Сүүлийн үед ЗТХЯ-тай холбоотой олон хэрэг гарлаа. Тодруулбал, өнгөрсөн баасан гаригт ЗТХЯ-ны газрын дарга нар нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг гарсан. Мөн өнөөдөр үүрээр Улаанбаатараас Сайншанд явж байсан галт тэрэг хүчтэй борооны улмаас дөрвөн вагон замаасаа гарсан юм. Эдгээр асуудлуудтай холбоотойгоор ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ ажлаа өг гэсэн иргэдийн санал гомдол их гарч байв.
Эсрэгээрээ “Сайд нь ажлаа өглөө гээд асуудал шийдэгдэхгүй. Бүхэл бүтэн бүтцээр нь өөрчилж мэргэжлийн, хариуцлагатай хүмүүсийг олж ажиллуулах нь чухал. Сайд өөрчлөгдөөд төмөр зам автозам сайжирсныг харсан юм уу …” гэж асуудалд хандах хүмүүс ч олон байсан.
Харин дөнгөж сая Ж.Бат-Эрдэнэ сайд “Ажлаа өгье. Ёсзүйн хариуцлагаа хүлээе” хэмээн жиргэв. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Үнэн” гэж нотолж байна. Гэтэл үүнтэй зэрэгцэн салбарын дэд сайд нь мөн л ажлаа өгөхөө фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгдлээ. Дэд сайд Б.Цогтгэрэл “Дэд сайдын ажлаа өгье. Ёс зүйн хариуцлага хүлээе. Чадах чинээгээрээ хичээж ажиллаа. Надад итгэж дэмжиж ирсэн гэр бүл, журмын нөхөд, шүүмжлэгчиддээ баярлалаа” хэмээсэн байна.