Categories
мэдээ соёл-урлаг

“Нүүдэлчин Монгол” наадмаар соёлын биет бус өвийг сурталчлан таниулна

“Нүүдэлчин Монгол” наадам баасан гарагт Хүй долоон худгийн “Монгол наадам” цогцолборт болно. Наадамд 21 аймаг, есөн дүүрэг, соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч 700 гаруй ардын авьяастан, гар урчууд, үндэсний спортын 2000 гаруй тамирчин оролцон өөрсдийн авьяас билэг, ур чадвараараа өрсөлдөнө.

Уг наадам нь Монгол түмний олон зуун жил өвлөн уламжилж ирсэн соёлын биет бус өвийг хамгаалах, судлан сурталчлах, өв уламжлагчдыг тодруулах, соёлын өвийн бүртгэл, мэдээллийн сантай болох гол зорилготой аж. Мөн эх хэл аман уламжлал, ардын язгуур урлаг, гар урлал, байгалийн болон сав ертөнцийн тухай мэдлэг заншил уламжлалт арга технологи, уламжлалт зан үйл, ёслол гэсэн таван ай савын хүрээнд зохиохоор болжээ.

Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат “Юнескогийн конвенцод нэгдсэнээрээ соёлын биет бус өвийг хамгаалах, сурталчлах, өвлөн уламжлуулах, түгээн дэлгэрүүлнэ. Ингэж байж даяаршиж байгаа нийгэмд бид бусдаас ялгарч чадна. Иймээс энэ том наадмыг өндөр зохион байгуулалттай бэлдсэн. Энэ наадам маань залуучууддаа соёлын биет бус өвийг танин мэдүүлэх, байгаль экологио хайрлан хамгаалахад сургах юм. Мөн эндээс эрт үеийн нүүдэлчин соёлын харах боломжтой” гэлээ.

“Нүүдэлчин Монгол” наадмыг төрөөс соёлын талаар баримтлах бодлого, Юнескогийн 2003 оны “Соёлын биет бус өвийг хамгаалах тухай” конвенцийн тушаалуудад үндэслэн зохиохоор болсон.

С.ОЮУНЖАРГАЛ


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *