Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Наранбаатар: Элэгний хепатит Д вирусийг Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлүүлэх хүсэлт гаргасан

“Элэг бүтэн Монгол” хөтөлбөр хэрэгжиж эхлээд жил гаруй хугацаа өнгөрч, хоёр дахь шатны ажлыг өнгөрсөн долоо хоногоос эхлүүлсэн. Хөтөлбөрт элэгний хепатит Д вирустэй өвчтөнүүдийг орхигдуулж, тэдэнд чиглэсэн арга хэмжээ авахгүй байна гэсэн гомдол иргэдээс ирсэн байна. Үүний дагуу элэгний хепатитаар үүсгэгддэг Д вирусийн шинжилгээг Эрүүл мэндийн даатгалын сангаар хөнгөлүүлэх хүсэлтийг “Оном” сангийн зүгээс ЭМЯ болон холбогдох байгууллагуудад хүргүүлж байгаа аж. Энэ талаар тус сангийн ТУЗ-ын дарга Шинжлэх ухааны доктор Д.Наранбаатараас тодрууллаа.


-“Элэг бүтэн монгол” хөтөлбөрийн эхний шатны үр дүнгийн талаар тодруулна уу?

-“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг манай сангаас анхлан санаачилж байсан. Өнгөрсөн жилийн тавдугаар сараас 2018 оны тавдугаар сарыг хүртэл эхний ээлжийн аянг хэрэгжүүлсэн. Аянд 40-65 насны иргэдийг хамруулсан. Улсын хэмжээнд дээрх насны 750 мянган хүмүүс бий. Эрт илрүүлэгт хамрагдсан 350 мянга иргэнээс 310 мянга нь элэгний C вирустэй гэж оношлогдсон. Харин 2188 иргэнээс элэгний В вирус илэрсэн. Өвчлөлтэй хүмүүсийн хэрэглэх эм бэлдмэлийг Эрүүл мэндийн даатгалын сангаас 60-100 хувийн хөнгөлөлт үзүүлж, эмчилж байна. Эмчилгээний үр дүн 75 хувьтай байна. Энэ онд 30-аад тэрбум төгрөгийг энэ төрлийн үйлчилгээнд зарцуулахаар төсөвлөсөн. В вирусийг бүрэн устгах эмийн тухайд, манай улсад энэ төрлийн таван эм 60 хувийн хөнгөлөлттэй худалдаалагдаж байгаа. Мөн С вирусийг устгах таван төрлийн эм байгаагаас хүмүүсийн сайн мэдэж буй нь “Харвони” юм. Уг эм хайрцаг тутамдаа 210 мянган төгрөгөөр хөнгөлөгдсөн. Өөрөөр хэлбэл нэг курс тутамд иргэдэд 630 мянган төгрөгийн хөнгөлөлт үзүүлдэг гэсэн үг. Харин Д вирусийн эсрэг вакцин, эмчлэх эм бэлдмэл дэлхий нийтэд хараахан гараагүй.

-Шинээр халдвар авах хүмүүсийн тоог хэрхэн бууруулах вэ?

-Хэрэв хүмүүс шинэ халдвар аваад байх юм бол вирус тээгч нэмэгдээд л байна гэсэн үг. Тиймээс шинэ халдвар тээгчийг дахин бий болгохгүй байх арга хэмжээг шуурхайлан авна. Хөтөлбөрийн хамгийн гол зүйлсийн нэг нь урьдчилан сэргийлэх үзлэг оношлгоонд иргэдийг яаралтай хамруулж, үйлчилгээг сайжруулж, иргэдийг вакцинжуулах ажлыг нэгдүгээрт тавьж байна.

-Иргэдээ халдвар тээгч болгохгүйн тулд юунд анхаарах ёстой юм бэ?

-Хүмүүс гадны хүчин зүйлээс үүсэх нөлөөллийг сайтар анхаарах хэрэгтэй. Жишээ нь шүдний эмнэлэгт очиж үйлчлүүлэхдээ эрүүл ахуйн байдлыг нь хянаж үзээгүйгээс болоод халдвар авч байна. Эмнэлгийн нэг хэрэглээний багажийг шинээр задалж байгаа эсэх, ариутган дахин хэрэглэдэг багажийг сайтар цэвэрлэж, халдваргүйжүүлэлт хийсэн эсэхийг маш сайн хянах хэрэгтэй. Эдгээрийг харж, хянах нь бас урьдчилан сэргийлэлтдээ орж байгаа юм. Мөн хүмүүс мэдээлэл муутайгаас үүдэн өвчлөлд өртөж байна. Хэрэв мэдээлэлтэй бол өөрсдийгөө хамгаалж чадна. Залуучууд ихэвчлэн шивээс хийлгэх, хөмсөг шивүүлэх, контур шивүүлэх, гоо сайхны хагалгаа, батга шахуулах зэрэг багахан хэмжээний цус гарсан, арьс салст гэмтээж байгаа зүйлсээс халдвар авч байдаг. Бүр үс засуулахад хүртэл вирус авах магадлалтай. Яагаад гэвэл нэг л эвгүй зүсэлт үүсч, арьс гэмтвэл ариутгаагүй багажид үлдсэн элдэв вирус таны биед орох нөхцөлийг бүрдүүлж байгаа хэрэг. Мөн хүмүүс шүдний сойзоо дамжуулж хэрэглэхгүй, хумсны болон сахлын хутгаа бусадтай солихгүйг анхаарах нь чухал. Бас залуучуудыг дахин вакцинжуулалтад хамруулах хэрэгтэй байна. В вирусийн эсрэг маш сайн вакцинийг манай улсад хийдэг шүү дээ. Үүнийг хийлгэчихвэл В вирусийн халдвар авахгүй. В вирусийн халдвар аваагүй тохиолдолд Д вирусийн халдвараар өвчлөхгүй. Д вирус зөвхөн В вирустэй хүнд л халддаг. Элэгний хепатитийн вирус зөвхөн арьс салст гэмтээсэн тохиолдолд бус бас бэлгийн замаар халддаг тул бэлгийн идэвхтэй насан дээрээ байгаа залуусыг дахин вирусийн вакцинд хамруулах хэрэгтэй байна. Өмнө нь нярай байхдаа энэ төрлийн вакцинд хамрагдаж байсан бол энэ нь 15 жилийн хугацаанд л биеийг хамгаалж, үүнээс цааш дархлаажуулалт сулардаг юм. Тиймээс одоо бэлгийн идэвхтэй үе дээрээ байгаа хүмүүс буюу 18-25 насны залуусыг В вирусийн вакцинд дахин хамруулах учиртай юм.

-Д вирусийн тухайд?

-В вирустэй хүмүүсийн 60 хувь нь Д вирусийн давхар халдвартай гэж оношлогдсон. Д вирус нь эрүүл хүнд халддаггүй зөвхөн В вирустэй хүнд л халддаг согогтой вирус гэж түрүүн хэлсэн. Тиймээс В вирусээр дамжин тэжээгддэг гэсэн үг. Одоогоор 140000 хүн Д вирусийн халдвартай гэж оношлогдоод байгаа.

-Д вирусийн эсрэг ямар арга хэмжээ авч байна вэ?

-Өнгөрсөн долоо хоногт элэгний В, Д вирустэй нэгдэн тэмцэх хэлэлцүүлэг зохиосон. Элэгний хепатитын Д вирус нь эмчилгээ муутай, анагаах эм бэлдмэл ховор байдаг. Одоогоор зөвхөн нитерприон гэж тариаг л Д вирусийн эсрэг ашиглаж байна. Гэвч эмчилгээний үр дүн 30-аас доош хувьтай, сөрөг нөлөө маш ихтэй. Мөн нэг тун нь л гэхэд 500 гаруй мянган төгрөгийн үнэтэй. Үүнийг бүтэн жил хэрэглэх ёстой байдаг. Долоо хоногтоо нэг удаа тарьдаг. Тэгэхээр нэг сарын эмчилгээ нь 1.600.000 төгрөг болдог. Үүнийг нэг жил хийлгэхээр 20 гаруй сая төгрөг болж байгаа юм. Энэ төрлийн вирус нь элэгний вирус дундаа хамгийн хүнд хэлбэрийнх нь байдаг. 20-оодхон настай залуучууд энэ вирусээс болоод ертөнцийн мөнх бусыг үзүүлж байна. Монгол Улсад 50 гаруй элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэсэн 90 хувь нь Д төрлийн вирусийн халдвартай байсан. Тиймээс хамгийн хүнд, хамгийн хурдан тархацтай элэгний хепатитын вирус гэж үздэг. Хүн залуу байх тусмаа эдгэхэд хэцүү идэвхжил хурдан. Ер нь В эсвэл С вирус дангаараа байвал 20-25 жилийн дараа элэгний хатуурал хорт хавдарт хүрдэг бол энэ вирусээр өвчилсөн хүн 5-8 жилийн дотор үхэх аюултай. Тиймээс эмчилгээг нэн даруй хийлгэх шаардлагатай байдаг. Харамсалтай нь эмчилгээ муутай учраас энэ асуудлыг зохицуулахад төвөгтэй болж байгаа юм. “Элэг бүтэн Монгол” хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш Д вирусийг орхигдууллаа гэсэн гомдол их ирсэн. Тиймээс Д-ийн төрлийн вирусийн эмчилгээнд зориулан ажил эхлүүлэхээр болсон. Дэлхийд дөрвөн төрлийн эм судалгааныхаа шатанд туршигдаж байна. Энэ эмүүдээс нь монгол хүнийг эмчлэхэд хэрэглэх хэрэгтэй. Нээлттэй хэлэлцүүлгийн гол зорилго нь энэ байсан юм. Монголын төр засаг юу хийх хэрэгтэй байгаа, гадны эрдэмтдээс бид юуг хүсэх вэ гэдгээ ярилцсан. Энэ өвчний тархалт өндөр хөгжилтэй орнуудад маш бага. Жишээ нь АНУ-ын иргэдийн таван хувь нь В вирусийн халдвартай байдаг. Гэтэл Монголд илрүүлэг шинжилгээнд хамрагдсан иргэдийн 60 хувь нь ийм халдвартай байна. Насанд хүрэгчдийн 11 хувь нь халдвар тээгч болох нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, 100 хүн тутмын 10-11 нь В вирусийн халдвартай. Тэр 10-11 хүний 5-6 нь Д вирусийн давхар халдвартай. Иймд ганц нэг байгууллага зүтгээд хүчгүйдэж байна. Монгол Улс ч мөн дангаараа хүчин мөхөстөж байна. Тэгэхээр дэлхийн тэргүүлэгч эрдэмтэд, техник технологитой хамтарч байж үр дүнтэй ажиллах хэрэгтэй.

-Эрүүл мэндийн даатгалын сангаас Д вирусийг хөнгөлүүлэх санал хүргүүлэхээр болсон гэсэн?

-Элэгний өвчлөлөөс болж хоногт долоон хүн нас барьж байна. Эдгээрийн талаас илүү хувь нь элэгний В, Д вирусээс болж нас барсан байдаг. Тиймээс бид ЭМЯ, Сангийн яам, ХНХЯ-дад хүсэлт хүргүүлж байна. Үүнд өвчтэй хүмүүсийн оношилгоонд анхаарах, Д вирусийг тоолох шинжилгээг даатгалаас хөнгөлөх асуудлыг тусгасан. Мөн клиникийн шинээр гарч байгаа эмчилгээ, эм бэлдмэлүүдэд гар бие оролцох нөхцөлөөр нь хангах хэрэгтэй байна. Олон улсад клиникийн судалгаагаар хөгжүүлж, туршигдаж байгаа эм нь манай улс руу орж ирэхээрээ 250-300 мянган долларын үнэтэй болж, үнэ нь хэд дахин нэмэгддэг. Энэ өвчлөлд тохирсон тархалт багатай эмийг 100 дахин хямдруулаад ч хамаагүй эх орондоо оруулж ирмээр байгаа юм. Ингэхийн тулд тэдгээр туршилт хийж байгаа компаниудад тусалж, хамтран ажиллах ёстой. Дэлхий нийтээрээ элэгний өвчлөлд санаа зовж байхад энэ өвчлөлийн голомт нь болсон Монгол Улс хойш сууж болохгүй.

-Хамгийн аюултай гэгдэх Д вируст өмнө нь хэрхэн анхаарал хандуулдаг байсан юм бол?

-Тохирсон эмчилгээ одоо ч гараагүй байгаа болохоор хэцүүхэн байдаг. Хэрвээ олон улсад зөвшөөрөгдсөн эм бэлдмэл, эмчилгээ байвал төр засагтай хамтраад, яаж ийж байгаад оруулаад ирж болно. Гэвч тийм зүйл даанч алга. Залуу үедээ мэдээлэл сайн түгээж, өөрсдийгөө вирус тээгч болгохгүй байхыг сануулах шаардлагатай байна. Энэ өвчин нь зөвхөн салстаар халдах бус бэлгийн замаар болон эхээс урагт гэсэн замаар халддаг гэдгийг хүмүүс төдийлөн сайн мэддэггүй.

-Ер нь хүмүүс ихэвчлэн хаанаас халдвар авч байна вэ?

-1991 оноос өмнөх үеийн хүмүүс В вирусийн вакцин хийлгэж байгаагүй болохоор ихэвчлэн хүүхэд байхдаа авсан байдаг. Харин 1991 оноос хойших, вакцинд хамрагдсан хүмүүсийн халдвар авсан шалтгаан нь тодорхойгүй байдаг. Хүмүүс ихэнхдээ амьдралын буруу хэв маягаас үүдсэн гэж боддог болов ч ихэвчлэн гадны хүчин зүйлээс болсон байдаг. Гэхдээ нярайг төрмөгц нь В вирусийн тарилга хийгдэж байгаа ч тэдгээр хүүхдүүдийн дунд элэгний вирус нэг хувьтай байна. Уг нь энэ тохиолдолд 0 эсвэл 0.5 хувьтай байх ёстой. Мөн 20-24 насныхны дунд 5.9 хувьтай, 24-с дээш насныхны дунд энэ өвчний тархалт бүр өндөр хувьтай байна. Хөдөө орон нутагт буюу баруун тав, зүүн гурван аймагт болон говийн аймгуудад судалгаа хийж үзэхэд хамгийн их өвчлөлтэй нь Ховд, Сүхбаатар бол хамгийн бага нь Баян-Өлгийн аймаг байсан.

З.МӨНХСУВД

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *