Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаанаар 30 орчим асуудал хэлэлцэн шийдвэрлэсний дотор анхны хувийн, үндэсний давхар даатгалын компанид тусгай зөвшөөрөл олголоо. “Анд ДД” ХХК энэ онд зургаан даатгалын компанитай хамтран давхар даатгалын үйл ажиллагаа явуулж, татварын дараа 1.7 тэрбум төгрөгийн, 2020 он гэхэд хамтран ажиллагч компанийхаа тоог хоёр дахин нэмэгдүүлж 3.9 тэрбум төгрөгийн ашигтай ажиллах бизнес төлөвлөгөө боловсруулсан байна. Манай улсад даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий компаниуд эрсдэлээ зөвхөн гадаадын давхар даатгалын компанид даатгуулж, давхар даатгалын хураамж бүхэлдээ гадагш урсдаг. Ийм нөхцөлд тус компани давхар даатгалын хураамжийн гадагшлах урсгалыг бууруулах, даатгалын компаниудтай хамтран ажиллаж томоохон эрсдэлийг хамтын хүчээр дотооддоо даатгах боломжийг бүрдүүлэх зорилгоор үндэсний давхар даатгагч компанийг байгуулахаар шийдвэрлэсэн байна. “Анд ДД” ХХК тусгай зөвшөөрлөө авахаас өмнө манай улсад давхар даатгалын үйл ажиллагааг төрийн өмчит “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК ганцаараа эрхэлж байсан юм.
Мөн хуралдаанаар, Хадгаламж, зээлийн хоршоо (ХЗХ)-ны үйл ажиллагаа эрхлэхэд тавигдах нөхцөл, шаардлага болон үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг шинэчлэн тогтоолоо. Эдгээрийг “Хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагааны зохицуулалтын журам”, “Хадгаламж, зээлийн хоршооны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлт болон дагаж мөрдөх үзүүлэлтийг тооцож, хяналт тавих журам” болон холбогдох заавар, аргачлалаар зохицуулж ирсэн юм.
Шинэчлэн найруулсан нөхцөл, шаардлагаар Хорооноос тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, ХЗХ-ны салбар нээх зөвшөөрөл олгох, санхүүгийн бусад ажил үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох, олгохоос татгалзах, оноосон нэр өөрчлөх, өөрчлөн байгуулах, татан буугдах болон бусад харилцааг зохицуулах бол үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтээр Хорооноос тусгай зөвшөөрөл авсан ХЗХ-дод үүсч болзошгүй аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, тэднийг идэвхитэй, хариуцлагатай ажиллаж, мэргэжлийн санхүүгийн байгууллага байхтай холбогдсон харилцааг зохицуулах юм.
Хуралдаанаар, “МИК актив арван зургаа” ХХК-д хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус компанийн гаргаж буй ипотекийн зээлээр баталгаажсан үнэт цаасны төлбөрийг гүйцэтгэх эцсийн хугацаанаас багагүй хугацаагаар олгож, 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий, 30 хүртэл жилийн хугацаатай, орон сууцны зээлээр баталгаажсан нийт 1,170,673 ширхэг баталгаат үнэт цаасыг нь бүртгэлээ. Баталгаат үнэт цаасыг бүртгэх тухай шийдвэрээр Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны арилжаан оролцогч, үүрэг гүйцэтгүүлэгч болон үйлчилгээ үзүүлэгч нарт тогтмол хяналт тавьж, ипотекийн санхүүжилтийн эх үүсвэрийн зориулалт, ашиглалтын тайлан мэдээг Хороонд ирүүлж байх, тус зах зээлийг зохистой хөгжүүлэхэд анхаарч ажиллахыг зөвлөв.
Түүнчлэн Хороо, “Хөвсгөл алтан дуулга” ХК-ийн нэмж гаргах энгийн хувьцааг бүртгэх тухай асуудлыг хэлэлцэж, нийтэд санал болгон нэмж гаргах нэг бүр нь 10 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 4.4 сая ширхэг хувьцааг бүртгэн, нийт гаргасан хувьцааг 15.7 сая ширхэг байхаар үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт орууллаа. Компани нэмж гаргаж буй хувьцааныхаа 3.3 сая ширхэгийг тогтоосон үнийн аргаар нэг бүрийг нь 850 төгрөгөөр төгрөгөөр стратегийн хөрөнгө оруулагчдад, үлдэх 1.1 сая ширхэгийг олон нийтэд мөн үнээр худалдахаар төлөвлөснийг зөвшөөрөв.
Даатгалын зургаан компани хувь нийлүүлсэн хөрөнгөө Хорооноос тогтоосон доод хэмжээнд буюу 5.0 тэрбум төгрөгт хүргэн нэмэгдүүлснийг хуралдаанаар зөвшөөрч, бүртгэлд зохих өөрчлөлтүүдийг орууллаа. Түүнчлэн, “Эм Эн Ай Би” ХХК-д даатгалын зуучлагчийн, “Централ секюритийз” ХХК-д үнэт цаасны брокерийн, “Хөгжилд тэмүүлэх сутай” ХЗХ-нд хадгаламж, зээлийн, Дорнод аймагт ажиллах “Их тэргүүн ембүү” ХХК-д банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл тус тус шинээр олгов. Мөн “АБТС ББСБ”, “Экокапитал ББСБ”, “Централ капитал ББСБ” ХХК-уудад банк бус санхүүгийн төлбөрийн баталгаа гаргах, итгэлцлийн, факторингийн болон гадаад валютын арилжааны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл нэмж олгон, “Пийк Ом аудит” ХХК-ийг үнэт цаасны зах зээлд оролцогчид аудитын үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдийн бүртгэлд бүртгэлээ. Нэр бүхий долоон ХЗХ-ны тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж, “Дэвжих хөгжил ББСБ”, “Интер Хэлп ББСБ”, “Уг гарвал ББСБ” ХХК-уудын банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэв.