Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Ёндонгомбо: Цахилгаан станцууд удахгүй ундны цэвэр уснаас татгалзаж, цэвэрлэх байгууламжийн саарал усыг ашиглана

-УРД ХӨРШИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛЭЭР ТӨВ ЦЭВЭРЛЭХБАЙГУУЛАМЖИЙГ ШИНЭЭР БАРИХШИЙДЭЛД ХҮРЧЭЭ-

Монголын үндэсний эрчмийн аж үйлдвэрийн хөгжлийн нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, доктор Г.Ёндонгомботой ярилцлаа.


-Цэвэрлэх байгууламжийг шинээр барина, саарал усыг нь дахин ашиглана гэсэн мэдээлэл сонслоо. Шинээр барих хөрөнгө санхүүгийн асуудал нь шийдэгдсэн хэрэг үү?

-Хоёр төслийн асуудал яригдаж байна. Нэг нь таны лавласанчлан Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн асуудал. Эвгүй үнэртэй, хэлтэй амтай олон жил болж байгааг нийслэл даяараа мэднэ. Төв цэвэрлэх байгууламжийг Хятадын хөнгөлөлттэй зээлээр шинээр барих шийд гарч байх шиг байна. Энэ ажлыг Барилга хот байгуулалтын яам хариуцна.

-Францын компани ТЭЗҮ-ийг нь хийсэн гэсэн мэдээлэл бий. Тэр ТЭЗҮ-ээр хийх үү, эсвэл өөр хувилбар байна уу?

-Тэдний хийсэн ТЭЗҮ-гээр хийх эсэхийг Барилга хот байгуулалтын яам Хятадын Засгийн газартай ярьж хэлэлцээд шийдэх байх. Ямар ч байсан хөрөнгө мөнгөний асуудал нь шийдэгдчихсэн.

-Төв цэвэрлэх байгууламж цэвэрлээд гаргасан саарал усаа Туул голд нийлүүлдэг байсан. Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барьсаны дараа саарал усыг нь цахилгаан станцын хэрэглээнд ашиглана гэв үү?

-Цахилгаан станцын хөргөлтөд ашиглая гэсэн шийдэл гараад байгаа. Гурав, дөрөвдүгээр цахилгаан станц гүний эх үүсвэрийн ус хэрэглэдэг юм. Унданд тохирсон цэвэр ус ашигладаг гэсэн үг. Бүр энгийнээр яривал тансаглаж байгаа хэрэг л дээ. Гүний усныхаа хэрэглээг дахин боловсруулсан усаар сольчихоор нэлээд хэмжээний цэвэр усны нөөцтэй болно.

-Цэвэрлэх байгууламжаас гарах саарал усыг цахилгаан станцт шууд хэрэглэх үү?

-Шууд хэрэглэхгүй. АНУ-ын Мянганы сорилтын корпораци (МСК)-тай байгуулсан хоёр дахь Компакт гэрээний хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж (ТЦБ)-аас гарах саарал усыг дахин боловсруулах үйлдвэр барина. Энэ дахин боловсруулсан усыг ДЦС-уудад ашиглах төслийн техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ийг хийгээд дуусч байна.

Судалгааны явцад ДЦС-ууд хувьд хоногт 50,000 м3 ус буюу жилд 18,250,000 м3 усыг дахин боловсруулсан усаар орлуулах боломжтойг тооцоолсон. Дахин боловсруулсан усыг хөргөлт, угаалга цэвэрлэгээ, галын систем зэрэг усны чанарын өндөр шаардлага тавигддаггүй технологийн үе шатуудад ашиглахыг ДЦС-уудын Техникийн Зөвлөл дэмжсэн бөгөөд энэхүү усны хэмжээ нь ДЦС-уудын нийт техникийн усны 70 хүртэл хувийг эзэлдэг юм.

-Төв цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалттай зэрэгцүүлээд хийх төлөвлөгөөтэй байгаа юу?

-Бүтээн байгуулалтууд нь зэрэг явах ёстой. Учир нь дахин боловсруулах үйлдвэрийн түүхий эд нь Төв цэвэрлэх байгууламжаас цэвэрлэгдэж гарсан ус.

-Дахин боловсруулах үйлдвэрийг хаана барихаар товлосон бэ?

-Дөрөвдүгээр станцаас баруун тийш, гурав, дөрөвдүгээр станцаас дундажлаж хэлвэл 3-5 км зайд байрлах юм. Тусдаа шугам хоолой татна. Ажлыг станцын гаднах болон станцын доторх гэж хоёр хувааж байгаа. Үүнтэй холбоотой судалгааны ажил бараг бүтэн жил үргэлжиллээ. Станцуудын техникийн зөвлөл “Саарал усыг дахин боловсруулж хэрэглэе” гэсэн шийдвэр гаргаад байгаа. Мэдээж олон улсын тендер зарлагдана. Шалгаруулалт явагдана.

-Бүтээн байгуулалт нь хэзээ эхлэх бол?

-2019 оны хавар юм уу, зуны эхээр эхэлчих болов уу гэсэн чиг байна.

-Хаанахын технологиор барих вэ?

-Монголдоо бол шинэ технологи. АНУ-ын хувьд 50 орчим станцад ийм технологи буюу дахин боловсруулсан ус хэрэглэдэг.

-Дахин боловсруулсан ус гэдгээ энгийнээр тайлбарлаач. Саарал усыг бүр цэвэршүүлнэ гэсэн үг үү?

-Цэвэрлэсэн саарал усыг тодорхой хэмжээний төлөв байдалд хүргэнэ. Энэ нь ус ашиглах түвшнээ хэлээд байгаа юм. Саарал усыг ундны зориулалттай ч болгож болно. Хэрвээ тэгнэ гэвэл нэлээд нарийн технологи шаардагдана. Багагүй зардал шингэсэн ус болно. Өөрөөр хэлбэл үнэтэй ус болно. Хөргөлтөд хэрэглэнэ гэхээр ундны устай харьцуулбал шаардлага нь арай наагуур л даа. Одоо ч гэсэн станцын хөргөлтийн усыг ууж хэрэглэх боломжгүй. Технологийн талын олон шаардлагыг биелүүлсэн ус байх ёстой юм. Энэ төслийг хэрэгжүүлснээр саарал усыг хамгийн ихээр хэрэглэдэг анхны объект нь гурав, дөрөвдүгээр станц болж хувирна. Станцуудын технологийг авч үзвэл хэд хэдэн төрлийн усны хэрэглээбайдаг. Дотоод циклд зориулсан ус гэж бий. Өөрөөр хэлбэл зуух, турбинд хэрэглэгддэг ус. Үүнд маш хатуу шаардлага тавигддаг. Химийн боловсруулалтын үр дүнд усыг маш их хэмжээгээр зөөлрүүлнэ. Булаг, голын ус маш хатуулагтай байдаг. энгийнээр хэлбэл давс ихтэй байдаг юм. Ус гэхээсээ илүү уусмал гэсэн үг. Цахилгаан станцад хэрэглэх усны хувьд өөр. Усыг давснаас нь салгаж, цэвэршүүлээд хэрэглэдэг. Тэгэхгүй бол цахилгаан станцын шугам хоолойд хаг хусам үүсэх, зэврэх процесс явагддаг. Энэ хоёр процессийг тэнцвэржүүлэх ёстой. Зэврүүлэхгүй гээд арга хэмжээ аваад явахаар хаг хусам нь хэтэрчих гээд байдаг. Хусам тогтоохгүй гээд арга хэмжээнүүд авчихаар зэврэх тал руугаа явчихдаг. Технологийн нарийн төвөгтэй процесс л доо. Хотын дулааны шугам сүлжээний нэмэлт ус гэсэн асуудал байдаг. Үүнд саарал ус ашиглах асуудал яригдсан ч одоохондоо цаг нь болоогүй гээд азнахаар шийдэж байна.Улаанбаатар хотын дулааны сүлжээнд цагт 400 хүртэл тонн ус алдагддаг гэсэн статистик бий. Шалтгаан нь янз бүр.

-Уг нь саарал усны хэрэглээг ихэсгэх тусам цэвэр усны нөөцөд аригтай баймаар юм. Дулааны шугам сүлжээний нэмэлт усыг дахин боловсруулсан усаар өөрчлөх шийдэлд яагаад хүрээгүй юм бэ?

-Зарим орон сууцныхан өнөөдрийг хүртэл паарнаасаа ус хэрэглэдэг учраас азнасан юм. Уг нь болохгүй асуудал. Паарны усны тухайд химийн боловсруулалтад орчихсон, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхээр ус.

-Паарнаасаа ус хэрэглэдэг айлууд байдаг хэрэг үү?

-Ус сувгийн удирдах газар, Нийтийн аж ахуйн удирдах газраас авсан мэдээллээр бол хуучны байрнуудад одоо ч хэрэглэж байна. Хан-Уул дүүрэгт л гэхэд их дээр үеийн хоёр давхар байшингууд байдаг юм. Иймэрхүү байрнуудад хэрэгцээний халуун ус гэсэн шугам байхгүй учраас радиатороосоо халуун ус аваад хоол унд, угаалга цэвэрлэгээнд ашигладаг. Уг нь зөвхөн халаах зориулалттай л ус.

-Түрүүн таны хэлсэн 400 гаруй тонн усны алдагдал зөвхөн энэ хэрэглээнээс болдог байх нь ээ?

-Усны хоолой хагарах, хаалт арматураар шүүрэх гээд л техникийн шалтгаан бий л дээ.

-Хэрэглэж болохгүй гэдгийг нь албан ёсоор зарлаад дахин боловсруулсан саарал усыг айлуудын паараар гүйлгэчихэж болохгүй юу?

-Болохгүй юм байхгүй. Дулааны шугам сүлжээнд хэрэглэдэг усаа өнгөжүүлээд гүйлгэчихвэл иргэдэд хэрэгтэй шийдэл болно. Хий гэхэд л угаасаа үнэргүй эд. Гэхдээ хүмүүст мэдрүүлэхийн тулд үнэр оруулдаг. Аюултай гэж сэрэмжлүүлж буй арга. Хэрвээ энэ усанд өнгө оруулчихвал айлууд радиатораасаа халуун ус авч хэрэглэхгүй. Хөх өнгийн ус гарвал хэн ч сэжиглэнэ. Тэгээд явчихъя гэсэн санаа оноо гарсан. Гэхдээ энэ удаадаа азная гэж шийдсэн.

-Паарны халуун усыг шууд хэрэглэхийн хор нөлөөг энгийнээр тайлбарлаж өгөөч?

-Маш их хэмжээний давстай ус гэсэн үг. Бүр энгийнээр хэлбэл говийн устай адилхан гэж багцаалдаж ойлгож болно. Говийн ус уудаг хүмүүст эрүүл мэндийн тодорхой асуудал бий гэж ярьдаг шүү дээ.

-Станцуудын усны хэрэглээ хэр байдаг вэ. Их хэрэглээтэй хэсэгт багтах уу?

-Багтана шүү. Дундажлаад яривал гурав, дөрөвдүгээр цахилгаан станц нийлээд цагт 2000 гаруй тонн ус хэрэглэдэг. Станцын хэрэглэдэг ус гурван хэлбэрээр алдагддаг. Хөргөх цамхагаас уур хэлбэрээр алдагдана. Мөн эдгээр цамхагт усыг цацруулж хөргөдөг тул усны дуслууд цамхагийн агаарын урсгалаар дээшээ сорогдожсалхинд туугдаж алга болно. Станцын усыг олон дахин эргэлдүүлж ашиглахаар хатуурдаг. Ингэж хатуурсан усны давстай хэсгийг үлээлгэж зайлуулдаг. Энэ мэтээр усны алдагдал их байдаг юм. Тэгэхээр саарал усыг дахин боловсруулж ашиглаж эхлэх нь маш том өгөөжтэй. Нийслэлчүүдийн цэвэр усны хэрэглээнд том хувь нэмэр оруулж эхэлнэ.

-Дахин боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт цэвэрлэх байгууламжтай хамт ирэх хавраас эхэлнэ гэж та ярилцлагынхаа эхэнд дурдсан. Бүтээн байгуулалт хэдий хугацаанд үргэлжлэх бол. Нийслэл хэзээ шинэ цэвэрлэх байгууламжтай болж, станцууд хэдийнээс цэвэрлэх байгууламжийн саарал усыг ашиглах вэ гэдэг асуултын хариу олон хүний сонирхлыг татах байх…?

-Гурав, дөрвөн жилийн ажил бий.

-Төв цэвэрлэх байгууламжийн лагийг бордоо болгоно гэх мэт асуудал яригддаг. Манай хувьд тийм боломж байгаа болов уу?

-Аливаа хотын төв цэвэрлэх байгууламжид хүний ялгадас, гар нүүр, биеэ угаасан ус л очиж байх учиртай. Гэтэл манай цэвэрлэх байгууламжид очдог бохирын хувьд арай өөр. Арьс шир боловсруулсан бохир ус бас очдог. Уг нь цэвэрлэх байгууламжид үүссэн лагийг шатааж болдог. Бордоонд ашиглах гарц бий. Харин манай лагийг тийм зориулалтаар ашиглаж болохгүй болчихсон. Учир нь хүнд элеметийн найрлага ихтэй. Түрүүн хэлсэнчлэн арьс шир боловсруулах үйлдвэрийн хаягдал очдог учраас тэр л дээ. Арьс ширний үйлдвэрийн боловсруулалтад хэрэглэдэг хорнууд байдаг учраас шатаахаар агаарт тархана, бордоо хийхээр хүнсний ногоонд сөргөөр нөлөөлнө гээд л зөвхөн Монголын хүндрэлүүд бий. Гэхдээ барилгын яам шийдлээ олсон бололтой мэдээ сонсогдож байгаад баяртай байгаа.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *