Categories
мэдээ цаг-үе

Ш.Батсайхан: Нүүрсний экспорт өнгөрсөн оныхтой харьцуулахад 20 орчим хувиар буурсан

Авто тээврийн Үндэсний төвийн дэд захирал Ш.Батсайхантай ярилцлаа.


-Энэ зун бороо хур ихтэй байлаа. Үүнээс үүдэн нүүрс тээвэрлэлтэд ч багагүй саад учирч байна. Энэхүү асуудлыг Авто тээврийн үндэсний төв хэрхэн шийдвэрлэж байгаа бол?

-Ойрын өдрүүдэд орсон их хэмжээний борооны улмаас замын эвдрэл үүсч, зам дагуу тогтoол ус ихээр үүссэн нь Цагаан хад орчимд тээвэрлэлт саатах нэг шалтгаан болж байна. Үүнтэй холбоотойгоор Авто тээврийн Үндэсний төвийн захирал П.Дэлгэрнарангаар ахлуулсан ажлын хэсэг Өмнөговь аймгийн Таван толгой Ухаа худгийн уурхайгаас Гашуунсухайт хилийн боомт чиглэлийн нүүрс тээвэрлэлтэд үүсч буй хүндрэлтэй нөхцөл байдалтай очиж танилцсан. Ямартаа ч Гашуунсухайт болон Цагаан хадны чиглэлийн авто замын хөдөлгөөн зохион байгуулалтыг цагийн зохицуулалтад оруулах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Мөн Уурхайнууд болон тээврийн 110 гаруй аж ахуйн нэгж байгууллагын тээвэрлэлт гүйцэтгэн дараалал хүлээж байгаа жолооч нарын эрүүл мэндэд анхаарах, хоол хүнс, ундны цэвэр усаар ханган ажиллахад хяналт тавин ажиллаж байна. Хяналтын улсын байцаагч нар ч нэмэлтээр томилогдоод байгаа.

-Ихэвчлэн ачаалалтай байдаг Гашуунсухайт боомтын нэвтрэх чадамж ямар байгаа вэ?

– 2016 оноос хойш нүүрсний экспорт нэмэгдсэнтэй холбоотойгоор зарим нэг боомтууд дээр хүндрэл үүсдэг байсан. Бусад боомтууд дээр байсан бүхий л тээврийн хэрэгсэл нэг боомт дээр төвлөрөх зэрэг хүндрэлүүд гарч байлаа. Одоо бол хилийн нэвтрэх чадвартай уялдуулж гаалийн лацны олголт хийгдэж байгаа. Мөн тухайн уурхай өөрийн экспортын даацандаа тохируулж тээвэр зохион байгуулалтаа хариуцдаг болсон.

Одоогоор Ханги Мандалын боомтоор өдөрт 70-100 машин нэвтэрч байгаа. Шивээ Хүрэнгийн боомтоор тогтмол 500-600 машин гарч байна. Зарим тохиолдолд л энэ тоо 800 хүрдэг. Гашуунсухайтын боомт дээр өдөрт хилээр нэвтрэх машины тоо 800-аас буухгүй байна. Гэхдээ энэ нь нодлингийн мөн үетэй харьцуулахад харьцангуй бага тоо юм. Өнгөрсөн жил 1300-аас буугаагүй. Зургадугаар сард нь 1600-д хүрч байсан ч тохиолдол бий. Тэгэхээр өмнөх жилийнхээс нөхцөл байдал харьцангуй сайжирсан гэж ойлгож болно. Гэхдээ хяналт шалгалтыг сайжруулах зорилгоор Цогтцэций сумын Авто тээврийн үндэсний төвийн салбар 24 цагаар ажиллаж байна.

-Хилээр нэвтрэх машины тоо буурч байгаа нь нүүрсний экспортод хэрхэн нөлөөлдөг вэ?

-Нүүрсний экспорт өнгөрсөн оныхтой харьцуулахад 20 орчим хувиар буурсан. Өдөрт 1200 орчим машин нүүрс тээвэрлэж байх үед сардаа 2-2.5 сая тонн нүүрс экспортолж байсан. Энэ жилийн тухайд дунджаар 1.5-1.8 сая тонн нүүрс л экспортолж амжиж байна. Зарим үедээ энэ тоонд хүрэхгүй байх тохиолдол ч бий. Үүнд мэдээж олон талын шалтгаанууд бий. Ямартаа ч бид нүүрсний экспортоо нэмэгдүүлэхийн тулд зорилт тавин ажиллаж байна. Уул уурхайн яамтай ч багагүй холбоотой ажиллаж байгаа.

-Дамжин өнгөрөх тээвэрлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр хийгдэж байгаа ажлууд бий юү?

-Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрүүдийг өргөтгөх шаардлага байгаа. Бид өнгөрсөн зургадугаар сард Латвитай уулзалт хийлээ. Есдүгээр сард Хятад, Монгол хоорондын 32 дугаар хэлэлцээрийг Увс аймагт хийх гэж байна. Мөн Беларусь, Польш, Унгар зэрэг улсуудтай хэлэлцээрүүдийг эхлүүлэхээр ажиллаж байгаа. Дамжин өнгөрөх тээвэрлэлтийг эрчимжүүлэх чиглэлээр дээрх ажлуудыг зохион байгуулж байна.

-Авто тээврийн Үндэсний төвийн улсын байцаагчидтай холбоотой гомдол санал гарах нь бий. Үүнд хэрхэн хяналт тавин ажилладаг вэ?

– Авто тээврийн Үндэсний төвийн Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн байцаагч нар 980 гаруй нийтийн тээврийн хэрэгсэлд 24 цагийн турш хяналт тавин ажилладаг. Байцаагч нар шугам замын хяналт шалгалтыг хийхээс гадна хууль бус тээвэрлэлт, зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөвлөн туслах үйлчилгээг тогтмол үзүүлдэг юм. Хяналт шалгалтын үед зөрчил гаргавал хялбаршуулсан журмаар шийдэх, эсвэл Зөрчлийн хуулийн дагуу хэрэг үүсгээд явдаг. Гэхдээ улсын байцаагч нар маань эрх зүйн мэдлэг багатайгаас үүдэн буруу зүйлчилж, хамаарахгүй зүйл ангиар торгосон тохиолдлууд гарах нь бий. Иймд бид арга зүйн зөвлөгөө өгөх сургалтуудыг шат дараатай зохион байгуулж байгаа.

Ер нь бол байцаагч нар зам тээврийн хяналт шалгалтыг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу Замын цагдаагийн албатай хамтарч, уялдаа холбоотой ажилладаг. Энэ жил бид Замын цагдаагийн албатай хамтран орон нутагт хяналт шалгалт хийх 27 посттой болох юм. Хууль зүйн сайдын төсвийн багцад пост барих төсвийг суулгаж, орон нутаг руу нь хуваарилснаар хөрөнгө оруулалтын асуудал шийдэгдэж байгаа. Пост нэмэгдснээр дамжин өнгөрөх хяналт шалтгалтын ажлыг эрчимжүүлэх, гэрээний бус тээвэрлэлтийн үйл ажиллагааг таслах зогсоох боломж бүрдэнэ.

Хөдөлгөөний удирдлагын хэлтсийн хамт олон хяналт шалгалт тавихаас гадна замын нөхцөл байдал хүндэрсэн үед иргэдийн осол саатлаас хамгаалах арга хэмжээ авдаг. Зорчигчдыг даатгалын байгууллагатайгаа хамтарч замд нь амраах, галт тэрэгтэй ойролцоо газар байсан тохиолдолд шилжин суух боломжийг олгодог. Дээрээс нь шуурхай мэдээллийг сонсох лавлах утаснууд тогтмол ажиллаж байна. Шугам хүрэлцээгүйгээс хамаараад дуудлага алдах тохиолдлууд байгаа. Иймд бид шугамаа нэмэгдүүлэх, зарим мэдээллүүдийг автомат хариулагчаасаа өгдөг байх зэрэг боломжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

-Авто тээврийн Үндэсний төв уул уурхайн компаниудад хилээр нэвтрэх тусгай зөвшөөрлийн хуудас өгдөг. Энэхүү зөвшөөрлийг уул уурхайн компаниуд ихээр нь олж авах эрмэлзэлтэй юм шиг санагддаг…

-Хоёр улс хоорондын хэлэлцээрээр олгогддог зөвшөөрлийн бичгүүдийг Авто тээврийн Үндэсний төв хариуцаж, шаардлагатай боомтууд дээр тараадаг. Бид Гашуунсухайт л гэж голчлон ярьдаг, үндсэндээ нийт найман боомт бий. БНХАУ-тай хиллэдэг боомтуудад бид тухайн ачааны онцлогоос хамаарсан зөвшөөрлийн бичгүүдийг олгож байна. Өмнөд хөрштэй хийсэн хэлэлцээрээр бол улс хоорондын байнгын ачаа, тээврийн гэрээтэй аж ахуйн нэгж, байгууллагад шууд өгөх ёстой юм. Гэхдээ тээвэр зохион байгуулалтын чиглэлээр зарим нэг боомтууд дээр тодорхой зохицуулалтыг хийх шаардлагатай байдаг. Иймд зөвшөөрөл олгох асуудал дээр онцгой анхаарч хяналт тавих нь зүйн хэрэг. Мөн замын хяналт шалгалтын ажлыг сайжруулах шаардлага ч бий. Тээвэр зохион байгуулалтынхаа ажилд энэ чиглэлийг илүүтэй тусгаж байна. Мөн боомт болгоны онцлогт таарсан төлөвлөгөө гаргаж ажиллах нь зүйтэй гэж үзэж байгаа.

-Авто үйлчилгээний байгууллага болон сэлбэг хэрэгсэлд тохирлын үнэлгээ өгч эхэлжээ. Энэ тухай тодруулаач?

-Одоогоор манай улсад зарагдаж байгаа сэлбэг хэрэгслүүдийн гарал үүсэл нь тодорхойгүй байдаг. Задалчихсан, угсарсан сэлбэг хэрэгслүүдийг ихэвчлэн зарах нь бий. Техникийн баталгааг гаргадаг тогтолцоо хэвшээгүй байна гэсэн үг. Харин манай Авто үйлчилгээний хэлтэс нь засвар угаалга, дугуй засвар, техник үйлчилгээ, агрегат үйлчилгээ болгонд тохирлын үнэлгээ өгч ажиллаж эхэлж байгаа. Мөн авто үйлчилгээний байгууллагуудад төдийгүй сэлбэг хэрэгсэлд тохирлын гэрчилээ олгож байгаа юм. Дээрээс нь манай autobox.mn цахим хуудсанд тээврийн хэрэгслийн мэдээллийн сан бүрдээд явж байна. Одоогоор 1400 гаруй тээврийн хэрэгслийн бүхий л мэдээллийг тэндээс харж болно. Уг цахим хуудсанд тухайн машины улсын дугаарыг хийхэд л өмнө нь осол аваар, эвдрэл гэмтэлд өртөж байсан эсэх, мөн цаг тухай бүртээ засвар үйлчилгээг нь хийж байсан талаар мэдэж болно. Орон нутаг дахь тээврийн хэрэгслийн мэдээллийн санг бүрдүүлэх ажлыг Зам тээврийн хөгжлийн яамтай гэрээ байгуулсны дагуу Авто тээврийн Үндэсний төв хариуцаж байна. Харин нийслэлийнхийг Нийслэлийн нийтийн тээврийн газар хийх юм.Мөн цаашдаа торгууль болон авто үйлчилгээ авахдаа апплейкшн ашиглаж төлбөрөө төлөх боломжийг эрэлхийлж байна.

-Дотоодын ачаа тээвэрлэлтийн нэгдсэн системтэй болохоор ажиллаж байгаа гэсэн үү?

-Дотоодын ачаа тээвэр гэх салбар орхигдсон байсан. Энэ чиглэлд хэд хэдэн зүйлийг анхаарах шаардлага байдаг юм. Одоогоор төвлөрсөн зах, худалдааны төвүүдээс орон нутгийн чиглэлд ачаа хөдөлж байгаа. Энэ ачаа эргэлтийн судалгааг бид хийсэн. Одоо “Тэсо” компанитай хамтраад дотоодын ачаа тээврийн нэгдсэн программыг хийж байгаа. Ингэснээр жолоочийг ачаа олгогчтой нь онлайнаар холбож өгөх боломж бүрдэж байгаа юм. Намраас бид энэ ажлыг туршиж үзэх юм. Ерөнхийдөө олон улсад ачаа тээвэрлэхэд үнэ хэмжээ, овор зэргээ тооцсон нэгдсэн тарифтай байдаг. Одоогоор манайд жолоочийн хэлсэн ханшаар л ачаагаа тээвэрлүүлдэг байдалтай байна.

О.Ариунцэцэг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *