Categories
мэдээ нийгэм

Урд чиглэлийн төмөр замын хөдөлгөөнийг өнөөдрөөс нээхээр ажиллаж байна

Дорноговь аймгийн Цомог-Айраг өртөөний замд замаасаа гарч осолдсон Улаанбаатараас Сайншандын чиглэлийн суудлын 286-р галт тэргийг босгож төмөр замыг сэргээн ажлыг ид хийж байна.

УБТЗ ХХН-ээс мэдээлснээр 328 зорчигчтой явсан уг галт тэрэгний зүтгүүр унаж, 4 вагон замаас гарсныг өчигдөр оройн 20.00 цагийн байдлаар зүтгүүрийн нэг секц, 4 вагоныг замаас холдуулж сэргээн босголтыг ажыг шуурхай хийх үүднээс нэмэлт хүч аван ОХУ-аас өчигдөр ирсэн сэргээн босголтын галт тэрэг, техникийн хүчээр төмөр замыг сэргээн засварлаж өнөөдрөөс хөдөлгөөнийг нээхээр төлөвлөж байна. Сэргээн босгос ажилд 200 гаруй төмөр замчин, Зүүнбаянгийн цэргийн ангийн 2 танк зэрэг хүн хүч, техник оролцож өдөр шөнөгүй шаргуу ажиллаж байгаа талаар УБТЗ ХХН-ээс мэдээллээ.
Үүнээс гадна наймдугаар сарын 10-ны 17 цагийн үед төмөр замын Номт-Шаргын овоо өртөө зөрлөгийн хооронд цаг орчим үргэлжлэн орсон хүчтэй аадар борооны улмаас Номт-Цагаан хадын хоорондох замын 1011 км-т байрлах төмөр замын гүүр үерт автаж тулгуур дам нуруу 40 см суун нурж болзошгүй осол аваарийн байдал үүссэнийг төмөр замчид шуурхай илрүүлж төмөр замын хөдөлгөөнийг түр хаан засварлаж байна. Үерийн ус төмөр замын гүүрийг давж урсан замын чигжээс чулууг урсган зайлуулж, замын суурь бүтцэд багагүй хэмжээний хохирол учруулсан байна. Зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүднээс Замын Үүд-Улаанбаатарын чиглэлд аялж байсан 1345 зорчигчтой 275-р галт тэргийг тухайн өдрийн 20 цаг 26 минутад Цагаанхад зөрлөгт төмөр замын хөдөлгөөнийг нээтэл түр зогсоож саатуулжээ.

Гүүрийг сэргээн засварлах ажилд 150 төмөр замчин оролцож шөнөжин ажиллажээ. Одоогоор төмөр замын хөдөлгөөнийг яаралтай хэвийн үргэлжлүүлэх үүднээс эхний ээлжинд гүүрийн дам нуруунд түр зуурын бэхэлгээ хийгээд байна. Ингэж гүүрийг хүчжүүлж бэхэлгээ хийж сайтар туршсаны дараа наймдугаар сарын 11-ний өглөөний 04.40 цагт төмөр замын хөдөлгөөнийг нээжээ. Уг гүүрийн дам нурууг яаралтай шинээр сольж, тулгуур баганыг бэхжүүлэх ажлыг үргэлжлүүлэн хийх юм. Энэ ажлыг хийж гүүрийг бүрэн засварлаж дуустал суудлын болон ачааны галт тэрэг уг гүүрээр 5 км/цагийн хурдтай явж өнгөрөх захирамжийг өгчээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *