Categories
мэдээ нийгэм

З.Маралгоо: Бид бүгдийн төлөө гэрэлт ирээдүй бүтээхийг уриалж байна

-АЗИЙН САЙД НАР УЛААНБААТАР ХОТНОО ЧУУЛЖ ЭХЭЛЛЭЭ-

Өнөөдөр 16:00 цагт Төрийн ордонд Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын хоёрдугаар бага хурлын нээлтийн ажиллагаа эхэллээ. Энэхүү хурлыг хамтран зохион байгуулж буй Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Шадар сайд Ө.Энхтүвшин, НҮБ-ыг төлөөлж тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах асуудлаарх Тусгай төлөөлөгч Мами Мизутори нар Төрийн ордны өмнөх Сүхбаатарын талбайд эрхэм хүндэт зочдоо ёслон угтав.

“Тогтвортой хөгжлийг хангахын тулд гамшгийн эрсдэлийг бууруулах нь” сэдэвт энэ удаагийн Азийн сайд нарын хуралд нийт 3500 гаруй төлөөлөгч оролцож байна. Ази, Номхон далайн бүс нутгийн 50 орон, Америк, Европ, Араб, Африк тивийн улс орон болон Засгийн газар хоорондын, бүс нутгийн болон төрийн бус байгууллагын 1584 төлөөлөл хүрэлцэн ирсэн байна.

Бага хурлыг нээж Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин хэлсэн үгэндээ “Өнөөдрийн хурал газар зүйн өвөрмөц тогтоцтой, эрс тэс уур амьсгалтай, урт хугацаанд үргэлжилдэг гамшгийн аюул нь нийгэм, эдийн засагт ихээхэн хохирол учруулдаг далайд гарцгүй улсад анх удаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлог” хэмээн тэмдэглэв.

Мөн тэрээр “Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал гамшгаас урьдчилан сэргийлэх, болзошгүй эрсдэлийг бууруулах, улс орнуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд зарцуулах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, инновацийг нэвтрүүлэх үүргээ бүсийн түвшинд амжилттай хэрэгжүүлж байгаа платформ гэж дүгнэж байна.

Дэлхийн улс орнууд хүн төрөлхтөнд учирч болзошгүй төрөл бүрийн аюул заналтай тэмцэх, хариу арга хэмжээ авахаас илүүтэйгээр урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд илүү их ач холбогдол өгч тэргүүлэх чиглэлээ болгохын зэрэгцээ бүс нутгийн хамтын ажиллагааны механизмыг байгуулахын чухлыг онцлон үзэх болсон байна” гэж хэллээ.

Хурлын үеэр Монгол Улсын Засгийн газрын хоёр онцлох арга хэмжээ, сайд нарын болон сонирхогч талуудын хуралдаан, 14 техникийн ба сэдэвчилсэн, 53 салбар хуралдаан болон 13 дагалдах арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар ажиллаж байна. Маргааш 51 байгууллага оролцох танилцуулах үзэсгэлэн нээх бөгөөд 47 илтгэгч өөрийн үйл ажиллагаагаа танилцуулах юм.

Шадар сайд Ө.Энхтүвшин “Энэхүү хурлаар Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичиг бүс нутгийн болон үндэсний түвшинд хэрхэн хэрэгжсэнийг тайлагнаж, 2018-2020 онд Азийн бүс нутагт хэрэгжүүлэх төлөвлөгөө, гамшгийн эрсдэлийг бууруулах “Улаанбаатарын тунхаглал” зэргийг бид бүхэн хэлэлцэн батлах болно” гэж мэдэгдлээ. Тэрбээр хурлыг амжилттай зохион байгуулснаар бүс нутаг дахь гамшгийн эрсдэлийг бууруулах бодлогын үзэл баримтлал тодорхой болж, бид бүхний хамтын ажиллагаа улам өргөжин хөгжинө гэдэгт илтгэл төгс байгаагаа илэрхийлэв.

-БАЙГАЛИЙН ГАМШГИЙН АЮУЛААС БОЛЖ ОРОН ГЭРГҮЙ ХОЦОРЧ, ЭЦЭГ ЭХЭЭ АЛДАЖ БАЙГАА ХҮҮХДҮҮДИЙГ ХАРААД БИ ӨӨРИЙН ЭРХГҮЙ УЙЛДАГ-

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттериш бага хурлын үйл ажиллагаанд амжилт хүсэн, видео мэндчилгээ дэвшүүлжээ. Бага хурлын нээлтийн ёслолд “American school” сургуулийн тавдугаар ангийн сурагч, 10 настай З.Маралгоо Ази, Номхон далайн улс орнуудын бүх хүүхэд, залуучуудыг төлөөлж үг хэллээ.

Тэрээр “Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Маралгоо гэдэг би арван настай. Би Улаанбаатар хотод сурдаг бөгөөд энэ тайзнаа Ази, Номхон далайн улс орнуудын бүх хүүхэд, залуучуудыг төлөөлж үг хэлэхээр ирлээ.

Газар хөдлөлт, үер, цунамигаас болж амь насаа алдаж зовж, зүдэрч байгаа хүмүүсийг зурагтаар үзэхэд надад маш их айдас төрдөг. Байгалийн гамшгийн аюулаас болж орон гэргүй хоцорч, эцэг эхээ алдаж байгаа хүүхдүүдийг хараад би өөрийн эрхгүй уйлдаг.

Манай оронд “ЗУД” гэдэг өөрийн онцлог бүхий байгалийн гамшиг болдог. Зудын үеэр цаг агаар тэсгим хүйтэн болж, ан амьтдын хөл хөдөлж чадахгүй болтлоо тас хөлддөг.

Гамшиг тохиолдсон үед өөрсдөдөө тусалж чадахгүй байгаа хүмүүсийг хараад надад харамсалтай санагддаг. Гэсэн хэдий ч тусламж хэрэгтэй хүмүүсийн төлөө гараа сунгах сая сая эрэлхэг, зоригтой хүмүүс байдгийг би мэднэ. Аврагчид эцэг эх, хүүхдүүдийг аюулаас аварч байгааг хараад би хязгааргүй ихээр баярладаг.

Манай хотод газар хөдлөлт болсон тохиолдолд яах ёстой талаар сургуулиас минь бидэнд зааж өгдөг. Ангийн найзууд болон багш нарынхаа хамтаар аюултай үед барилгаас болгоомжтойгоор түргэн, шуурхай гарах сургуулилтуудыг хийдэг. Мөн хэрвээ найз маань гэмтвэл анхан шатны тусламж үзүүлэх тухай ч зааж өгдөг.

Эдгээр энгийн анхан шатны тусламжуудыг Та, Би, Бид Бүгд мэддэг байх ёстой гэдэгтэй надтай санал нийлж байгаа гэдэгт итгэлтэй байна. Мөн энэ шалтгааны улмаас өнөөдөр миний төрөлх хот болох Улаанбаатарт дэлхийн 50 гаруй улсын мянган мянган хүмүүс цугларч байгааг би мэднэ.

Чин сэтгэлээсээ би та бүхнийг Ази-Номхон далайн бүсийн хүүхэд залуучуудтай хамт сэтгэл зүрх, бодол санаа, хүсэл тэмүүллээ нэгтгэн бид бүгдийн төлөө гэрэлт ирээдүйг бүтээхийг уриалж байна. Баярлалаа” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *