Categories
мэдээ цаг-үе

Л.Цэрэндолгор: Газ, бензин үнэрлэж мансуурсан хүүхдэд солиорлын шинж тэмдэг илэрдэг

-АЛИВАА ДОНТОХ ЭМГЭГТЭМЧИЛГЭЭ ХИЙГЭЭГҮЙ ТОХИОЛДОЛД ӨӨР ТӨРЛИЙН ДОНГООР ӨВЧЛӨХ ЭРСДЭЛТЭЙ-

НИТХ-ын 2012 онд гаргасан “Худалдаа үйлчилгээний нийтлэг журам”-д худалдааны газрууд 21 нас хүрээгүй хүнд тамхи, архи согтууруулах ундаа, газ худалдахыг хориглоно. Мөн баллонтой хийг орон сууц, сургууль цэцэрлэг, ахуйн үйлчилгээ зэрэг хүн олноор цуглардаг газруудад гурваас дээш ширхэгийг хадгалахыг хориглоно” гэсэн заалт бий. Хэрэв бага насны хүүхдэд газ худалдсан бол тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авдаг аж. Харамсалтай нь энэ журам үйлчлэхгүй, эцэг эхийн хараа хяналт муу зэргээс үүдэн ахуйн газ үнэртэж хүүхэд амь насаараа хохирсоор байгаа юм. Тодруулбал, Хан-Уул дүүрэгт 14 настай хүү гэрийнхээ хашаанд ахуйн хэрэглээний газ үнэртэж, мансуурсны улмаас өнгөрсөн дөрөвдүгээр сарын 24-нд газар дээрээ амиа алдсан байдаг. Талийгаач хүү нас барахаасаа арав хоногийн өмнө газ үнэртэж байгаад ээждээ баригдаж байсан гэнэ. Иймээс эцэг, эхчүүд хүүхдэд илэрч буй зан ааш, дуу хоолойны өөрчлөлт, биеийн байдалд нь байнга анхаарч байх хэрэгтэй гэдгийг холбогдох албанаас анхааруулж байгаа. Энэ талаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхэд, өсвөр үеийн клиникийн их эмч Л.Цэрэндолгортой ярилцлаа.


-Сүүлийн үед хүүхдүүдийн дунд шингэрүүлсэн хий, газ үнэрлэж, мансуурах тохиолдол их гарах болсон. Үүний улмаас хүүхэд амь насаа алдсан тохиолдол ч цөөнгүй бий. Газ, бензиний найрлагад донтуулах бодис агуулагддаг уу?

-Газ, бензин, будаг шингэлэгч үнэрлэх эмгэгийг дэгдэмтгий уусгагч бодист донтох гэнэ. Эдгээр нь донтуулах төрлийн бодист ордог. Газны химийн найрлагад ямар бодис багтдагийг мэргэжлийн хүмүүсээс бусад нь анзаардаггүй. Шингэрүүлсэн шатдаг хий буюу газ нь пропан бутаны холимог нэгдлийг агуулдаг. Тухайн хүн газ үнэртсэн үед сэтгэл нь хөөрч нойрмог байдалтай болдог. Иймээс сүүлийн үед хүүхэд энэ төрлийн бодист донтоод байгаа юм. Шингэрүүлсэн нүүрс-устөрөгчийн пропан бутаны холимог нэгдлийг амьсгалснаар сэтгэл хэт ихээр хөөрөх, нойрмог байдалтай болох, амьсгал боогдох, зүрхний хэм алдагдах, санах ой түр зуур алдагддаг хор нөлөөтэй. Хамгийн аюултай нь газны хий алдагдахад шууд залгиур хоолой руу ордог. Тиймээс амьсгал боогдож үхэлд хүргэх аюултай. Тухайлбал, хоёр найз хүүхэд газ үнэрлэсэн юм билээ. Нэг нь газар дээрээ амиа алдаж, нөгөө нь хордлогод орж эмнэлэгт эмчлүүлсэн тохиолдол бий. Тухайн амьд үлдсэн хүүхэд нөгөөхөө уруу татаж хэрэглэсэн байсан. Иймд тухайн хүүхдэд хуулийн хариуцлага хүлээлгэсэн байгаа. Хүүхэд газ үнэрлэж байхдаа хэзээ ч хэмжээ тааруулан сорно гэж байдаггүй. Уг бодис нь хүний биед орох ёсгүй. Тиймээс зарим хүүхэд газ үнэрлэж эхлээд амь насаа алддаг. Харин зарим нь их хэмжээгээр үнэрлээд мансуурч үлддэг. Хүн хэрэглэж болохгүй бодис учраас маш их эрсдэлийг дагуулж байдаг.

-Буруу зуршилтай хүүхэд найз нарыгаа ганц л удаа хэрэглээд үзчихье гэж уруу татдаг. Нэг удаа газ, бензин үнэртсэн бол донтох эрсдэлтэй юу?

-Дэгдэмтгий уусгагч бодис үнэрлэсэн хүүхэд бүрт өөр өөр шинж тэмдэг илэрдэг. Ахуйн газ үнэрлэсэн хүүхэд эхлээд манардаг. Тухайн хүүхдийн биеийн онцлогоос шалтгаалж манралт янз бүрийн хугацаатай байдаг. Нэг л удаа үнэрлэхэд сэтгэхүйн өөрчлөлтүүд илэрч эхэлдэг. Тодруулбал, хэсэг хугацаанд манарна, ухаан санаагаа болон тэнцвэрт байдлаа алдана, хий юм харна, гажуу тусгал үүснэ, хажуу орчин дахь юмс өөрчлөгдөж, аймшигтай зүйл болж харагддаг. Мөн мэдрэл сэрэхүйн өөрчлөлт гардаг. Тухайлбал, биеэр нь амьтан гүйж буй мэдрэмж төрөх, хий юм сонсох, өөрийг нь заналхийлсэн дуу авиа сонсогдох гэх мэт. Анх удаа бага тунгаар үнэрлээд амь насаа алдсан тохиолдол ч олон бий. Ингээд газ үнэртсэн хүүхэд манарчихаад хэсэг хугацааны хэвийн байдалдаа ордог. Тэд өөрийгөө зүгээр боллоо гэж боддог. Гэтэл тийм биш юм. Архинд донтсон хүн архины цагаан солиотой болдог. Тэгвэл газ, бензин анх удаа хэрэглэхэд л тухайн хүнд солиорлын шинэ тэмдэг илэрдэг. Иймээс газ, бензин үнэрлэхэд зохистой хэрэглээ гэж огт байхгүй. Эдгээр бодисууд нь хүний биед огт орох ёсгүй зүйл.

-Хүүхэд өөртөө таалагдсан зүйлийг даган дуурайх, үүнийг хэрэглээд үзвэл яах бол гэсэн сониуч зантай байдаг. Зөвхөн ийм шалтгаанаар хүүхдүүд газ, бензин үнэрлээд байна уу. Хүүхдүүд яагаад, юунаас болж газ, бензин үнэртэх нь ихсээд байгаа юм бол?

-Хорт зуршилтай болоход зөв хүмүүжлээр хүмүүжсэн үү, үгүй юу гэдэг нь л чухал. Хүүхэд гэр бүлээсээ авсан хүмүүжлээсээ шалтгаалж, ямар нэг хүний зөв зүйлийг, эсвэл буруу зуршлыг даган дуурайдаг гэсэн үг. Иймд ар гэрийн хараа хяналтгүй, хүмүүжлийн асуудалтай, өв тэгш бус гэр бүлд өсөж хүмүүжсэн өсвөр насны хүүхдүүд буруу хорт зуршлыг даган дуурайх нь их байдаг. Зарим хүүхэд сэтгэл санааны таагүй байдлаа засах, тайвшрах, муухай дурсамжаа мартах шалтгаанаар мансууруулах бодисыг хэрэглэх нь бий. Гэхдээ зөв хүмүүжилтэй, гэр бүл, асран хамгаалагчийн хараа хяналттай хүүхдүүдийн дунд ийм асуудал байдаггүй. Мөн газ, бензин үнэрлэж мансуурдаг хүүхдийн тоо жил бүр нэмэгдээд байгаа. Үүний бас нэг гол шалтгаан нь энэ төрлийн бараа хямд үнэтэй байгаа нь нөлөөлдөг. Дээр нь эцэг, эхийн хайхрамжгүй байдал, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжийн хариуцлагагүй байдлаас үүдэлтэй. Жишээлбэл, 220 миллметрийн багтаамжтай газ 1000 гаруй төгрөгийн үнэтэй борлуулагддаг.

-Архинаас хамааралтай хүмүүс их догшин, сэтгэл санааны хувьд тогтворгүй гэх зэрэг сөрөг харилцаа ажиглагддаг. Харин газ, бензиний донтолтын үед хүний биед ямар өөрчлөлт ордог вэ?

-Оюун ухаан талаас нь ой тогтоолт муудна, анхаарал төвлөрөл сулардаг, орчин тойрныхоо юмыг анхаарч чадахгүй, аливаа зүйлийг амархан мартах гэх зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Мөн донтуулагч бодис хүний уураг тархины бүтцийн үйл ажиллагаанд өөрчлөлт оруулдаг. Хамгийн их өөрчлөлт ордог хэсэг нь уураг тархины духны дэлбэнх хэсэг байдаг. Уг хэсэг нь хүний зан авир, зан үйлийг хариуцдаг. Энэ нь нийгэмд хэрхэн биеэ авч явах, хүнтэй хэрхэн зөв харьцах, хаана яаж дасан зохицож байх вэ гэдгийг хариуцдаг хэсэг гэсэн үг. Ямар ч хүүхэд нэг төрлийн донтуулагч бодис хэрэглэснээр зан араншинд нь аажимдаа маш их өөрчлөлт бий болдог. Тэд ууртай, ширүүн, хөндий хүйтэн цэвдэг, хүнийг сэтгэлээсээ хайрлаж, энэрэх чадваргүй болдог. Ингээд тухайн хүүхэд насанд хүрсний дараа хүнтэй харьцах, хэвийн харилцаа тогтоох байдал нь алдагдсан байдаг юм. Үүнээс гэр бүлийн хэрүүл, маргаан, салалт гэх зэрэг тулгамдах асуудлууд хөвөрдөг.

-Ямар нэг донтолтын эмгэгээр өвчилсөн хүн өөр төрлийн донтолтоор өвчилдөг үү?

-Хавсарч донтох тохиолдол бий. Хамгийн их хавсарч донтдог зүйл тамхины дон байдаг. Манай улсын хүн амын дийлэнх нь тамхи татаж байгаа учраас байдаг л зүйл шиг санагддаг. Гэвч энэ нь донтох эмгэг юм. Нэг ёсондоо тухайн хүн тамхиа татахгүй байя ч гэсэн өөрийн мэдэлгүй татмаар санагддаг. Энэ бол тамхины донтолт. Тэгэхээр газ, бензин үнэртэж мансуурах донгоос гадна бусад бүх төрлийн донтох эмгэгт тамхи татах дон хавсарч байдаг. Нэг зуршил нөгөө зуршлыг бий болгодог.

-Зарим хүн бензин, будаг үнэртэхээр гоё байдаг гэж ярьдаг юм билээ. Ийм хүмүүс газ, бензин үнэрлэх донгоор өвчлөх эрсдэлтэй гэсэн үг үү?

-Энэ бол дон биш. Зарим нэг өвөрмөц үнэрт дуртай хүмүүс байдаг. Өвөрмөц үнэрт дуртай гээд тухайн зүйлээ эрж хайж, зорьж очиж, үнэрлэдэггүй. Үүгээрээ донгоос ялгарч байгаа юм. Харин аливаа нэг дон нь тухайн зүйлээ эрж хайна, хэрэглэнэ хэрэглэхгүй бол байж ядна, заавал хэрэглэх ёстой гэсэн бодол тухайн хүний оюун санааг тэр чигээр нь эзэмдчихдэг. Харин хааяа нэг тохиолдлоор үнэрлэчхээд, үүнийг үнэрлэх гоё гэдэг нь донтолтод орохгүй.

-Архины хамааралтай хүнийг архинаас гаргачихаад дахиж хэзээ ч амсуулж болдоггүй гэдэг. Тухайн хүн архи уух л юм бол архинд илүү хурц хэлбэрээр донтдог гэх юм билээ. Харин газ, бензиний донтолтын үед яадаг юм бол?

-Газ үнэрлэдэг хүүхэд эмчилгээ хийлгээд сайжирч байгаад жилийн дараа давтан хэрэглэсэн тохиолдол бий. Ямар ч донтох эмгэг нэг эмчлүүлээд зүгээр болдог зүйл биш. Донтох эмгэгээр өвчилсөн л бол насан туршдаа тухайн донгоо барих, хянах гэсэн асуудал яригддаг. Хүүхэд эмчилгээ хийлгэж байхдаа газ хараад үнэрлээд эхэлдэг. Тухайн дон сэдэрч байна гэсэн үг юм. Энэ нь тархинд үүссэн бүтэцийн өөрчлөлт ерөөсөө эдгэрээгүй, хэвийн байдалдаа ороогүй байгаа гэсэн үг. Тархины бүтцийн өөрчлөлт нь унтаа горимтой байгаа. Хэзээ ч сэрэхэд бэлэн хүлээгээд байж байна гэсэн үг. Тэгэхээр хамгийн зөв арга бол хүүхдээ газ үнэрлэхээс урьдчилан сэргийлэх ёстой. Хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах хэрэгтэй. Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ нээлттэй харилцаж, стрессийг даван туулах аргад сургах хэрэгтэй байна. Үүнийг ойлгуулахын тулд эцэг, эх хүүхдээ цэцэрлэгт орохоос нь өмнө анхааруулж хэлэх ёстой. Өөрөөр хэлбэл, хүүхдээсээ хараа хяналтаа салгахгүй байх нь чухал. Хүүхэд нэг зөв хэвшлээр хүмүүжих юм бол сайныг бүтээж хийхийг оролддог болно. Харин тэднийг өсвөр насанд хүрсэн хойно нь ойлгуулна гэдэг худал юм. Өсвөр насны хүүхдэд эцэг, эхчүүд нь уурлаж, загнаж, ойлгуулах нь сөрөг үр дагавартай. Учир нь өсвөр насныхан эцэг, эхчүүдийн хэлсэн үгийг үглэж байна гэх байдлаар хүлээж авдаг тал бий. Иймээс хүүхдийг өсвөр насанд хүрэхээс нь өмнө зөв аргаар хүмүүжүүлэх нь чухал байдаг юм.

-Аливаа донтолтын үед сэтгэл заслын эмчилгээ чухал гэдэг юм билээ. Газ, бензин үнэрлээд мансуурсан хүүхдэд ямар эмчилгээ хийдэг юм бэ?

-Дэгдэмтгий уусгагч бодист донтох эмгэг гэлтгүй бусад бүх төрлийн донтолтод хамгийн чухал нь сэтгэл заслын эмчилгээ чухал үүрэгтэй. Танин мэдэхүйн зан үйлийн сэтгэл заслын эмчилгээ гэсэн үг. Нэг ёсондоо тухайн хүүхдийн зан үйлийн, танин мэдэхүйг өөрчлөх буюу хүний биед хортой гэдгийг ойлгуулж өгөх нь чухал эмчилгээ болдог. Сэтгэл зүй болон оюун ухаанд нь маш сайн хадаж өгөх хэрэгтэй учраас ойр ойр давтамжтайгаар сэтгэл заслын эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Газ харсан үедээ хүүхдэд үнэрлэх юмсан гэдэг мэдрэмжээс илүү энэ чинь хортой, хүний амь насанд аюултай гэсэн бодлыг танин мэдэхүй талаас нь суулгаж өгөх ёстой. Мөн зан үйлийг өөрчлөх, газ хэрэглэхийг хүссэн дур хүслээ яаж дарж сурах вэ, яаж өөрийгөө зөв хэв маягт хэвшүүлэх вэ гэх зэрэг аргад сургах нь сэтгэл заслын эмчилгээ юм. Энэ эмчилгээ их хийгддэг. Эмнэлэгт хийлгэсэн сэтгэл заслын эмчилгээгээ үргэлжлүүлэн гэрээр ч хийх ёстой. Гэтэл манайд хараахан ийм боломж алга. Улмаар сэтгэл заслын эмчилгээ тууштай хийгдээгүйгээс болж дон сэдрэх асуудал гараад байгаа. Эмнэлгээс гарсан хүүхэд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд дахин дахин ирээд байх боломжгүй байдаг. Иймээс хүүхдийн хамгийн ойр орчин болох сургууль, өрхийн эмнэлэгт сэтгэл зүйч байх хэрэгтэй байна. Манайхаас гарсан тэдгээр хүүхдүүдийг хариуцсан өрхийн эмнэлэг, сургууль нь хүлээж аваад үргэлжлүүлэн танин мэдэхүйн хичээлээ ордог. Хараа хяналтыг нийгмийн ажилтан, эцэг, эх нь хамтран тавих хэрэгтэй. Байнга тухайн хүүхэдтэй ярилцаж, сэтгэл зүйн асуудлын хуваалцдаг байх хэрэгтэй. Ийнхүү сэтгэл зүйн тусламжийг үргэлжлүүлээд хийгээд байвал тухайн хүүхэд засрах, эдгэрэх боломжтой байдаг. Манай эмнэлгийн хувьд уг асуудалд хүн хүч хүрэхгүй байгаа.

-Эцэг, эхчүүд буруу зуршилтай хүүхдийг эмчлүүлэхээр мэргэжлийн байгууллагад хандахаас илүүтэй тухайн зүйлээс нь хүчээр холдуулах гэж үздэг. Энэ нь хэр сөрөг үр дагавартай вэ?

-Ийм тохиолдол их байдаг. Нэг айлын хүүхэд интернэт тоглоом тоглох донтой байдаг. Энэ байдлаас нь холдуулъя гэхэд эцэг, эх нь хотод сурдаг хүүхдийг сургуулиас нь гаргаад хөдөө явуулчихдаг. Ингээд хөдөө очоод интернэт тоглоом байхгүй учраас нөгөө хүүхэд тухайн донтолтын дур хүслээ дарахын тулд өөр төрлийн хорт зуршлаар тухайн зүйлээ орлуулдаг. Нэг донтолтын төрлийн өвчнөө эмчлээгүй учраас өөр төрлийн донгоор дур хүслээ дарж байна гэсэн үг. Иймээс эмчилгээ л хийлгэхгүй бол өөр төрлийн донгоор өвчлөх эрсдэлтэй. Сэтгэл зүйн тусламж үзүүлэхгүй хүчээр дур хүслийг нь дараад байна гэдэг бол тухайн хүүхдийг байж ядах байдалд оруулдаг. Улмаар тухайн хүүхэд гэрээсээ оргодог, дайждаг эсвэл өөр хорт зуршил руу бүрэн автдаг тал ч бий. Бүр хүүхэд дур хүслээ дарахын тулд гараа өнгөц зүсэж тайвширсан ч тохиолдол бий. Тиймээс мэргэжлийн тусламж үйлчилгээг авах нь хамгийн чухал. Сэтгэцийн эмч гэлтгүй сэтгэл зүйч нар ч ийм эмчилгээ үзүүлж чадна. Харин эм тариа хийж, хэвтэн эмчлүүлэх шаардлагатай байгаа тохиолдолд сэтгэцийн эмчид хандах ёстой.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *