Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол- Их Британийн парламентын бүлгийн дарга С.Батболд өнөөдөр Их Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яамны Ази, номхон далайн орнуудын асуудал эрхэлсэн Төрийн сайд ноён Марк Фийлд тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Их Британийн парламентын бүлгийн дарга С.Батболд төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг хүсээд, хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиож буй энэ цаг мөчид Их Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яамны Ази, номхон далайн орнуудын асуудал эрхэлсэн Төрийн сайд ноён Марк Фийлдийг Монгол Улсад айлчилж байгаад талархаж байгаагаа илэрхийлэв. Мөн хоёр улс 1963 онд дипломат харилцаа тогтоосноос хойш харилцаа, хамтын ажиллагаа олон салбарт идэвхтэй гүнзгийрэн хөгжиж байгааг онцлов.
Их Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яамны Ази, номхон далайн орнуудын асуудал эрхэлсэн Төрийн сайд Марк Фийлд хоёр орны парламент хоорондын болон улс төр, худалдаа, эдийн засгийн гээд олон салбарын харилцааг хөгжүүлэхэд ихээхэн хүчин чармайлт гаргаж байдагт Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол- Их Британийн парламентын бүлгийн дарга С.Батболдод тусгайлан талархал илэрхийлсэн юм. Тэрээр үргэлжлүүлэн, Лондонгийн болон Монголын хөрөнгийн бирж хооронд 2011 онд байгуулж байсан түншлэлийн үр дүн гарч эхэлж байгаад баяртай байна. Гадаадын хөрөнгөb оруулагчдын урсгалыг Монгол руу татахад хөрөнгийн биржийн хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой болохыг онцлов. Мөн тэрээр Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн яам, Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам хоорондын хамтын ажиллагааны хүрээнд “Чевнингийн сангийн хамтарсан тэтгэлэг”-т хамрагдаж буй Монгол оюутнууд амжилттай суралцаж байгаа ба улс орондоо өөрсдийн хувь нэмрийг оруулах манлайлагч, мэргэшсэн боловсон хүчин болон бэлтгэгдэж байгаа гэдэгт итгэлтэй байна гэв.