Categories
мэдээ цаг-үе

Эстрад урлагийн төлөөлөл “Өргөө” хамтлагийн дуучин С.БАРхАСыНх

Газар эхээс заяатай

Ганган цэцгийн дэлбээг

Хүн та өөрөө

Хөндөж битгий тасдаарай хэмээн 33 дахь жилдээ дуулж яваа “Өргөө” хамтлагийн дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин С.Бархасынхаас энэ удаагийн “Танайд өнжье” булангаа бэлдлээ. Түүний хувьд эстрад урлагийн 80, 90ээд оны төлөөлөл, тухайн үеийн залуусын шүтээн болсон дуучдын нэг гарцаагүй мөн юм. Одоо ч түүний “Алтан зул”, “Зүүд”, “Дандаа чамайг хайрлаж явъя” зэрэг дуунууд олны сонорыг мялааж, сэтгэл зүрхийг хөглөн эгшиглэсээр байгаа билээ. “Танайд өнжье” булангийн маань энэ удаагийн зочин 13 дугаар хороололд байрлах хоёр өрөө орон сууцандаа хань Я.Бурмаагийн хамт эгэл даруухнаар аж төрдөг юм байна. Биднийг очиход С.Бархас “Ах нь саяхан байрныхаа хүүхдүүдтэй сагс тоглож байгаад орж ирлээ. Дүү нартай ч үзэж тарна шүү дээ” гэсээр угтлаа. Түүний хувьд багын л сагсанбөмбөгийн спортоор хичээллэдэг, басхүү шаггүй тоглочихдог нэгэн байжээ. Энэ талаараа “Би Дөчин мянгатын 24 дүгээр сургуульд тавдугаар анги хүртлээ сурсан юм. Дараа нь манайх шинэ байранд орон биднийг гялайлгаж Баянзүрх дүүргийн 33 дугаар сургууль руу шилжсэн дээ. Наймдугаар ангид байхдаа сургуулийнхаа сагсанбөмбөгийн шигшээ багийн шилдэг тоглогч болж байлаа.

Сургуулиудын сагсанбөмбөгийн аваргаар манайхыг дийлдэг сургууль байгаагүй л юмдаг. Олон ч медаль цуглуулсан. Би дунд сургуулиа төгсөөд шууд цэргийн албанд мордсон юм. Энэ үеэс л дуу хөгжимд уруу татагдсан гэж болно. Хэдий муугүй дуулчихдаг байсан боловч өөрийгөө дуучин болно гэж бодож яваагүй. Спортын хүн болно л гэж боддог байв. Хүний хувь тавилан гэдэг таахын аргагүй сонин, баялаг байх юм даа” хэмээн тэрээр хуучлав. Түүнийг урлагийн хүн болгоход хамгийн их нөлөөлсөн хүн бол Соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч И.Болоож юм. И.Болоож түүнийг цэргийн албанд татагдаж очиход Цэргийн их сургуулийн дэргэд хэдийнэ “Эрдмийн ундраа” хэмээх хөгжмийн хамтлагтай болчихсон байж. С.Бархасыг хэвлүүхэн дуулдгийг мэдсэнээр хамтлагтаа урьсан байна.

Тэрээр “Эрдмийн ундраа” хамтлагт байхдаа цэргийн диктатураар хөгжим тоглож, дуулж сурсан даа. И.Болоожоосоо ч их зүйл сурсан. Манай хамтлаг ихэвчлэн “СоёлЭрдэнэ”ийн дуунуудыг л дуулдаг сан. Харин би цэргийн албанаас халагдаад МУИСийн Эдийн засгийн ангид суралцсан юм. Ингээд сургуулийнхаа “Эрдэм” хамтлагт дуулах болов. Дараа нь И.Болоож“ “Мах комбинатын Соёлын ордонд орно” гэхээр нь дагаад очлоо. Мөн бид хоёр “Айзам” хамтлагт ч хамтдаа орсон. Гэхдээ И.Болоож маань дарга нартайгаа муудаад гарчихсан юм. 1982 онд би ч оюутан хүүхэд байсан. Гэтэл Манай И.Болоож дарга нартаа “Та нар уран сайханч Бархас, хөгжимчдөд мөнгө өгөхгүй байна. Үйлдвэрчний соёлын төв ордныг төлөөлж байхад нэг ч төгрөг өгөхгүй юм” гэж. Одоогоор бол ардчилал ярьж л дээ. Гэтэл мань хүнийг халчихсан. Халахдаа бүр “Үйлдвэрчний төв зөвлөлийн бүх соёлын ордонд энэ хүнийг ажилд авч болохгүй” гэсэн тушаал гаргасан байдаг. Харин Барилгачдын соёлын ордны дарга И.Болоожийг авьяаслаг гэж мэддэг байсан учир ордынхоо “Өргөө” хамтлагт 1983 онд авсан. Би хамт орсон. “Өргөө” анх хөгжмийн л хамтлаг байсан. Дан ганц гитар тоглодог. Клубуудэд очиж нийтийн бүжгийн хөгжим тоглоно. Харин бид очсоноор дуу, хөгжмийн хамтлаг болсон түүхтэй.

Би дараа жил нь их сургуулиа төгсөөд зургийн институтид ажилд орохоор болов. Захирал нь болох Бат гэж хүн “Одоохондоо орон тоо байхгүй учир клубийн эрхлэгч хийх үү” л гэж байна. Аливаа зүйл багаасаа эхлэх нь зүйтэй гээд л дуртайяа зөвшөөрсөн. 500 төгрөгийн цалинтай байсан санагдана. Тухайн үед “Мөнгөн харандаа” хамтлагийн үндэс суурь тавигдаж байв. Б.Сарантуяа, Лхамаа, Ононбат гээд л залуучууд байлаа. Тэд нар надаас хөгжим их гуйна аа. Би тэдэнд клубийнхээ залыг чөлөөлж өгнө. Хог, шороо таривал аашлахаа ч мэднэ. Нөгөө хэдийгээ бэлтгэлээ хийж байгаарай гэж хэлчихээд л “Өргөө”рүүгээ гүйчихдэг байж билээ. Гэтэл нэг өдөр манай хэлтсийн дарга “Нэг бол ажлаа хий. Үгүй бол урлагаа хөө” гэдэг юм байна. “Өө дарга минь ингэж зовж байхаар урлагаа хөөх минь” гээд л “Өргөө”-рүүгээ сэтгэл шулуудсан даа. Ер нь хүн өөрийнхөө хийх дуртай зүйлд л сэтгэл зүрхээ зориулдаг юм билээ” гэв.

Дуу, хөгжмийн “Өргөө” хамтлаг С.Бархас, И.Болоож, Ч.Тунсаг, М.Баяраа, н.Бямбасүрэн хэмээх таван залуусаас бүрддэг байж. 1984 оноос “Өргөө” хамтлаг жинхэнэ мандаж эхэлжээ. “Тухайн үед “СоёлЭрдэнэ”, “Инээмсэглэл”ийн дуунууд хүчээ авчихсан байлаа. Дээрээс нь алдарт “Сэтгэлийн жигүүр”ийг зохиосон З.Зундарь гэж хөгжмийн зохиолч “Мөнгөн хүрээ” хамтлагтай байсан. “Айзам” хамтлаг ч байв. Бид тэднээс цоройж гарч ирэх гэж их хичээсэн. Бид 1984 онд ёстой цоорсон доо. Италь, орос, монгол дуу дуулна. Сэлэнгэ, Дарханаар явж тоглолтоо хийгээд л. Дарханд нэг удаа тоглоход билет нь дуусчихсан. Үзэж чадалгүй үлдсэн нөхдүүд шил цонх хагалж, үүдээр дайраад сүрхий юм болж билээ. Цагдаагийнхан нохой тавьж үзсэн ч дийлдэггүй. Сүүлдээ гал командынхан ирж ус цацаж байж тараасан. “Танай тоглолтыг үзэх гэсэн хүмүүс манай ордныг нурааж хаях нь. Бушуухан яв” гэж соёлын ордных нь хүмүүс хэлж байж билээ. Хоёр удаа тоглоод л Сэлэнгэ рүү явсан даа. Бидэнд 10 юм уу, 20 мянган төгрөгийн төлөвлөгөө өгдөг байсан. Өөрсдөдөө илүү ашиг, хонжоо олно ч гэж бодохгүй. Сарын 400 төгрөгийн цалингаа л авдаг байв” гэлээ.

Өргөө хамтлагийн алдарт “Алтан зул”, “Зүүд” зэрэг дуунууд хэрхэн бүтсэн талаар асуухад “Хүмүүс гадаад дуунд их сонирхолтой байлаа. Бид ч орос дуугаар их занималдсан. Нэг цаг 30 минутын тоглолтыг орос дуу дуулсаар байгаад дуусгадаг үе ч байсан. Мөн “Дандаа чамайг хайрлаж явья”, “Алган дээр буусан од”, “Бүжээрэй”, “Зүүд”, “Алтан зул”, “Ээлийн далай аав”, “Ээждээ мөргөе” гээд дуунуудаа дуулдаг байлаа. Ер нь хамтлаг хоёр сайн дуутай байхад л болчихдог юм. Тэр хоёр дуу л хамтлагаа аваад явчихдаг. “Алтан зул” дуу маань хөшөөтэй болсон. И.Болоож маань Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж, Ш.Дулмаа гуайн шүлгээс сайхан дуунууд ч хийсэн дээ. “Нар инээдэг юм”, “Зүүд”, “Алган дээр буусан од” хэмээх дуунуудын үгийг Д.Пүрэвдорж гуай тэрлэсэн. “Алтан зул”, “Дандаа чамайг хайрлаж явъя” хоёр бол Ш.Дулмаа гуайн шүлэг. “Алтан зул” 1985 онд бүтсэн юм. Манай И.Болоож аяыг нь хийсэн шүү дээ. Анх би хүмүүст тэгж их хүрнэ гэж бодоогүй. Ганц нэг дуулж үзээд л орхичихсон юм. Дараа нь “Соёл-Эрдэнэ”-ийн Б.Баяраа авч дууллаа. Тэд жилдээ нэгээс хоёр уран бүтээл хийх нормтой байсан. Улсын том хамтлаг учир телевиз, радиогоор ч өнөөх дуу цацагдсан. Манай хамтлаг тухайн үедээ радиод дугаар ч үгүй байсан үе. Цацагдсаных нь дараа манай хамтлаг “Алтан зул”аа буцаагаад л авсан. Ард түмэн ч сайхан хүлээж авсан. Мэдээж үүнд Б.Баяраагийн маань үүрэг оролцоо их. Гэхдээ би энэ дууг 33 дахь жилдээ дуулж байна. Энэ хугацаанд би “Алтан зул”ыг хичнээн удаа дуулснаа хэлж мэдэхгүй. Нэг тоглолт дээр хоёр удаа дуулах үе ч цөөнгүй. Одоо ч найман настай хүүхдээс 80 настай буурай дуулж байна гэж хэлэхэд хилсдэхгүй болов уу” хэмээсэн юм.

“Өргөө” хамтлаг анхны тоглолтоо 1984 онд хийж байжээ. Барилгачдын соёлын ордонд багтаж ядан үзэгчидтэй хийж байсан анхны тоглолт нь тэдний амьдралын хамгийн сайхан мөчүүдийн нэг болон үлджээ. С.Бархас “Бид 90 он хүртэл их ч тоглолт хийсэн дээ. Харин 1991 онд бид Хятад руу явсан юм. Хятадад очоод ногооны талбайн хажууд шавар тагзанд амьдарч байлаа. Өмнөд монголчуудтайгаа нийлж мантуу, ногоотой хуургаа хувааж иднэ. 1992 онд араас гавьяат Г.Энхбаяр, И.Болоож, Б.Дашдондог, Н.Халиун, Б.Сарантуяа нар ирсэн. Бид ч өмнөд хөршдөө төвхнөлөө. Олж байгаа хэдэн төгрөгөө нэмчих санаатай Бээжин рүү явлаа. “Хурд”-ын Д.Отгонбаярыгаа бөмбөрчнөөр дуудсан гээд бод. “Хурд”-ын Д.Отгонбаяр маань тэгж явсан гэхэд нийгэм их л хүнд байсан байгаа биз. Бид Бээжингийн захад бас л нэг шавар тагзанд амьдарсан. Дуулуулах газар олддоггүй. Азаар Нанжиндах нэг ресторанд дуулуулъя гэх нь тэр. Очиход вокзал дээр нь монголчууд холхиж байсан шүү. Биднийг хятадуудтай явж байхаар гайхаад л. Бид ч тоглолтоор явж байна гэцгээсэн том амьтад. Тухайн үед Хятадын хамтлагууд тун муу байсан. Тиймдээ ч бид сүүлдээ Хятадын том, том газруудтай гэрээ хэлэлцээр хийж байсан. Гэхдээ бид тун давгүй болж байсан үедээ виз хэтрүүлсэн хэргээр баригдчихсан юм. Яг цагаан сарын үеэр л баригдсан юмдаг. Биднийг нэг зочид буудалд оруулаад, хоёр цагдаагаар мануулчихсан. Шинийн нэгний өглөө монгол хүмүүс юм болохоор золгоцгоолоо. Муу ч үгүй тав, таван юань барьж золгоод байгаа юм. Гэтэл манай Д.Отгонбаяр сэтгэлээр их унаж байна аа. “Цагаан сараар ингээд байж байх гэж. Аав, ээж минь өдийд ууцаа таллаад буузаа жигнээд байж байгаа” гээд л ганц нэг нулимс хаясан байх шүү. Бид ч дор дороо халаглаад л. Удалгүй цагдаа нар Эрээнд хүргэж өгсөн дөө. Бид ч виз хэтрүүлж, хөөгдсөн Монголын хамгийн анхны хамтлаг болсон байх. (инээв)” хэмээсэн юм.

Мөн тэрээр “Улаан-Үдэд ч мөн адил эстрад сайн хөгжөөгүй байсан. Бид очиж англи, орос дуунуудыг дуулаад л од болчихдог байлаа. Монгол оюутнууд ирээд л зал пиг дүүргэчихнэ. Дуулсан газар бүртээ л од болсоор явсан даа. Ширээнүүдээс архи, пиво явуулах нь ч энүүхэнд. Тогооч нь хүртэл гарч ирээд үзээд зогсчихож байж билээ. Тоглолтын дараа “Где солист” гээд л гарын үсэг авахаар ирцгээнэ. Ийм сайхан түүхүүд бий. Манай хамтлаг “Дэлхийн залуучууд оюутны наадам”-ын хамгийн сүүлийнхэд нь оролцож байлаа. Пхеньян хотод зохиогдож байсан. Манайх шилдэг 16 хамтлагийн нэгээр шалгарсан. Канад, энэтхэгчүүдтэй танилцаад л, бас зүгээргүй наймаа хийнэ. Савхин хүрмээ 100 ам.доллараар зарчихаж билээ. Япончуудад Сүх жанжины зурагтай төмөр мөнгийг Чингис хаан гэж хэлээд л 500 иенээр худалдчихсан. Нутаг буцахад над шиг баян амьтан байгаагүй. Хүмүүст мөнгө зээлүүлээд л. Долларын дэлгүүр хэсээд л. Гэтэл манай “Хонх”ын Н.Энхбаяр савхин хүрмээ 50-хан франкаар л өгчихсөн байсан шүү. Би бас эндээс тарваган малгай, бээлий авч явсан юм. Гадныханд магнетфоноос эхлээд л хараа булаам сонин содон зүйлс тун их. Нэг нөхрийг магнетфоноо тарваган малгайгаар солих уу гэтэл тэгье л гэж байна. Малгайгаа хэд сэгсэрч байгаад л, халуун оронд үнэр нь хурц үнэртээд болохгүй болохоор нь уутанд хийгээд өгчихсөн. Жигтэйхэн л гоё юмтай боллоо гээд баярлаж байсан санагдана” гэв.

“Өргөө” хамтлагийн залуус тун идэвхтэй байсныг илтгэх нэг жишээ нь 1990 онд зохиогдсон “Англи дууны тэмцээн”-д оролцсон нь юм. Уг тэмцээнд түрүүлж, 50 фунтээр шагнуулж байсан нь мөн л тэдний сайхан дурсамжуудын нэг юм. Харин одоогийнх шиг дуртай дуугаа олон дахин сонсох, үгийг нь олж бичих, хүсвэл понаграммыг нь ч татчих сайхан боломж тухайн үед байсангүй. Тиймдээ ч гадаад дууны үгийг олж бичиж, сурна гэдэг амаргүй даваа байжээ. Тэрээр энэ талаарх нэгэн хөгтэй явдлаа бидэнд хуучилсан юм. С.Бархас “Гадаад дуу сурахдаа тухайн орны хэлийг мэддэг хүнийг гуйж байж бичүүлнэ. Бичиж чадахгүй үгийг нь сонсголоороо дуулна. Гэтэл нэг удаа тайзан дээр “Beatles”ийн “Let it be”г дуулж байтал нэг нөхөр тайзны хажуунаас “Чи юундаа худлаа дуулаад байгаа бацаан бэ” гэдэг байгаа. Би бүр иччихсэн. “За цаанаа байж бай л” гээд байдаг. Хамтлагийнхан “Наад нөхөр чинь юу гээд байгаа юм” гэхээр нь “Надтай дараа нь уулзъя” гэж байна аа л гэж билээ. Тоглолтын дараа уулзахдаа “Ах аа, би сонсголоороо сурчихсан юм” гээд л үнэнээ хэлсэн. Гэхдээ худлаа дуулж байна гэдгийг мэдэх хүн ховор байсан шүү. Тэр дундаа англиар дуулвал мэдэх хүн тун цөөн байсан даа” гэсэн юм.

Харин түүнээс ид мандаж байх үедээ хайрын захианд дарагдаж байв уу хэмээн асуухад “Маш их ирдэг байлаа. Барилгачдын соёлын ордны хаягаар ирнэ. Улаан-Үдэд очиж тоглосны дараа буриад хүүхнүүд ирж уулзаж байсан түүх бий. За ингээд зогсохгүй бол яриандаа халаад эхнэрийнхээ хажууд болохгүй юм ярих нь байна” хэмээгээд тэрээр инээд алдан биднийг хөгжөөгөөд амжсан юм. Түүний гэргий Я.Бурмаа “Би ч ирсэн захиаг нь их уншдаг байлаа. Захианууд нь хураалгаастай л байдаг сан” хэмээн инээмсэглэх аж. Тэрээр балетийн бүжигчин мэргэжилтэй. 50 гарсан гэхэд тунчиг дэгжин, сайхан эмэгтэй ажээ. Түүний хувьд ОХУ-д балетийн бүжигчнээр найман жил сурсан байна. Тэрээр “Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт болсон ОХУ-руу балетийн бүжигчнээр суралцах шалгаруулалтад есхөн настай байхдаа тэнцсэн юм. Ингээд л Москвад 1974 оноос 1981 он хүртэл балетийн бүжгийн сургуульд суралцсан. Ирээд театртаа 14 жил бүжигчнээр ажиллаад тэтгэвэртээ гарсан. Олон ч сайхан жүжигт оролцон тоглож байлаа” гэв. Гэрийн эзнээс гэргийтэйгээ анх хэрхэн танилцаж байсан тухай нь сонирхоход “Бид хоёр 1982 онд танилцсан. Манай найз бид хоёрыг танилцуулсан юм. Годойсон охин л гүйж явсан. Манай хүн ч 17хон настай жаахан байж дээ. Намайг “навсайтлаа” дагаад гүйнэ ээ. (инээв) Бүжигчдийн бэлтгэл сургуулилт хүнд учир их ядардаг. Өдөр хоолонд оруулахад хуйцаа, салатыг бол давгүй идчихнэ шүү. Ер нь тэгээд хаана ч явсан хамтдаа л явдаг байж дээ. Би танилцахдаа оюутан байсан учир манай хүн надад цалингаасаа сар бүр 100 төгрөг өгдөг байж билээ. 700 төгрөгийн цалинтай энэ том хүн чинь эхлээд намайг тэжээсэн юм байхгүй юу. Ямартаа ч залуу хосуудын адил бүх л зүйлийг тэгээс нь эхэлж, өнөөдөр өдий зэрэгтээ сайхан л явна. Бид хоёр нэг хүүтэй. Хүү минь “Эрдэнэс Тавантолгой” компанид ажилладаг. Хүү минь өнөөдөр гурван сайхан үртэй, өнөр олуулаа болжээ. Бага хоёр нь ихэр. Миний эгч “Ганц хүүхэд газар дүүргэдэг юм” гэж хэлсэн үнэхээр л үнэн юм. Дахиад ч зөндөө ач нартай болно байх гэж бодож байгаа шүү” гэж ярилаа. Ач нар нь өвөө, эмээ дээрээ ирэх тун чиг дуртай гэсэн. Өвөө, эмээ хоёр нь ач нарыгаа үгүйд эл хуль оргиод эвгүй байдаг юм хэмээсэн.

С.Бархас тунчиг энгийн нэгэн юмсанж. Тэрээр “Анх ипотекийн зээл гэж гарахад л бид хоёр энэ байраа авсан юм. Эхлээд яажшуухан мөнгийг нь төлж дуусна даа гэж бодож байлаа. Гэтэл тун удахгүй байрныхаа мөнгийг төлөөд дуусах гэж байна. Бидний үеийн уран бүтээлчид орон байргүйн зовлонг их үзсэн дээ. Харин одоо л бүгд өөрийн гэсэн орон байртай болцгоож байна. Гэхдээ манайхан бүгдээрээ л ипотекийн зээл төлдөг юм” хэмээн өгүүлэх нь ч түүний олны танил гэх ихэрхэх зангүй, аливаа хэлбэрт баригддаггүй яг л өөрийнхөөрөө байдаг гэдгийг илтгэх шиг. Эднийх бурхан тахилаа ихэд сүсэглэдэг болох нь хурааж тавьсан цөгц, бурхны нарийн нандин эд зүйлсээс нь харагдаж байсан.

Бид цай цүү уунгаа түүний аав, ээжийн талаар яриа өрнүүллээ. Тэрээр эхээс тавуулаа бөгөөд айлын дөрөв дэх нь юм байна.“Миний аав Дорноговь аймгийн харьяат хүн. Цэргийн хэлтсийн дарга, хурандаа хүн байлаа. Ээж минь нягтлан бодогч мэргэжилтэй. “Улаанбаатар” зочид буудалд нягтлан, нярав хийж байсан. Миний ах, дүү нарын дөрөв нь спортын мастер цолтой. Их спортлог гэр бүл. Хамгийн том ах С.Сүрэнжав маань чөлөөт бөхийн төрлөөр 18-хан насандаа олимпт явж байсан түүхтэй. Бөхийнхөн андахгүй ээ. Дараагийнх нь сагсчин, спортын мастер цолтой С.Цэрэндолгор минь юм. Миний бие мөн сагсанбөмбөгийн спортын мастер цолтой. Бага дүү С.Энхбат боксоор спортын мастер цол хүртсэн” гэлээ. Тэрээр 2011 онд Монгол Улсын гавьяат жүжигчин хэмээх эрхэм цолоор энгэрээ мялаажээ. С.Бархас гавьяатаа оройтож авлаа гэх хүмүүс цөөнгүй байсан бол тэрээр өөрийгөө гавьяат цол хүртэх нь гэхэд огтхон ч итгээгүй байна. “Хэдий бүрэн дүүрэн итгэж чадахгүй байсан ч тэр сайхан мэдээг сонсчихоод ээж, аавыгаа бодож хэсэг уйлж зогссон сон. Ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээнэ гэдэг хэмжээлшгүй том аз завшаан юм даа” гэсэн юм.

Түүнийг үдшийн цэнгүүнд дуулуулах урилга, заллага тун их. Гэхдээ дан ганц “Өргөө” хамтлагаараа ая дуугаа өргөх бус “СоёлЭрдэнэ”ийнхэнтэйгээ нэгдэцгээж, хуучны сайхан дуунуудаараа сонсогчдынхоо сэтгэл зүрхийг уяраасаар яваа ажээ. С.Бархас “Манай хоёр хамтлагаас сайхан уран бүтээлчид минь бурхан болжээ. Тиймээс бид бие биенээ нөхөөд нэгэн гэр бүл болохоор шийдсэн. Мөн “Хөх тэнгэр”ийн Г.Энхбаяр бидэнтэй нэгдсэн. Үзэгч, сонсогчид 80-аад оны тоглолтыг их сонирхож байгаа” гэлээ.

Дуулахын зэрэгцээ С.Бархас Баянзүрх дүүргийн “Жанжин” клубийн даргаар 14 дэх жилдээ ажиллаж байгаа аж. Мөн тэрээр ирэх намар болох “Жанжин” клубийнхээ 95 жилийн ойн томоохон тоглолтод бэлдэх хүндтэй үүргийг биелүүлэхээр тун завгүй яваа гэсэн. Тэрээр “Манай Жанжин клуб саяхан шинэхэн байртай болсон. Батзориг сайд санаачилж, үе үеийн дарга нар дэмжсэний хүчинд боссон. Д.Пүрэвдаваа, Засаг дарга Т.Баясах гээд клубийн төлөө гэсэн сэтгэл зүтгэлтэй хүмүүстээ их баярладаг юм” гэсэн.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *