Categories
мэдээ нийгэм

Швейцарийн элчин сайдын нэрэмжит шагналын эзэн тодорлоо

Монгол Улсыг хавсран суугаа Швейцарийн Холбооны улсын Элчин сайд Монгол Швейцарь хоёр улсын урлаг соёлын солилцоог хөгжүүлэх, залуу уран бүтээлчдийг дэмжих зорилгоор өөрийн нэрэмжит шагналыг санаачилжээ. Уг санаачлагын хүрээнд 22 уран бүтээлч бүтээлээ ирүүлснээс залуу уран бүтээлч, гэрэл зурагчин Б.Намуун шалгарч, шагналаа гардан авлаа. Тэрбээр Швейцарийн Женев хотын Урлаг соёлын сургуульд гурван сар тэтгэлгээр суралцах эрхтэй болж байгаа юм.

Харин дэд байрт уран бүтээлч, зураач Д.Эрдэнэчулуу шалгарлаа. Энэхүү уралдаанд 35-аас доош насны залуу уран бүтээлчид оролцжээ. Англи хэлний дунд болон дундаас дээш түвшний мэдлэгтэй байх, гурваас доошгүй жил уран бүтээл туурвисан байх гэсэн шаардлагуудыг хангасан байх гэсэн шаардлага тавьжээ.

Энэ үеэр Швейцарийн элчин сайд Жан Жак дэ Дардел ярихдаа “Би Монголын урлагийн салбарт уран бүтээлчдэд хэрэгтэй дэмжлэг бага байна. Юуны өмнө өөрийнхөө чадах зүйлээр тусалъя хэмээн хувийнхаа зүгээс Монголын урлагийн салбарыг дэмжиж эхэлсэн. Монголд ирэх болгондоо сэтгэл зүрхэндээ энэ салбарт дэмжлэг үзүүлэхсэн гэж боддог байлаа. Монгол-Швейцарийн харилцааг хөгжүүлэхийн тулд урлагийн салбарыг хөгжүүлэхэд тус дэм болох зорилгоор өөрийн нэрэмжит буюу Швейцарийн элчин сайдын нэрэмжит шагналыг бий болгосон. Ажил хэрэг болгоход хоёр жил зарцуулсан.” гэв.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд уран бүтээлчид уран зураг, баримал, өрөг, үйлдэл, видео, фото, саунд зэрэг урлагийн чиглэлээр бүтээлээ илгээж, жилд нэг удаа нэг залуу уран бүтээлчийг шалгаруулан, Швейцарийн урлаг соёлын сургуульд суралцуулах, суралцах явцдаа туурвисан бүтээлийнх нь каталогийг хэвлүүлэх боломжийг олгох юм байна.

Шалгарсан уран бүтээлчид авьяас чадвараа хөгжүүлэх, дэлхийн урлаг соёлын байгууллага, уран бүтээлчидтэй холбогдох, тэдэнд өөрийн уран бүтээлээ танилцуулах, мэдлэг туршлагаа хуваалцах боломжийг олгож байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *