Монголын ноос, ноолууран бүтээгдэхүүнийг АНУ–ын зах зээлд хөнгөлөлттэй нөхцөлөөр гаргах хуулийн төслийг хэсэг конгрессменүүд санаачилжээ. АНУ–ын эрх баригч хоёр намын нөлөө бүхий гишүүд санаачилсан нь энэ хууль батлагдах магадлалыг нэмэгдүүлж байгаа аж. Хэрэв энэ хууль батлагдвал манай ноос, ноолуурын салбарт асар их зах зээл нээгдэнэ. Харин Монголын холбогдох салбарууд, оролцогч талууд энэ зах зээлийг ашиглахад бэлэн эсэх нь маргаантай асуудал юм байна. Энэ талаар Монголын Ноос, ноолуурын холбооны дэд ерөнхийлөгч Г.Ёндонсамбуутай ярилцлаа.
-Манай ноос, ноолууран бүтээгдэхүүн АНУ-ын зах зээлд хөнгөлөлттэй гарах тухай яригдаж байна. Манай улс жилд хэр хэмжээний ноос, ноолуур авдаг юм бэ?
-Өнөөгийн байдлаар Монгол Улс жилд 9500 тонн ямааны ноолуур, 1400 тонн тэмээний ноос, сарлагийн хөөвөр 130 тонн, хонины ноос 35 манган тонн-ыг зах зээлд нийлүүлж байна.
-Үүнээс хэд нь үйлдвэрлэлд ашиглагдаж байна?
-45-46 хувь нь ашиглагдаж байна. Энэ хэмжээний түүхий эдийг бид яаж дээд зэргээр ашиглах вэ гэдэг асуудал бий.
-Үүнээс хэдэн хувиар нь дотооддоо бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна?
-Энэ бас харьцангуй ойлголт. Бид ямар хэмжээний түүхий эдийг, ямар түвшинд боловсруулж байна гэдгээ тооцох хэрэгтэй. Ноолуурын хувьд анхан шатны боловсруулалт гэдэг нь угаах технологи. Энэ түвшинд ноолуурыг 100 хувь угааж байгаа. Бүх улс зөвхөн угаасан, самнасан ноолуур, эсвэл бэлэн бүтээгдэхүүн авдаг. Өөрөөр хэлбэл анхан шатны боловсруулалтыг 100 хувь хийж байна. Дараагийн шат самнах буюу ноолуураас хялгасыг салгаж, утас хийхэд бэлэн болгож байгаа юм. Энэ шатны боловсруулалт бол бага.
-Ноолуур энэ жил хэдэн төгрөгт хүрэв?
-Энэ жил кг ноолуур 120 мянган төгрөгт хүрсэн.
-Ноолуур үнэд орохоор, үйлдвэрүүд нь сөхөрчих үү?
-Үгүй ээ. Үйлдвэрүүд малчдад “Технологийн шаардлага хангасан түүхий эдэд сайн үнэ төлөхөд бэлэн шүү” гэж хэлж байна. Малчид өнөөдөр чанартай түүхий эд нийлүүлж чадвал үйлдвэрүүд үнийг төлөөд л авна. Хэрвээ 15 микронтай ноолуур байвал үйлдвэрүүд кг ноолуурыг 150 мянган төгрөгөөр авахад бэлэн байна шүү дээ.
-Одоо манай түүхийн эдийн чанар ямар байна?
-Манай хөдөө аж ахуйн түүхий эд зах зээлийн харилцаанд суралцахгүй байна. Зах зээлийн үндсэн зарчимд чанар л үнийг тогтооно. Гэтэл манайхан ноос, ноолуур гэсэн хоёр үнэ л яриад байдаг. Гэтэл ноолуурын чанар сайн байх тусам үнэ өсдөг. Ноолуур гэдэг нэр үнэ биш. Ноолуур тус бүрийн чанараас шалтгаалж үнэ тогтдог. Гэтэл хэн нэгний сайн чанарын ноолуурын үнээр бусад бүх ноолуурыг шахах гээд зүтгээд байна.
-Ноос, ноолуурынхаа 70 хувийг гадагшаа түүхий эд хэлбэрээр гаргадаг. 50 хувийг дотооддоо боловсруулах боломж бий юу?
-Энэ онд “Ноолуур” хөтөлбөр батлагдсан. Энэ хөтөлбөрт 2020 онд түүхий эдийн 60 хувиар бэлэн бүтээгдэхүүн хийнэ гэж заасан.
-Хоёр жилийн дотор барах уу?
-За яах вэ. Манайхан төлөвлөгөөгөө арай дэгсдүүлж хийгээд байдаг тал бий. Гэхдээ бид хэрэгжүүлэхийн төлөө ажиллана. Хэрвээ АНУ-ын конгресс Монголын талд хөнгөлөлт үзүүлбэл “Ноолуур” хөтөлбөр хэрэгжихэд асар том түлхэц болно. АНУ-ын зах зээлд гарах нь Япон, Европын зах зээлд гарахаас арай хялбар л даа. Манай салбарт төрөөс зээл олгож байгаа. Гэхдээ энэ жил шийдвэр гаргах гэсээр байтал ноолуур цуглуулах цаг нь өнгөрчихсөн. Ирэх жилийн эхний улиралд багтааж мөнгө өгөх тухай ярьж байгаа. Гэхдээ энэ жил ноолуур үнэтэй ч гэсэн манай үйлдвэрлэгчид 3700 тонн ноолуур цуглуулж чадсан. Энэ нь өмнө авч байгаагүй их хэмжээ л дээ. Сарлагийн хөөврийг бараг 100 хувь дотоодын үйлдвэрлэгч нар авсан. Тэмээний ноосыг ч багагүй цуглуулсан.
-Чанартай түүхий эд бол манай үйлдвэрүүд өндөр үнэтэй ч байсан худалдан авах чадвартай болсон үг үү?
-Тэгэлгүй яахав. Түүхий эдийн худалдан авалт нэмэгдэж байна гэдэг нь олон газар ажлын байр нэмэгдэх дохио. Малчдын орлого нэмэгдэнэ. Үйлдвэрт ажлын байр нэмэгдэнэ. Хаана, хаанаа ашигтай тусна.
-Ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэх салбар АНУ-ын зах зээлд гарахад бэлэн үү?
-Энд асуудал бий. Ноолуурын салбарт ажиллах мэргэжилтэн бусад салбарынхаас илүү мэргэшил шаарддаг. Зөвхөн ханцуй залгах нь асар өрсөлдөөнтэй ажил. Илүү их өндөр технологийн тоног төхөөрөмж шаардана. Гэхдээ техник технологийн шинэчлэл яаж ийгээд болдог юм байна. Үнэ нь ч гайгүй хямдарч байгаа. Үйлдвэрүүдийг шинэчлэхэд хамгийн хүнд асуудал нь барилга байгууламж. Одоо манай жижиг үйлдвэрүүдийн ихэнх нь түрээсийн байртай. Ээрэх үйлдвэр, өөрөөр хэлбэл утас үйлдвэрлэх дамжлага асар их зардалтай. Бусад дамжлага яаж ийгээд зардлаа нөхөөд байдаг. Анх том үйлдвэрүүдийг хувьчлахдаа зориулалтыг өөрчлөхгүй гэж хувьчилсан. Одоо тэр байрнууд бараг бүгд худалдааны төв болж хувирсан.
-Танай салбар боловсон хүчний хангамж хэр байна?
-Энэ их сонин болчихоод байгаа юм. Боловсон хүчнийг зуугуухан алсын хараатай бэлтгэх ёстой байхгүй юу. Социализмд авах юм байгаа шүү дээ. Тэр үед чинь тухайн салбарт боловсон хүчнийг эртнээс тасралтгүй бэлдэж байсан. Бид одоо салбар дээрээ мэдэрч байна. Би лав манай салбар ийм их боловсон хүчний дутагдалд орно гэж санаагүй явсан.
-Тийм их дутагдалд орсон уу? -Үгүй яахав огт хүнгүй болчихоогүй байна. Гэхдээ олон жижиг үйлдвэрүүд байгуулагдаж байна. Ингэхээр боловсон хүчний хомсдолд орохоос өөр замгүй. Дараагийн үеийг бэлдээгүй. Одоо үйлдвэрүүд ил далдаар мэргэжилтнүүдээ булаалдаж байна. Нэг нь нөгөөгөөсөө илүү цалин хангамж амлана. Үүнээсээ болоод үл ойлголцол гарна.
-Дээд, дунд сургууль төгссөн ажилгүй олон иргэд байгаа гэдэг?
-Судалгаа явуулсан. Арван хүн тутмын гурав нь л үйлдвэр дээр гарах сонирхлоо илэрхийлсэн. Хэрэв АНУ-ын зах зээл нээгдвэл маш олон үйлдвэр шинээр нээгдэнэ.
-Японтой байгуулсан стратегийн түншлэлийн гэрээний хүрээнд экспорт нэмэгдсэн үү?
-Нэмэгдсэн, хэрэндээ л юм юм гараад эхэлсэн. Эхний даваанууд амаргүй байдаг шүү дээ. Мэдээж удахгүй экспорт нэмэгдээд л явчихна. Хүүхэд хөлөө олох үе гэж байдаг. Ирээдүй бол сайн байгаа.
-АНУ-ын зах зээлд гарахад манай зүгээс барих зарчим гэж байх ёстой гэдэг.
-Тийм. Яаман дээр хэрэгжүүлдэг төслүүдийг манай холбоон дээр төвлөрүүлсэн. Энэ олон төслүүдийг харахад тогтвортой хөгжлийг гол зарчим болгож байна. Хэрэв бид 1000 ширхэг бүтээгдэхүүн нийлүүлнэ гэсэн бол түүнийг яг таг биелүүлэх хэрэгтэй. Цаг хугацаа, чанарын хувьд гэрээнд заасан шаардлагыг бүрэн биелүүлэх
шаардлагатай. Нэг л удаа алдаа гаргавал энэ том боломж хаагдана.
-Хөдөө аж ахуйн бирж багагүй үүрэг гүйцэтгэх байх даа?
-Хөдөө аж ахуйн бирж анхны зорилгоосоо 180 градус эргэсэн. Анх малчдыг зах зээлд гаргах зорилгоор батлагдсан. Гэтэл одоо шимтгэл аваад суудаг газар болсон. Үүнийг янзлахгүй бол АНУ-ын зах зээлд гарахад хүндрэл үүснэ.
-Малчид ноолуураа үнэд хүрнэ гэж бодож байгаа даа?
-Биржийн хамгийн том гай энэ байгаа юм. Бирж малчдын түүхий эдийн үнийг тогтоох ёстой. Дуудлага худалдаа явуулахаар тухайн малчин бүрийн түүхий эдийн үнийн ханш тогтоно. Түүгээр л малчин өөрийн түүхий эдийн чанар ямар байгааг мэдэрнэ. Үнэ хүрэхгүй бол ямар чанартай түүхий эд үнэтэй байгааг мэдэрч, үнэтэй түүхий эд бэлтгэхийн төлөө ажиллана.
-Яаж хүн бүрийн ноолуурыг үнэлэх вэ?
-Маш амархан. Баянхонгорт бид арваад малчныг ноолууртай нь суулгаад үйлдвэрийнхнээр үнэлүүлсэн. Тэгэхэд хүн бүрийн ноолуурыг үнэлээд “Чинийхийг өндөр үнээр авна”, Чинийхийг бага үнээр авна”, “Уучлаарай таны ноолуурыг үйлдвэрт ашиглах боломжгүй” гээд л ханш тогтоочхож байгаа байхгүй юу. Ингэж малчид юу хэрэгтэй, юу хэрэггүй гэдгийг мэдэрснээр зах зээл дээр гарна л даа.