Categories
мэдээ нийгэм

Ойн мэдээллийн номыг олон нийтэд хүргэлээ

Доктор Х.Ыханбайн гаргасан “Ойн тухай нийтийн ойлголт” номын нээлт өнөөдөр ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнд боллоо. Түүний бүтээлээс олон нийт юу мэдэж болох вэ гэсэн асуултанд тэрээр, “Хүмүүс ой гэхээр зөвхөн мод гэж ойлгодог. Гэтэл ой гэдэг бол ашиглаж арчилж чадвал самар, жимс жимсгэнээс аваад олон талын баялагтай. Би номондоо Монгол орны ойн нөөц, ашиглалт, менежмент зэрэг ойтой холбоотой бүх мэдээллийг багтаахыг зорьсон. Номын маань нийт 11 бүлэг бүр ойн ач холбогдлыг тус тусад нь өгүүлж байгаа” гэв. Үүгээрээ ч эрдэмтэн Х.Ыханбайн шинэ ном онцлог, ойн мэргэжилтэн, оюутан сурагчдаас эхлээд эрдэмтэн судлаачид хүртэл, жирийн иргэдэд мэдээлэл ойлголт өгөх олны хүртээл бүтээл болж байна. Манай орны хэмжээнд хийсэн Үндэсний олон зорилтот ойн тооллогоос Монголын ойн насжилт хөгширч, ойн эрүүл ахуйн нөхцөл муудаж, ойн арчилгаа, цэвэрлэгээ хийх шаардлагатай байгаа, ойн нөөцийг манай улсад бага ашиглаж байна гэсэн гол дүгнэлт гарсныг доктор Х.Ыханбай өнөөдөр номын нээлтийн арга хэмжээн дээрээ иш татан хэлж байв. Тэрээр, Монгол орны ойн доройтол, менежментэд олон удаагийн түймэр, хөнөөлт шавьж, малын бэлчээрлэлт буюу бэлчээрийн даац хэтэрсэн байдал, хууль бус хулгайн мод бэлтгэл зэрэг хүчин зүйлүүд нөлөөлж буйг онцлож байв.
Х.Ыханбай нь хуучнаар ЗХУ-ын Ленинград хотын Ойн техникийн академийг дүүргэн АНУ-ын Харвардын Их сургуульд Байгаль орчны эдийн засаг болон бодлого судлалын чиглэлээр төгсөж Байгаль орчны яаманд олон жил ажилласан манай нэр хүндтэй эрдэмтэн хүний нэг юм. Тэрээр одоо байгаль орчин, хөгжлийн “Жасыл” холбооны захирал, Азийн Байгалийн бэлчээрийн санаачлагын зохицуулагчаар ажиллаж байна. Шинэ номоо тэрээр 12 хүнтэй багийн хамт олон жилийн судалгаан дээр үндэслэн жил хагасын хугацаанд гаргажээ.

Тодруулга: Манай орны ой мод нь Сибирийн их Тайга ба Төв Азийн хээр талын зааг дээр дэлхийн 3 томоохон усан хагалбарыг дагаж ургадаг байна. Бүх төрлийн мод, сөөгийн нөөцөөр тодорхойлдог ойн сангийн нийт талбай 18.5 сая га бөгөөд үүнээс ойгоор бүрхсэн талбай 12.3 сая га байгаа нь нийт нутаг дэвсгэрийн 8 хувийг эзэлж байна. Монгол Улсын нэг хүнд ногдох ойн талбай 4.2 га байгаа бол дэлхийн дундаж нь 0.54 га байдаг байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *