Categories
мэдээ нийгэм

Усанд боогдсон зургаан иргэний амийг аврав

Өчигдөр Налайх дүүргийн зургадугаар хороо Мойлтын тохойд, мөн зургадугаар хорооны Тэнгэрийн энерги амралтын газрын хойд гарам дээр усанд боогдсон зургаан иргэний амийг Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал унтраах, аврах 28 дугаар ангийнхан аварчээ.

“Усанд боогдоод гарч чадахгүй байна” гэсэн дуудлагаар хэлтсийн орлогч, дэд хурандаа Л.Чинбатаар ахлуулсан 7 албан хаагч, 1 автомашинтай дуудлага өгсөн газарт очиж голын усанд боогдсон 3-29 настай 3 иргэнийг зөөвөрлөн аюулгүй газарт шилжүүлсэн байна.

Мөн иргэн Т, Э нарын автомашинуудыг Туул голын усанд суусан байсныг татаж гарган машин дотор байсан 3 иргэнийг уснаас аюулгүй газарт шилжүүлэн амь насыг нь аварчээ. Голын ус үерлэсэн үед автомашинтай гол гатлах гэж яваад усанд суусан дуудлага тус хэлтсийн жижүүрт ирэх нь ихсэж байгаа аж.

Иймд Онцгой байдлын хэлтсийн удирдлагуудын үүрэг, чиглэлийн дагуу бэлтгэл ээлжийн албан хаагчдыг хөдөлгөөнт эргүүлээр ажиллуулж ард иргэдэд голын усанд орохгүй байх, бага насны хүүхэд, өндөр настнуудад тавих анхаарлаа сулруулахгүй байж, голын усанд эрсдэх аюулаас урьдчилан сэргийлэх ухуулга сурталчилгааг зохион байгуулан ажиллаж байна гэж Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *