Тайландын хойд хэсгийн Тхам Луанг агуйд гацсан хөвгүүдийг багшийнх нь хамт аврах ажиллагаанд оролцож байсан шумбагч амиа алджээ. Талийгаач Саман Гунан нь 38 настай, урьд нь Тайландын Тэнгисийн цэрэгт алба хааж байсан офицер хүн бөгөөд албанаас халагдсан ч аврах ажиллагаанд оролцож байсан юм байна.
“Тэрээр агуйд гацсан хөвгүүдэд хүчилтөрөгч аваачиж өгөхөөр явсан. Харамсалтай нь буцах замдаа хүчилтөрөгч нь хүрэлцсэнгүй” хэмээн албаны эх сурвалж мэдээлжээ. ВВС агентлагийн мэдээлснээс үзвэл талийгаач буцах замдаа бага зэрэг төөрснөөс хугацаа алдсан байж магадгүй аж.
Талийгаач Саман Гунам нь усан спортоос гадна гүйлт, дугуйн спортоор хичээллэдэг бие бялдрын бэлтгэлжилт өндөртэй хүн байсан гэнэ. Тэрээр аврах ажиллагаа эхэлснээс нь хойш оролцож байсан гэнэ. Аврах ажиллагаанд одоогийн байдлаар хуурай замын болон тэнгисийн цэрэг, иргэдийн төлөөлөл нийлсэн 1000 гаруй хүн оролцож байгаа аж.