– Хоёр шугамтатахасуудлыг шийдчихвэл зуу гаруй уурын зуухны утаа алга болно-
Амгалан дулааны станц ХХК-ийн Тэргүүн дэд захирал бөгөөд ерөнхий инженер Ч.Цогтсайхантай ярилцлаа.
-Амгалангийн станцын засварын ажил ямар шатандаа явж байна. Хэвийн ажиллагаанд саад болж байгаа шалтгаанууд байгаа гэсэн. Яг ямар бэрхшээл байна?
-Засварын ажил маань 80 гаруй хувийн гүйцэтгэлтэй явж байна. Ирэх сарын 20-нд ажлаа эхлүүлэх төлөвлөгөө гарсан. Хугацаандаа амжина. Одоо нэг хүндрэл байна. Бороо хур ихсэхээр ус зайлуулах суваг ажилд ороогүйтэй холбоотойгоор асуудал үүсч байна. Борооны улирал эхэлсэн үед санхүүжилтийг олгосон учраас ажилд ороогүй юм билээ. “Ар дааган” компани уг ажлыг хариуцаж байгаа. Манай станцын тухайд сая их хэмжээний бороо орсны улмаас үерийн ус их хэмжээгээр орж ирсэн. Үүнээс болж хөрсний ус хальж орж ирж байна л даа. Ингэхээр дор байгаа хөдөлгүүрүүд усанд автах зэрэг маш ноцтой байдал үүсч байна. Өөрсдөө нассос тавиад өөрсдийн чадлын хэмжээнд үерээс түр хамгаалалт хийгээд явж байгаа. Өөр асуудал гэвэл долоон айл газраа чөлөөлөхгүй байгаагаас болж үеийн ус нь манайх руу орж ирээд байна. Өвөл манай газраас хөрсний ус бага зэрэг шүүрдэг. Мөн хүйтний улиралд халиад гарч ирдэг. Энэ талаар холбогдох газруудад нь хандсан. Одоогоор шийдсэн зүйл алга л байна. Шивээ-Овоогийн нүүрсэн дээр тулгуурлаж манай үйл ажиллагаа явдаг. Шивээ-Овоогийн нүүрс 40 гаруй хувийн чийглэгтэй ирдэг юм. Ийм шалтгаанаар өвлийн цагт вагонд наалдчихдаг. Хөмрөх гэхээр салж өгдөггүй асуудал бий. Тэгэхээр нэн яаралтай вагон гэсгээгч хийлгэх ёстой. Ингэхээс аргагүй.
-Оргил ачааллын үеэр хоногт хичнээн тонн нүүрс хэрэглэдэг вэ?
-Оргил ачааллын үед 1600 гаруй тонн нүүрс хэрэг Станцын хүчин чадал яг одоо ямар байна?
-Одоо манай станцын хүчин чадал 300 гега калори цаг.
-Хэдэн айлыг хангах хүчин чадал вэ?
-Орон сууцаар бодоход 50 мянган айлыг халаана.
-Яг аль хэсгийн айлуудыг хангаж байна вэ?
-Зүүн дөрвөн замаас урагш яваад Халдварт өвчин судлал, Бөхийн өргөөний орчмын 13 дугаар хороолол, Замын цагдаагийн газрын зүүн талын хороолол, зүүн тийших бүх хэрэглэгчийг дулаанаар хангаж байна. Бүр тодруулж хэлбэл Жуковын музейн эргэн тойрон, хойшоогоо Кино үйлдвэр, урагшаагаа 14 дүгээр хороолол, ахмадын хороолол, ХӨСҮТ, захын орчмын байрууд , наашлаад Баянзүрх орчим, ШУА-ийн хавь тэр чигээрээ хамрагдана.
-Амгалангийн станц хүчин чадлынхаа хичнээн хувийг ашиглаж байгаа бол?
-Өнгөрсөн өвөл хүчин чадлынхаа 51 орчим хувийг ашигласан. Жилээс жилд ачааллаа нэмээд байгаа. 2015-2016 онд суурилагдсан хүчнийхээ 20.23 хувийг ашиглаж байсан. 2016-2017 онд 34 хувийг нь ашигласан. 2017-2018 оны хувьд 34.6 хувийг ашигласан. Өвлийн арванхоёр, нэгдүгээр саруудад нь 49.2-55 хувийн суурилагдсан хүчин чадлаар ажиллаж байсан.
-Танайд нөөц байгаа гэж ойлголоо. Компаниуд товчихон барилга барьчихаад танайхаас дулаан авъя гэвэл зөвшөөрөх үү?
-Уухайн тас зөвшөөрнө. Гэвч зөвшөөрөл өгдөг газар нь “Улаанбаатар дулааны сүлжээ” компани. Харамсалтай нь шугам хоолойн нөхцөл байдлаа сайжруулаагүй учраас хүссэн бүхэнд зөвшөөрөл өгөх боломжгүй. Энэ мэт хүндрэлүүд анзаарагддаг. Үүнийгээ үе шаттайгаар хийж дууссаны дараа асуудал нааштайгаар шийдэгдэх байх.
-Шугам хоолой нь асуудалтай учраас л дулаан өгч чадахгүй байгаа юм байна гэж ойлголоо. Тэгвэл яг одоо танайтай холбоотой ямар нэг хүндрэл байна уу?
-Нэг хүндрэл гардаг. Арав, арваннэг, арванхоёр гээд дөрөвдүгээр сар хүртэл ажилладаг. Энэ саруудынхаа төлөвлөгөөг гаргахдаа тухайн сард хичнээн калорийн ачаалал өгөхөө нарийн тооцдог. Тэгж байж төлөвлөлтөө хийдэг. Тэрэн дээрээ суулгаад сар бүрийн ТЭЗҮ-ээ боловсруулж гаргадаг. Үүн дээр тулгуурлаж борлуулалтын орлого орж ирнэ. Ингэж төлөвлөөд ажиллахаар цаг агаарын дулаарал, хэрэглэгч, дулаан шугам сүлжээ гэх мэт шалтгаануудаар борлуулалтын орлого буурчихдаг. Олно гэсэн орлого тасарчихаар нүүрснээс эхлээд өрийн сүлжээ үүсдэг. Өгдөг дулаанаа өгөөд явдаг бол алдагдалд орохгүй л дээ.
-Дулааныхаа үнийг гаргасан хэмжээгээрээ авч чадвал ямар ч алдагдалгүй ажиллах боломжтой гэсэн үг үү?
-Яг тийм. Эрчим хүчний зохицуулах хороо манай үнэ тарифыг хатуу баталж өгдөг. Гэтэл борлуулалтаас болоод хөдөлдөг гэсэн үг. Дулааны ачаалал ихэсвэл бидэнд ашигтай. Тарифаа ч бууруулах боломж бий.
-Дулаан авах шаардлагатай хэрнээ авч чадаагүй байгаа барилгын судалгааг танайхаас хийдэг үү?
-Тийм барилга зөндөө бий. Түрүүн ярьсан шугам хоолойны асуудал бэрхшээл болдог.
-Үүн дээр гарц шийдэл хаймаар юм байна даа?
– Тумбаашаас Шархад хүртэлх газрыг Доржийн гудамж гэдэг юм. Энэ гудамжны хойд талд баригдаж байгаа бүх барилга төвлөрсөн шугамд холбогдмоор байна гэдэг. Харамсалтай нь шугам сүлжээ байхгүй. Энэ талаар нийслэлийнхэнтэй уулзаад эхний ээлжинд трансаа баталгаажуулаад хийх нь зүйтэй гэсэн шийдэлд хүрсэн. Амгалан дулааны станцаас хойш 700-гийн шугам гэж гаргаад Шархадны захын урд талын Техникийн захын уулзварт хүргэнгүүтээ ертөнцийн зүгээр баруун тийш эргүүлнэ. Тэгээд замынхаа хойд талаар явуулсаар байгаад Тумбаашийн тийш холбогдож байгаа юм. Тэгвэл тэр хавийн айлууд бүгд холбогдоно.
-Зургаа гаргасан гэж ойлгож болох нь ээ?
-Ерөнхий төсөөллөө, төслөө өгсөн.
-Та нарын наад санааг хэн баталгаажуулах вэ?
-Хотын ерөнхий төлөвлөгөөний дэд бүтцийн хэлтэс, хүрээлэнгийн улс идэвхтэй ажиллаж байгаа.
-Өөр ямар асуудал байна?
-Манай станцын ойролцоо дулаанд холбогдоогүй турк сургууль байна. Энэ сургууль өөрөө зуухтай. Хажууд нь дулааны станц ажиллаж байхад нам даралтын зуух ашигладаг. Дулаан авах зөвшөөрлийг нь бид өгөхгүй гэж өмнө хэлсэн. Энд нэг буруу тогтолцоо ажиглагдаад байгаа биз. Техникийн нөхцөл тусгай зөвшөөрөл олгодог ажлыг төрийн захиргааны байгууллага өгдөг. Аж ахуйн үйл ажиллагаа явуулдаг газрууд огт өгөх ёсгүй. Тогтолцоо нь тийм байх ёстой. Гэтэл манайд цахилгаан, дулаан түгээдэг газрууд нь дулааны зөвшөөрөл өгөөд байна л даа. Ерөнхий төлөвлөгөө гэдэг чинь хотын үндсэн хууль. Ерөнхий төлөвлөгөөгөөр энэ барилгуудыг барина гэчихсэн бол элдэв зөвшөөрлийг нь үг дуугүй өгөх хэрэгтэй. Чадахгүй бол ажлаа өгөх хэрэгтэй.
-Хоёр шугам татах тухай асуудал яригдаж байгаа юм байна. Энэ хоёр шугамыг татчих юм бол 100 гаруй уурын зуух алга болно гэж ойлголоо. Зөв үү?
-Та зөв ойлгосон байна.
-Тэгвэл энэ ажил ямар шатандаа явж байгаа вэ?
-Зөвхөн төслийн шатандаа явж байна. Санал өгөх шатандаа явна. Ямартай ч ойлгуулсан.
-Амгалангийн дулааны станцыг барих төсөв мөнгийг батлуулах үеэр тооцоог нь өндөр үнэтэй хийжээ, мөнгө зувчуулах нь гэсэн шуугиан гарсан нь ямар учиртай юм бэ?
-Зургийн компани төсвөө 14 тэрбум төгрөгөөр хийсэн байсан л даа. Би инженерийн төлөвлөлтийг нь хийсэн. Миний тооцоогоор 17 тэрбум төгрөг болсон юм. Улсын төсөвт тусгах асуудал яригдахад Сангийн яамны мэргэжилтэн Цэнд-Аюуш гэж хүн дээр хянагдаад үүнээс болж хэл ам гарсан нь үнэн. Нэг өдөр Төрийн сангийн нягтлан маань “Сангийн яаман дээр байна. 220-ын дэд станцтай холбоотой асуудлаар бөөн шуугиан дэгдээд байна. Хүрээд ир” гэж байна. Материалаа аваад хэлсэн ёсоор нь ТЭЦ-4-ийн Цэвээн даргатай яваад ороод тайлбарлалаа. “Хотынхон төсвөө хэтрүүлж оруулж ирдэг, битгий худлаа яриад бай” гээд хүлээж авдаггүй. Миний хувьд нэлээд хэдэн жил ажилласан туршлагатай болохоор нэг метр шугамын үнэ өртөг ямар байдгийг мэднэ л дээ. Цэвээн дарга тэр үед “14 тэрбум төгрөгөөр нь тавиулчих. Ямартаа ч эхлүүлье” гэсэн. Тендерт ялсан “Алъянс” гэж компани өнөө үнээс нь бага үнэ хэлсэн байдаг юм. Хийгээд эхлэнгүүт мөнгө нь дутаж таарна биз дээ. Өөрсдөө ирж хэлж байна. Тэр үед нь би хүлээж аваагүй. Дараа нь ахиж ирээд “Гурван тэрбум төгрөг нэмүүлж өгөөч” гэсэн л дээ. Би тэр үед “Тендерийг бага үнээр авчихаад нэмж төсөв тавиулж болохгүй. Тэр мөнгөнд нь тааруулаад хий. Тухайн үед хэлсэн ч хүлээж аваагүй” гэж хэлсэн юм.
-Яагаад мөнгөн дүнг нь бууруулсан санал тендерт өгсөн юм бол. Зураг хийж, тооцоо гаргасан баймаар юм?
-Өнөөдүүл чинь зураг дээр нь шугамтайгаа холбогдох гэх мэт зөндөө ажлыг нь дутуу хийчихсэн байж таарсан л даа. Тэгээд мөнгө нь бага гарсан байгаа юм. Нөгөөдүүл нь иж бүрэн болсон гэж ойлгосон юм билээ. Ийм л юм болсон.
-Амгалангийн станцыг анх жил гаруйн хугацаанд барих гэхэд хугацааг нь худлаа хэллээ гэсэн яриа бас гарсан байх аа?
-Тэгсэн. 2013 оны наймдугаар сарын 21-нд анхны шангаа татаж, эхний суурийг тавьсан. 18 сарын дотор барина гэхэд маш олон улс намайг худлаа ярилаа гэж эсэргүүцсэн. Даланзадгадад 50 МВт-ын станцыг ашиглалтад оруулахад таван жил зарсан, үүнээс өчнөөн илүү хүчин чадалтай станцыг ийм хугацаанд барьж амжихгүй гэцгээж байсан юм. Яаж барих менежмэнт нь бий л гэсэн. 2013 оны наймдугаар сард шангаа татаад 2017 оны есдүгээр сарын 25-нд анхны галлагаагаа хийсэн. Тэр үед бүрэн ажиллана гэдэгт нь итгэхгүй хүн олон байсан шүү. Энэ станцын түүхийг сөхвөл их эртний юм ярих хэрэг гарна л даа. 1987 онд Түлш эрчим хүчний яам гэж байх үед Батхуяг сайдаар ахлуулсан ажлын хэсэг анхны урьдчилсан судалгаатай газар дээр нь танилцсан байдаг. Орос руу яваад Сибирийн туршлагатай танилцсан байдаг. Хэрвээ та анзаарсан бол дөрөв, гурав, хоёрдугаар станц гээд дандаа ТЭЦ-үүд байгаа биз. Тэгээд бүх үйлдвэр нь хотынхоо баруун талд. Баруун тийш нь 32 км явуулж байж 16 дугаар хорооллын байрнуудад ирдэг. Эрчим хүчний салбарын судлаач, инженерүүд үүнийг олж харчихаад “ТЭЦ өвлийн оргил цагт ажиллахаар дулаан үйлдвэрлэл алдагддаг, үүнийг нь нөхөхийн тулд ТЭЦ-ийн хажууд дулааны цахилгаан станц байх нь зүйтэй” гэсэн шийдэлд хүрсэн. Шинжлэх ухаан техникийн зөвлөлөөр орсны эцэст энэ асуудал шийдэл болсон. Ингэж судалгаа нь эхэлсэн түүхтэй. 1987 оноос хойш орхилгүй авч явсаар 2007 онд урьдчилсан том судалгааны ажлыг нь хийсэн. Ингээд 2013 онд энэ станцыг хотын баруун талд барьсан юм.