УИХ-ын 2018 оны хаврын ээлжит чуулган өндөрлөсөнтэй холбогдуулан Ардчилсан намын бүлгээс мэдээлэл хийлээ. Бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Хаврын чуулганы хугацаанд парламент ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэх чиглэлд бодитой зүйл нэгийг ч хийсэнгүй. Үндсэн хуулийн өөрчлөлт, улс төрийн намуудын тухай хууль, сонгуулийн хууль гэх мэт төрийн тогтолцоотой холбоотой бодлогын шинж чанартай хуулиудаа хэлэлцэж амжсангүй.Тэрчлэн Хөрөнгө оруулалтын тухай хууль, Жижиг дунд үйлдвэрлэлийн хуульд оруулах өөрчлөлт зэрэг эдийн засгийн ач холбогдолтой нийгэмд хүлээгдэж буй төслүүдийг хэлэлцэх боломж байсан ч хойш тавилаа.УИХ-ын хаврын чуулган энэ мэтээр тавьсан зорилтоо хэрэгжүүлж амжаагүйг иргэдийн амьдрал нотолно” гэлээ.
Тэрээр цааш нь “Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах тогтоолын төслийг батлахад эрх баригчид хэлэлцээрийн ширээний ард суусан. Бид бүх зүйлийг хойш татахыг хүсээгүй. Стратегийн томоохон ордоо ард иргэдэд нээлттэй болгоё, иргэд хяналтаа тогтоож баялгаас хүртэх ёстой гэдэг дээр ойлголцож чадсан.Гэхдээ МАН Тавантолгойн асуудлаар шинэ амлалт өглөө гэж харж байгаа. УИХ-ын дарга ирэх жилүүдэд Монгол Улсын эдийн засаг 10 хувиар өсөж, төсөвт жил бүр 400 саяас 1.1 тэрбум ам.долларын орлого төвлөрч, дунджаар 5800 орчим ажлын байр бий болно гэж хэлсэн. Бид энэ төслийг дэмжиж, амлалтыг нь шаардаж ажиллах болно” гэв.
Мөн “Хаврын чуулганы төгсгөлд эрхзүйт төрийг үгүйсгэсэн, Үндсэн хуулийг илтэд зөрчсөн Захиргааны ерөнхий хууль орж ирж ихээхэн зөрчил үүсгэсэн.Монгол улсын иргэн, хуулийн этгээд Засгийн газрын буруутай шийдвэрээс болж хохирлоо барагдууулах газаргүй болгох оролдлого хийж байгаа учраас бид энэ хуулин дээр завсарлага авсан. Намрын чуулганаар энэ асуудал орж ирэхэд эрх баригчид төслөө эргэж харна гэж бодож байна” гэлээ.