Төв цэнгэлдэх хүрээлэн наадамчин олны хөлд дарагджээ. Энд үндэсний дээл хувцсаараа гоёсон наадамчдаас гадна Монголын эрийн гурван наадмыг үзэж сонирхохоор ирсэн гадны жуулчид олон байлаа.
Наадмын өдрүүдийн гол зоог шаргалтан харагдах хуушуур билээ. Энэ наадмаар 400 гаруй байгууллага иргэдэд үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд асрынхаа урд бүгд “Наадамчин зон олон минь сайхан наадаарай” хэмээн мэндчилжээ.
Цагаан асраар ижилссэн үйлчилгээний газруудын дунд дээхнэ үед Монголын гурван том рестораны нэгд тооцогддог байсан “Туул” рестораны салбар байх аж. Тус зоогийн газрын үйлчилгээний менежер Б.Мандалмаа ярихдаа “Цэнгэлдэх хүрээлэнд олон аж ахуйн нэгж үйлчилж байна. Манайх баяр наадмын өдрүүдээр халиартай, бөөрөнхий хуушуур хийж байна. Ингэхдээ үхрийн гол махыг хонины махтай хольж, амт чанарыг нь баяжуулж өгсөн. Эрүүл ахуйн тал дээр маш их анхаарч байгаа” хэмээн хуушуураа магтав. “Туул”-ынхан долоон хүний бүрэлдэхүүнтэй, хоёр асар ажиллуулж байв. Мөн гялгар уутнаас татгалзан, хуушуур авч явахыг хүссэн хүнд тос нэвтрүүлдэггүй бор цаасан уут санал болгож байгаа гэнэ. Үргэлжлэн орсон борооноос болоод газар норж, байрлах талбай багассан харагдана.
Цэнгэлдэх хүрээлэнгийн төв хаалганы чанх урд байх “Монгол хуушуур”-ын хуушуур мах ихтэй, нимгэн гурилтай, тос багатай болоод ч тэр үү амттай санагдлаа.
Мөн “Үхрийн махтай хуушуур” хэмээн цагаан дээр улаанаар бичсэн хаягтай 52 номерын асарт байх “Гялс” Ази түргэн хоолны газрынхны хийж буй хуушуурын амт өмнөхөөс дутахааргүй сайн байв. Үнийн хувьд нэг ширхэг хуушуур 1000 төгрөг байна лээ.
Наадмын хуушуур дунджаар 1000 төгрөгийн үнэтэй байлаа. Гэхдээ зарим газар 1100-1200 төгрөгийн хуушуурууд ч байсан.
Цэнгэлдэх хүрээлэнг тойрсон хүнсний худалдаа эрхлэгчдийн дунд хуушуураас гадна, орос плов, гахайн болон хонь, үхрийн махан шорлог, адууны умс, гитай, айраг, итали зайрмаг, үхрийн амталж шарсан мах зэргийг худалдаалж байлаа. Хуушуураас өөр төрлийн хоол сонирхсон наадамчид тус газруудыг бүчиж, суух сандал байтугай хөл гишгэх зайгүй болжээ. Цагаан хоолтнууд ч санаа зовох хэрэггүй. “Vegan food” компани 21 номерын асарт цагаан хоолтой хүмүүст зориулан дөрвөн төрлийн зоогоор үйлчилж байв.
“Vegan food” компанийн менежер Л.Мягмарсүрэн “Цагаан хоол иддэг хүмүүст болон ард түмнийхээ эрүүл мэндэд ашиг тустай махан бус бүтээгдэхүүнүүдийг наадамчин олондоо зориулан хүргэж байгаа. Гадаад хүмүүс маш их үйлчлүүлж байна. Өнгөрсөн жилүүдэд ч бид наадамчдад үйлчилсэн, энэ жил урилгаар оролцож байна. Өндөг майонезгүй бургер, шинэ ногооны салат, бэлэн бүтээгдэхүүнүүдийг 1500-3500 төгрөгийн хооронд зарж байна” гэлээ.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хүнсний чанар, стандартын улсын ахлах байцаагч Т.Оюунбилэг “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын зүгээс баяр наадмын өдрүүдэд нийт 500 гаруй улсын байцаагч таван цэгт хяналт тавин ажиллаж байна. Үүнд “Хүй долоон худаг”, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”, “Төв цэнгэлдэх хүрээлэн”, “Соёл амралтын хүрээлэн” болон Сүхбаатарын талбай орж байгаа. Төв цэнгэлдэх хүрээлэнд нийт 400 гаруй аж ахуй нэгжүүд гарч байгаагаас худалдаа үйлчилгээний 50 цэг, хоол үйлдвэрлэл, хуушуурын 350 гаруй цэг ажиллаж байна. Байцаагч нар цаг тутамд эдгээр газруудад шалгалт явуулж, урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна. Одоогоор ноцтой зөрчил байхгүй. Харин зөвшөөрөл аваагүй шорлог, хоол хүнсний худалдаа хийхээр орж ирж байгаа хувь хүмүүс мэр сэр байна. Эдгээрт Цагдаагийн байгууллагатай хамтран арга хэмжээ авч ажилласан” гэлээ.
Цагдаагийн Ерөнхий газрын хэвлэл мэдээллийн газрын дарга, дэд хурандаа Б.Баатархүү “Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар нийт бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдлын II зэрэгт шилжин ажиллаж байна. Хүй долоон худагт 1000 гаруй албан хаагч ажиллаж байгаа юм. Төв цэнгэлдэх хүрээлэнд нийслэл дэх цагдаагийн бие бүрэлдэхүүн бүгд ажиллаж байна. Морьт, дугуйт болон нохойт эргүүлүүд гарч байгаа. Мөн голоор завьт эргүүл баяр наадмын өдрүүдээр хүч нэмэгдүүлэн ажиллаж байна. Хөдөө орон нутаг, лагерийн замд хяналт тавьж байгаа цагдаагийн албан хаагчид бүгд бэлэн байдалд шилжин ажиллаж байгаа юм. Өчигдөр болсон хязаалан, шүдлэн насны морьдын уралдааны үеэр гарсан зөрчил байхгүй, хүүхэд төөрсөн асуудал бүртгэгдээгүй сайхан болж өнгөрсөн. Мөн хурдан морины уралдааныг олон машин дагадаг байсан асуудлыг энэ жил цэгцэлсэн” гэв.
З.СУВД