13 настай охин бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан хэрэг өнгөрсөн оны наймдугаар сарын 22-23-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 21-р хороонд байрлах “Очир төв” зочид буудалд гарсан. Энэ хэргийн шүүх хурал өчигдөр Баянзүрх дүүргийнЭрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хаалттай хэлэлцэгдсэн. Хуралд охины аав хохирогчийн талыг төлөөлөн оролцсон бол ээж, эмээ, өвөө нь шүүх танхимын гадаа охиныхоо зургийг барин хурлын шийдвэрийг хүлээн зогссон юм.
Хохирогч охины ээж хоолой зангируулан “Шүүхийн шийдвэр үнэн зөв гараасай гэж хүлээж байна. Миний жаахан охин бусдын гарт харамсалтайгаар амиа алдчихаад байхад хууль хяналтынхан яагаад зүгээр суугаад байгааг ойлгохгүй юм. Энэ аймшигтай цаг үед бяцхан үрсээ гараасаа битгий салгаарай гэж хүсэж байна” хэмээн ярьж байлаа.
Мөн тэрбээр “Гэм буруутнууд нь олдчихоод байхад хэргийг ингэж мушгиж болохгүй. Охин нь гадны нөлөөтэйгөөр эндчихээ байхад олон нийтэд тэр жаахан охиныг архичин мэтээр ойлгуулж, буруутгаад байгаа нь аймшигтай байна” гэв.
Харин Хохирогчийн өмгөөлөгч Г.Батбаяр “ Шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байна. Өмнө нь хэвлэл мэдээллээр гаргаж байснаар хохирогч охиныг архичин байсан мэтээр ойлгуулахыг хичээж байна. Гэхдээ өмгөөлөгч бидний зүгээс шаардлагатай бүх л баримтуудыг гаргаж өгсөн байгаа. Нөгөө тал бол Эрүүгийн хуулийн 12.1.4 буюу бага насны хүүхдийг хүчиндэх, түүнээс болж хохирогч амь насаа алдсан бол гэдэг зүйлчлэлээр яллуулахыг бодоод байна. Гэтэл хохирогч хүчирхийлүүлснээс болж амь насаа алдаагүй шүү дээ. Бид Бол Эрүүгийн хуулийн 10.1.2 дахь хэсэгт заагдсан зориудаар бусдын амийг бүрэлгэх гэсэн зүйл ангиар яллах ёстой гэж үзэж байгаа” хэмээн ярьсан юм.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас
“Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-д “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх” гэх үндэслэлээр н.Жавхлан, н.Амарболд нарт холбогдох эрүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан.
Шүүгдэгч нар хохирогчид архи уулган согтоож, согтуурсны улмаас биеэ хамгаалах чадваргүй байгааг далимдуулан хурьцал үйлдсэн, улмаар хохирогч нь архины цочмог хордлогын улмаас нас барсан үйл баримт тогтоогдсон.
Шүүгдэгч нарыг хохирогч архины цочмог хордлогын улмаас амь нас хохирсонд гэм буруутай эсэх талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй, тэдний үйлдлийг Эрүүгийн хуулийн зохих зүйл, хэсгээр зүйлчлэн ирүүлээгүй тул мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр шүүх хэргийг буцаасан” гэж мэдээллээ.
Энэ үеэр шүүх танхимын гадаа, Лантуун дохио ТББ болон “Холун хатны үрс” ТББ-ын залуучууд хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэхээр ирсэн байв.
З.Сувд