Categories
мэдээ нийгэм

Цэцэрлэгийн бүртгэл дуусахад 15 хоног үлдлээ

Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгүүдийн 2018-2019 оны хичээлийн жилийн бүртгэл, элсэлтийн үйл ажиллагааг цахимаар зохион байгуулахаар болсон. Интернетийн орчинд ажиллах боломжгүй иргэдэд дүүрэг тус бүрт 2018 оны долдугаар сарын 25-аас наймдугаар сарын 23-ны өдрүүдэд ажлын цагаар тогтмол бүтгэж байгаа юм.

Шинээр элссэн болон системд бүртгэлээ баталгаажуулсан үргэлжлэн суралцах хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагчтай гэрээ байгуулах болон сунгах асуудлыг 2018 оны наймдугаар сарын 27-29-ний өдөрт багтаан дуусгахаар төлөвлөжээ.

Мөн 2016 онд төрсөн хүүхдүүдийг шинээр элсүүлэх ба хэрэв тухайн оны 9-12 сард төрсөн хүүхдүүд элсэн орох эрх авсан тохиолдолд хоёр нас хүртэлх хугацаанд цэцэрлэгт явах эсэх асуудлыг зохицуулна. Тодруулбал, хоёр нас хүрэх хугацаа хүртэл цэцэрлэгт яваагүй тохиолдолд орон тоо нь хадгалагдахаар зохицуулалт хийх юм байна. Цэцэрлэгийн үйл ажиллагааны онцлог, эрэлт хэрэгцээнд нийцүүлэн нэг бүлэгт байх хүүхдийн тоог 40-өөс ихгүй байхаар тооцжээ. Түүнчлэн “Бага” бүлэгт 30-аас ихгүй байхаар тус тус тооцсон байна.

Элсэлт авах хүүхдийн тоо хэтэрсэн цэцэрлэгүүд дээр наймдугаар сарын 25-ны өдөр 10 цагт санамсаргүй сонголтын аргаар онлайнаар элсэлтийг зохион байгуулна. Санамсаргүй сонголтын аргаар тухайн хүүхэд сонгогдсон, эс сонгогдсон талаарх мэдээллийг эцэг, эхчүүдийн бүртгүүлсэн гар утсанд мессежээр хариу илгээх юм. Эцэг, эхчүүд хүүхдээ элсэж орсон эсэхийг цэцэрлэг дээр нь очиж, лавлах шаардлагагүйгээр цахим системээс харах боломжтой аж. Өмнөх хичээлийн жилд цэцэрлэгт хамрагдсан болон тухайн цэцэрлэг нь 3-5 насны хүүхдийг шинээр элсүүлэн авах бол бүртгэлийг энэ сарын 21-24-нийг хүртэл уламжлалт аргаар цэцэрлэг тус бүр дээр зохион байгуулна. Түүнчлэн тухайн цэцэрлэгийн онцлог, ачаалал зэргийг харгалзан зорилтот бүлгийн хүүхдийн бүртгэлийг энэ сарын 21-24-ний өдрүүдэд мөн уламжлалт аргаар зохион байгуулахаар болжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *