийн ар гэрийнхнээс гүн эмгэнэл илэрхийлье” хэмээн хүрэлцэн ирсэн 30 гаруй төлөөлөгчид суудлаасаа болсч, толгой бөхийлгөв.

Амиа алдсан 17 настай хүүгийн ажиллаж байсан “Түмэн Дэлгэр Далай” ХХК захирал Н.Батхишигээс энэ талаар тодрууллаа.

-Талийгаач хүү өөр хүний ажил хийж байгаад амиа алдсан гэх яриа гарсан?

-Өөр хүний ажил хийж байгаагүй. Хүү барилгын ажил, бараа материалыг эмхэлж, цэгцэлдэг ажил хийдэг байсан. Үүнийгээ хийж байх үед нь золгүй осол болсон. Энэ талаар шүүх цагдаагийн байгууллагад нэг бүрчлэн мэдээлэл өгсөн. Хэрэг барилгын ажлын талбайд биш байгууллагын хашаанд гарсан юм шүү.

-17 настай хүүхэд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлгүй шүү дээ. Насанд хүрээгүй хүүхдийг яагаад ажилд авсан юм бэ?

-Талийгаач хүү анх манай компанид таньдаг хүнээрээ дамжуулан ажилд орж ирсэн. 17 настай гэдгийг нь манай компанийн хүний нөөцийнхөн анзаараагүй, шууд ажилд авсан.

-Энэ хэрэгт холбогдуулан компани ёс зүйн хариуцлага хүлээнэ гэж байна. Эрхээ цуцлуулах уу, туслан гүйцэтгэгч байхаа болих уу?

-Мэдээж Мэргэжлийн хяналтын газраас холбогдох хяналт, шалгалтыг хийнэ. Харин Ёс зүйн хариуцлага хүлээнэ гэдэг нь манай компани захиалагч тал болон амиа алдсан хүүгийн гэр бүлийнхнээс уучлалт гуйхыг хэлж байгаа юм.

“Шинэ мөнх дөл” ХХК-ийн Б.Баттөр “2013 онд манай барилгын талбайд гэнэтийн осол болж кранд цохиулан хүн гэмтэж байсан тохиолдол гарсан. Ноцтой осол байсан учраас тэр ондоо хэрэг үүсгэн, хэрэг нь шийдэгдэж манай байгууллага болон миний бие хуулийн хариуцлага хүлээсэн. Ийм төрлийн осолд захиалагч тал бус туслан гүйцэтгэгч тал буруутай байдаг юм. Мөн саяхан гарсан осолд ч гэсэн захиалагч тал болох “Хурд” групп бус туслан гүйцэтгэгч тал үүрэг хүлээн ажиллаж байсан компани хариуцлага хүлээнэ” гэв.

“Ам цай” ХХК-ын захирал Х.Доржготов “Барилгын салбар алхам тутамдаа ажилчдаасаа өндөр үүрэг хариуцлага, анхаарал, болгоомж шаардаж байдаг. Бид эрсдэл гаргахгүй байхын төлөө бүх зүйлээ зориулан ажилладаг. Тухайн ажлын байранд гарч байгаа осол эндэгдлийг хариуцан гүйцэтгэж буй тал хариуцдаг тул зохих үүргийг хүлээдэг. Манай компани 2015 онд “Нарийн хороолол-2” төслийн дээврийн ус тусгаарлалтын ажлыг хийж гүйцэтгэсэн. Энэ үед тус хорооллын 19-р байранд компанийн кранист хөдөлмөрийн аюулгүй байдлын инженерийн зөвшөөрөлгүй кран ажиллуулснаас болж, турба унагаж, доор ажиллаж байсан ажилчныг цохиж гэмтээж байсан. Эдгээр ослууд нь ажил гүйцэтгэгч компаниудын хооронд буюу бие даасан хуулийн этгээдүүдийн хооронд үүссэн ослууд юм” гэлээ.

2012-2017 оны хооронд үйлдвэрлэлийн 1058 осол гарч, 1088 хүн өртсөн байдаг. Харин зөвхөн 2017 онд л гэхэд барилгын салбарт 13 осол гарч, 10 хүний эрдэнэт амь эндэж байсан аж.

З.МӨНХСУВД

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *