Categories
мэдээ нийгэм

Х. Бат-Ялалт: ТҮЦ цэгцлэх нэрийн цаана ашиг сонирхлын зөрчил явагдаж байна

“Иргэдийн шударга шүүх” ТББ, Монголын худалдаачдын холбоо хамтран улстөрчдийн хууль бус үйлдлийн эсрэг тэмцэж МАН-ын байрны гадна хугацаагүй суулт хийх талаар мэдээлэв.

Энэ талаар Иргэдийн шударга шүүх ТББ-ын дарга Х.Бат-Ялалт “Зарим төрийн байгууллагууд ажил хийгээч гэж худалдаа эрхлэгчдийг хэлдэг. Биднийг зүгээр сууж байгаад мөнгө олж байгаа мэтээр боддог. Худалдаа эрхлэнэ гэдэг маш том хөдөлмөр. Би сүүлийн таван жилийн турш судалсан. Хуульч хүн бол эрх нь зөрчигдсөн иргэдийн зовлон бэрхшээлийг сонсож, аз жаргалтай болгохын төлөө ажилладаг байх ёстой. Худалдаа эрхлэгчид өр зээлэнд баригдах түүнийгээ дагаад хүчирхийлэл, дарамт шахалтанд ордог. Үүнээс шалтгаалан элдэв төрлийн гэмт хэрэг үйлдэх нийгмийн сөрөг асуудал үүсдэг. МАН амлалтаа биелүүлээгүй. Иргэд өөрсдөө тэмцэх шаардлага үүсчээ. Өнөөдөр ТҮЦ эрхлэгчидийн эрх ашиг ноцтой зөрчигдсөөр байгаа. Тиймээс бид МАН-ын байрны гадна хугацаагүй суулт хийж тэмцэхээ албан ёсоор мэдэгдэж байна. Хүний эрхийн төлөө тэмцэнэ. Наймдугаар сарын 12-ны өдөр хүртэл Нийслэлийн Засаг дарга, МАН-ын дарга, Сүхбаатар дүүргийн засаг дарга нарт мэдэгдэж байгаа юм.Түүнчлэн худалдаа үйлчилгээний нийтлэг журмыг энэ сарын 16-ны өдөр нийслэлээс нээлттэй зохион байгуулна гэв. Худалдаа үйлчилгээний журам шинээр батлагдсанаар ТҮЦ-үүдийг цэгцэлнэ гэж яриад байна. Смарт карт цэнэглэдэг ТҮЦ тавьж, дотор нь соёлын худалдаа явуулж болно гэх яриа гарсан. Үүнийг цэгцлэнэ гэдэг нэрийн цаана ашиг сонирхлын зөрчил явагдаж байна гэж харж байгаа. Бидний эрхийг хамгаалах төрийн бодлого, тодорхой институт байхгүй учраас өөрсдийн төлөө нэгдэж, эрх чөлөөгөө хамгаалах ёстой. Бид тэмцлийн бүх хэлбэрээр дуу хоолойгоо ард түмэндээ хүргэж, тууштай тэмцэнэ”

Түц эрхлэгч Л.Хандмаа “Би багшийн дээдийн автобусны буудал дээр ТҮЦ-ээ байршуулчихсан. Гэхдээ худалдаа үйлчилгээ эрхлээгүй удаж байна. Учир нь зөвшөөрөл өгөөгүй. Зөвшөөрөл өгөхийн тулд биднээс нэг сая гаруй төгрөг өгөх хэрэгтэй болдог. Бид амьдрах гэж зовж байна. ТҮЦ-үүдийг хүчээр ачиж яваад журмын хашаанд тавьдаг. Эргээд авахын тулд 300 мянган төгрөг төлнө. Шилэн ТҮЦ-ийг худалдаж авах бололцоо, мөнгө байхгүй. Үүнийг хотын төвийн байршил сайтай гэсэн 124 газар эзэнтэй болгоод өгчихсөн байгаа. Бид нарт анх 8-10 сая төгрөгөөр зарах санаатай байсан. Хамгийн гол нь бидэнд ТҮЦ ажиллуулах зөвшөөрөл өгөхгүй байна. ТҮЦ-ийг ачихаар, тогийг нь таслах гэж байсан хүмүүстэй тэмцсэн. Тог таслах юм бол 220 вольтийн хүчдэлээс зуураад үхнэ гэдгээ хэлсэн.Бид эрх ашгийнхаа төлөө ингэж л тэмцэж байна” гэв.

Монголын худалдаачдын холбооны гүйцэтгэх захирал В.Мөнхтуяа “Бид үгээ хэлж үзэл бодлоо илэрхийлэхийн тулд МАН-ын байранд очсон боловч удирдлагууд нь гарч ирсэнгүй, Хуулийн зөвлөхөө явуулж манай намын үүд хаалга үргэлж нээлттэй гэж хэлүүлсэн. Яг ийм л дүр зургаар үргэлж бидэнд худлаа ярьсаар байх уу? Гар дээрээс худалдаа наймаа эрхэлж байгаа хүмүүсийн ажлын байрыг нь булааж татвар түрээс нэмээд байгаа төр засгийн удирдлагуудад үгээ хэлж, үр дүн гартал нь тэмцлээ үргэлжлүүлэх болно” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *