Categories
мэдээ нийгэм

​ Өмнөговь аймгийн гурван сумын шилэн кабелийг маргааш хэвийн болгоно

Хүчтэй бороо орсны улмаас Өмнөговь аймгийн Гурвантэс сумаас Ноён сумын хооронд, газраар татсан шилэн кабелийн шугам тасарчээ. Үүний улмаас Гурван тэс, Сэрвээ, Шивээ хүрэнгийн үүрэн холбоо, интернетийн сүлжээ доголджээ. Тухайлбал, Шивээхүрэн дэх Гаалийн газрын дотоод сүлжээ болон банкууд, уурхайнууд, бусад байгууллагууд сүлжээгүй болсон байна. Одоогоор тус газар модем ашиглаж байгаа тул интернет бүрдүүлэлт хэвийн хийгдэж байгаа юм. Сүлжээ тасрахаас өмнө гаалийн бүрдүүлэлтээ хийсэн машинууд хилээр гарч байгаа аж.

Байгалийн онц ноцтой үзэгдлийн улмаас гэмтсэн 10 км шилэн кабелийн сүлжээг холбоход орчны нөхцөл байдал хүндрэлтэй байсан байна.инженер техникийн ажилтнууд гэмтсэн шилэн кабелийн сүлжээг дахин холбож, үйлчилгээг хэвийн горимд оруулахаар шуурхай ажиллаж байгаа талаар Гаалийн ерөнхий газраас мэдээлэв. Энэ талаар “Мобиком” компанийн Олон нийттэй харилцах албанаас тодруулахад “Шилэн кабель тасарсан хэсэг нь хад асга, чулуу ихтэй. Үерийн ус 2 метр орчим өндөртэй орсон бөгөөд зарим газарт хөрс хууларснаас шилэн кабель олон газар сэтэрсэн байсан. Манай инженер техникийн хүмүүс дөрвөн өдөр ажиллаж байна.Маргаашдаа багтан бүрэн сэргээж, хэвийн ажиллагаанд оруулах төлөвлөгөөтэй байна”гэв.

Б.ОЮУНЖАРГАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *