Categories
мэдээ нийгэм

АШУҮИС-ийн түшиц сургуулиар Хэнтийн уламжлалт анагаахын сургууль сонгогдлоо

Хэнтий аймгийн Уламжлалт анагаах ухааны төв нь Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн /АШУҮИС/ Монгол анагаахын олон улсын сургуультай хамтран ажиллах гэрээг байгуулж, тус их сургуулийн түшиц сургалтын бааз болжээ.

Ингэснээр эмнэлэг, сургалт, эрдэм шинжилгээний нэгдсэн үйл ажиллагааг зэрэгцүүлэн хөгжүүлэх боломж бүрдсэн бөгөөд Уламжлалт анагаах ухааны төвийн ирээдүйн хөгжлийн үүд хаалгыг нээсэн чухал алхам болсон гэдгийг эмнэлгийн удирдлагууд хэлж байна.

Монголын Уламжлалт анагаах ухааныг орон нутагтаа хөгжүүлж 25 жилийн турш Хан Хэнтийчүүддээ үйлчилсэн тус хамт олон 2018 онд “Үйлдэл бүхэн итгэмжлэл” уриатайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.

Эхний хагас жилийн байдлаар аймгийн засаг даргын мөрийн хөтөлбөрийн хүрээнд нийгмийн эрүүл мэндийн тэргүүлэх чиглэл болох иргэдийг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилго бүхий “Эрүүл аж төрөх Монгол ухаан” сэдэвт сургалтыг Биндэр, Мөрөн, Жаргалтхаан сум, Өлзийт тосгон, Баянхутаг сумдад тус тус зохион байгуулж, нийт 352 иргэнд Уламжлалт анагаахын тусламж үйлчилгээг газар дээр нь хүргэжээ.

Үүний зэрэгцээ тус сумдын эрүүл мэндийн төвийн 87 эмч эмнэлгийн мэргэжилтэн ажилчдад Уламжлалт анагаахын ёс зүйн онцлогийг шингээсэн хөтөлбөрт сургалтыг зохион байгуулсан байна.

Мөн “Эрүүл аж төрөх Монгол“ сэдэвт сургалтын хөтөлбөрийн дагуу ЕБС-ийн 8-16 насны сурагчдын дунд академик сургалтыг 2017-2018 оны хичээлийн жилд зохион байгуулж, 25 үе тэнгийн сургагч багш бэлтгэн гэрчилгээ гардуулжээ.

Гадаад харилцааг өргөжүүлж БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын Олон улсын Монгол эмнэлгийн хороотой хамтран ажиллах талаар туршлага солилцсон ба БНХАУ-ын Хятад анагаах Ухааны Олон улсын эмнэлэгт их эмч М.Даваа зүү эмчилгээний мэргэжил дээшлүүлэх, Хөх хотын анагаах ухааны сургуульд Тайчи- Ушуны мэргэжлийн сургалтанд их эмч О.Ганхуяг нар тус тус суралцаж эмч нарын мэргэжлийн ур чадвараа ахиулжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *