Categories
мэдээ нийгэм

Өнөөдөр “Дээлтэй Монгол” наадам болно

Монголчуудын уламжлалт соёл түүний дотор үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэл, ардын урлагийн биет болон биет бус өвийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэхэд чиглэсэн “Дээлтэй Монгол наадам” арга хэмжээ өнөөдөр 14 цагт Д.Сүхбаатарын талбайд болно. 12 дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг наадмыг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын аялал жуулчлалын холбоо, “Монгол Костюмс” ХХК хамтран зохион байгуулж байгаа юм.

Дээлтэй Монгол наадмын үеэр үндэсний хувцастай иргэд, байгууллага, аялал жуулчлалын салбарынхны парад, урлагийн тоглолт, шилдэг оролцогчдын шалгаруулалт, Монгол зан заншлыг харуулсан хотхон, үндэсний дээл, хувцас урлаачдын үзэсгэлэн худалдаа, тойрон бүжиг зэрэг олон сонирхолтой арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж. Энэ жилийн наадамд БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-аас зочид төлөөлөгчид ирж, оролцохоор болсон байна.

Түүнчлэн нийслэлийн дүүргүүд Монгол наадгайн өргөө, Дээл урлалын өргөө, Язгуур урлагийн өргөө, Хөгжмийн өргөө, Уран бичлэгийн өргөө, Казах түмний өргөө зэрэг Монгол ахуй, зан заншил, соёл урлаг, Монгол наадмыг харуулсан өөр өөрсдийн онцлог бүхий гэр хотхонуудыг ажиллуулах юм байна. Иргэд, жуулчид өөрсдийн сонирхсон зүйлсээ худалдан авч, тэдний бэлдсэн тоглолт, үзүүлбэрүүдийг үзэж сонирхох боломжтой юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *