Categories
мэдээ нийгэм

​Хууль ёсны тэмцлийг хууль бус аргаар зогсоож байна гэв

Эрүүл мэндийн салбарын ажилтнууд энэ сарын 5-ны өдрийн 08:30 цагаас эхлэн орон даяар хугацаагүй ажил хаяна. Улсын хэмжээнд 207 эмнэлгийн 16611 ажилтан ажил хаялтад оролцохоо шийдвэрлэснээ албан ёсоор мэдэгдлээ. Үүнээс нийслэлийн 98, аймгийн төвийн 21, сумд 88 эмнэлэг байна. Хөдөлмөрийн хамтын маргааны нэг тал болох Засгийн газар зуучлагчаас үндэслэлгүйгээр татгалзсан тул ажил хаях эрх хуулийн хүрээнд үүссэн гэж үзжээ.

Энэ хугацаанд яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ, гэмтэл, мэс засал, төрөх,хүүхэд, нярай, сэхээн амьдруулах зэрэг хүний амь настай шууд холбоотой үйлчилгээ үзүүлнэ. Ингэхдээ “Бид ажил хаялтад оролцож байна” гэсэн наалтыг энгэртээ зүүж, өргөсөн тангарагтаа үнэнч байна гэдгээ илэрхийлэх аж.

Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн хобооны дарга Б.Мягмар “Эрүүл мэндийн салбарын ажилтнууд цалин орлого нэмэгдүүлэх, тусламж үйлчилгээг сайжруулахын төлөө, хөдөлмөрийн мөлжлөгийг халж, шударга үнэлэмж тогтоохыг тэмцэл хөдөлгөөнийг тасралтгүй зургаан сар зохион байгуулсан. Энэ хугацаанд 32 удаа шаардлага хүргүүлсэн. Мөн V сарын 29-ний өдөр “Эрүүл мэндийн салбарын 2017-2018 оны хамтын хэлэлцээр”-ийг Эрүүл мэндийн сайд, ажлын хэсгийн бүрэлдэхүүнтэй зөвшилцөн байгуулсан. Гэтэл ХНХЯ хүндэтгэн үзэх тодорхой шалтгаангүйгээр бүртгэж авахаас татгалзсан. Иймд тэмцлээсээ алхам ч ухрахгүй. Ажил хаялт зохион байгуулахтай холбоотойгоор эмнэлгийн ажилтнуудыг ажлаас халах тухай сүрдүүлж байгаа хууль бус дарамт, шахалтаа зогсоохыг шаардаж байна” гэв.

Ажил хаялтыг хуулийн хүрээнд зохион байгуулах үүрэг бүхий арван хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдан хуульчдын баг ажиллаж байна.

Э.АНУДАРЬ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *