Categories
мэдээ нийгэм

“Дээлтэй монгол” наадамд ӨМӨЗО, ОХУ-аас зочид төлөөлөгчид оролцоно

Нийслэлийн ЗДТГ, нийслэлийн аялал жуулчлалын газар, “Монгол костюмс” ХХК хамтран уламжлал ёсоор “Дээлтэй Монгол” наадмыг энэ сарын 10-нд Д.Сүхбаатарын талбайд 12 дахь жилдээ зохион байгуулна.

Тус наадам нь монголчуудын уламжлалт соёл түүний дотор үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэл, ардын урлагийн биет бус өвийг гадаад дотоодод сурталчлан таниулах, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх зорилготой.

Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх хэлэхдээ, “Энэхүү наадам нь даяарчлалын зуунд хадгалагдан үлдсэн нүүдэлчдийн соёлын чухал хэсэг болсон Монгол үндэстэн ястны хувцас, гоёл чимэглэлээ дэлхий нийтэд гайхуулан сурталчлах, жуулчдын сонирхлыг татсан томоохон баяр болж өргөжсөн. Мөн Монголын ирээдүй болсон хүүхэд, залууст түүх, соёл өв уламжлалаараа бахархах ухамсрыг төлөвшүүлэх, таниулах, өвлүүлэх арга хэмжээ юм. Дахин давтагдашгүй, чамин хийц, өнгө загвартай Монгол бахархал болсон дээл хувцсаараа гоён Үндэсний их баяр наадмаа угтахыг урилаж байна” гэв.

Жил жилийн наадам өөрийн гэсэн өнгө төрхтэй болдог бөгөд энэ жилийн наадамд БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ-аас зочид төлөөлөгчид оролцох юм. Наадмын үеэр үндэсний хувцасны коллекциудыг сонирхон, хурсан олонтой хамт тойрон бүжиж, үндэсний зан заншил, уламжлал, өв соёлыг харуулсан гэр хотхон дахь наадам, монгол наадгай, дээл урлал, язгуур урлаг, хөгжим, уран бичлэгийн болон казах түмний өргөө зэрэг өөр өөрсдийн онцлог бүхий гэр хотхоноор зочлох боломжтой.

Өмнөх жилүүдийн адил нийслэлийн дүүргүүдийн шилдэг үндэсний хувцастай парад алхах бөгөөд оролцогчдын дунд сонгон шалгаруулалт явуулж шилдэг зохион байгуулалттай оролцсон дүүрэг, хамгийн сайхан дээлтэй хос, шилдэг үндэсний хувцастай гадаад оролцогч, шилдэг эрэгтэй, эмэгтэй үндэсний хувцастай оролцогч, шилдэг хүүхэд, шилдэг байгууллагыг тус тус тодруулах юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *