Categories
мэдээ нийгэм

​О.Одгэрэл:Өнөө жилийн соёлын наадам улам өргөн дэлгэр болно

“Соёлон харъя, Соёлоороо бахархая!” соёлын наадам жил бүрийн долдугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулагддаг уламжлалтай билээ. Өнөө жилийн наадмын сонин хачнаас та бүхэндээ хүргэхээр Монголын урлагийн зөвлөлийн Гүйцэтгэх захирал О.Одгэрэлтэй ярилцлаа.

– Соёлын наадмыг анх хэрхэн санаачилсан тухай яриагаа эхэлье. Ер нь энэ наадмын гол зорилго нь юу вэ?

– Хүй долоон худаг 11 жилийн өмнө наадамчин олон маань ирж, хурдан морьдын уралдаан үзчихээд буцаад гэртээ харьдаг байв. Учир нь тэнд хүмүүсийн баяр дээр баяр нэмэх өөр ямар нэг арга хэмжээ болдоггүй, хоосон зэлүүд талбайтай байсан шүү дээ. Тиймээс хурдан морьдынхоо тоосонд дарагдаж, шандаст хүлгүүдийн барианы зурхайд ирэхийг нь үзэж сонирхохоор ирсэн наадамчин түмэндээ зориулж тэнд соёлын арга хэмжээ зохион байгуулах санаачилгыг Солонгосын “Мета” компани анх дэвшүүлсэн юм. Улсынхаа Засгийн газарт зөвлөдөг энэхүү байгууллагын төлөөлөгчид тухайн үед Монголд аялахаар ирсэн хугацаандаа төв Азийг хамарсан соёлын наадмыг зохион байгуулахад Хүй долоон худгийг тун тохиромжтой газар байна гэж харсан юм билээ. Ингээд тэд СУИС болон Монголын Урлагийн Зөвлөлд санал тавьж, хамтран ажиллаж байсан түүхтэй. Соёлын наадмын гол зорилго бол Үндэсний их баяр наадмын соёлын агуулгыг баяжуулах, хойч үедээ соёлын уламжлалт зан үйл болон гар урлал, ёс заншлаа өвлүүлэх, мөн гадны улсуудад таниулан сурталчилахад чиглэж байгаа юм.

– Монголын соёлын өв уламжлалыг гадаадын жуулчдад танин мэдүүлэх ач холбогдолтой чухал арга хэмжээ бол яах аргагүй соёлын наадам. Жилээс жилд энэхүү наадамд зорин ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэхийн тулд зохион байгуулагчдын зүгээс хэрхэн ажиллаж байна вэ?

-Соёлын наадам үндэсний их баяр наадмын нэгэн хэсэг юм. Мэдээж жуулчид энэ утгаараа илүү сонирхдог болсон. Манай наадамд жилд 1000-1200 гаруй жуулчид хүрэлцэн ирдэг. Соёлын наадмын үйл ажиллагаа явагддаг хотхонд монгол ахуйг шингээсэн сонирхолтой хөтөлбөрүүдийг жил бүр шинэчилэн баяжуулж зохион байгуулдаг.

– Энэ жилийн хувьд ямар онцлогтой байх бол?

-Соёлын наадам бол жил болгон л онцлог, шинэлэг болдог л доо. Өнөө жилийн хувьд урьдны наадмуудаасаа илүү өргөн цар хүрээтэй болж байгаа. Жишээлбэл, “Монголын нэг өдөр” концертыг долдугаар сарын 11,12-нд монгол айлын нэг өдрийг харуулсан агуулгын хүрээнд зохион байгуулж тоглоно. Мөн “Монгол наадам” соёлын хотхонд зочилсноор үндэсний соёлын биет бус өв, нүүдэлчин ахуйг наадамчид өөрийн биеэр мэдэрч суралцах боломжийг олгож байгаа юм. Наадамчин олныг болоод гадаадын жуулчид маань “Монгол костюмс”-ийн хамт олны урласан эртний хаад, ноёд, хатдын хувцсыг өмсч зургаа даруулах боломжтой. Мөн уламжлалт тоглоом наадгай, дэмбээ, шагайн болон нум сумын харваа, уран бичлэг, эсгий урлаг, ардын аман зохиолын өргөөнүүдтэй танилцах боломжийг олгож байгаа юм. Бид “Аварга Монгол” гэх баримлуудыг талбай дээрээ байршуулдаг. Жишээлбэл, домбо, эмээл, хөөрөг, монгол гутал, авдар гэх зэрэг “аврага” баримлуудаа бүгдийг “Рио Тинто”компаний нийгмийн хариуцлагын хүрээнд олгосон ивээн тэтгэлэгээр нь шинээр урлуулан бүтээлээ. Манай энэ “аврага” баримлууд хүмүүст маш сонирхолтой зураг авхуулах талбар болдог онцлогтой.

-Соёлын хотхоны талбай руу нэвтрэхэд билет авах шаардлагатай юу?

-Манай соёлын наадам орход үнэ төлбөргүй. Харин доторх үйлчилгээг авахад тодорхой хэмжээний мөнгө төлнө. Тухайлбал, үндэсний хувцас өмсч зургаа авхуулах, дэмбээдэж айраг уухыг хүсвэл төлбөртэй. Гэхдээ тийм ч өндөр үнэтэй биш. Манай наадмын бас нэг онцлог нь хотхон доторх эдгээр үйлчилгээнүүд нь бэлэн мөнгөөр бус дандаа зоосоор гүйлгээ хийдэг оршидог. Харин зоосыг наадмын касснаас худалдаж авах ёстой.

-Хүүхэд багачуудад зориулсан арга хэмжээнээсээ сонирхуулахгүй юу?

– Ер нь бол бид бяцхан наадамчдадаа дуртай үлгэрийн баатрууд юм уу амьтдынх дүрд хувирах сонирхолтой нүүр будалтуудыг хийж үйлчилдэг. Энэ жил хүрэлцэн ирэх хүүхдүүдийнхээ дунд гар зургийн уралдааныг СУИС-иас зохион байгуулна. Мөн хүүхдүүд “Аварга монгол” өртөөнд тоглож наадах боломжтой. Эмээл бол гулсуурын, морь гэхэд дүүжин даажингийн зориулалттай гэх зэргээр хүүхдүүдийн сонирхолыг ихэд татах бүтээлүүд бий.

-Энэхүү соёлын наадмыг анх санаачлахдаа төв Азийг хамарсан том арга хэмжээ болгоно гэж та дээр хэлсэн. Аливаа ажил амжилттай явахад зайлшгүй хөрөнгө мөнгө шаардлагатай. Цаашид том зорилгодоо хүрэхийн тулд санхүүгийнхээ асуудлыг яаж шийдэх вэ?

– Томоохон хэмжээний наадмыг зохион байгуулахад агуулга, хүний нөөц, менежментийн чадварлаг баг, хамт олон шаардлагатай. МУЗ болон СУИС-ийн хамт олон 11 жилийн турш бие биенээ дэмжин хамтран ажиллаж ирсэн уламжлалтай. 250 гаруй багш, оюутан, уран бүтээлчид хамтран “Соёлын наадам”-ыг наадамчин олон түмэнд хүргэдэг. Өнгөрсөн хугацаанд бид агуулга, менежмент, хүний нөөцийн хувьд чадваржиж, үйл ажиллагаагаа тогтвортой явуулж ирлээ. Цаашид наадмыг нүүдэлчдийн өв соёлыг дэлхийд таниулахад чиглэсэн нэгдсэн бодлогын хүрээнд үйл ажиллагааг нь өргөжүүлэн зохион байгуулбал илүү үр өгөөжтэй, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд тустай бэлэн агуулга гэж би боддог.

-Энэ арга хэмжээг ивээн тэтгэж, хөрөнгө оруулах сонирхолтой компаниуд хэр зэрэг хандаж байна?

-Жил бүр адилгүй л дээ. Наадмыг төр болон төрийн бус, бизнесийн байгууллагын дэмжлэгтэй зохион байгуулдаг. Харин энэ жилийн “Соёлын наадам”-ыг Рио Тинто компани ивээг тэтгэж, Үндэсний ихбаяр наадмыг зохион байгуулах хороо, Хаан Банк, Монгол Наадам цогцолбор ОНӨТҮГ, Чингэлтэй дүүргийн ЗДТГ дэмжин ажиллаж сонирхолтой хөтөлбөрүүдийг маань өргөжүүлэхэд ихээхэн тус дэм болж байгаад нь талархаж байгаа.

Ц.УРАНБОЛОР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *