Categories
мэдээ нийгэм

Оргилоос нь 12 сумын нутаг харагддаг хайрхайны тэнгэрийг тайх ёслол боллоо

Өмнөговь аймагт төрийн тахилгат хайрхан уулын тэнгэрийг тайх ёслол боллоо.
Алтайн нурууны төгсөх ноён оргил Говь гурван сайхан уулын Хошуу овоо хайрханыг анх 1721 онд тахиж байсан ажээ. Далайн түвшнээс дээш 2816 метр өндөр, Хошуу овоо хайрханыг анх тахихдаа монгол зан заншлыг дээдлэн төр шашны ариун үйлийг үйлдэж, 512 бөхийг барилдуулж байжээ. Хангарьдын шинжтэй, сарлагийн сүлдтэй их хайрхан уулын оргилоос нь Өмнөговь аймгийн 12 сумын нутаг дэвсгэр ил харагддаг юм байна. Зуун дамжсан түүхтэй Хошуу овоо хайрханыг 1990 оны үед Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутгийн зон олон тахиж, улмаар 2005 оноос аймгийн ИТХ-ын тогтоолоор аймгийн ард иргэд, сүсэгтэн олон тахин сүсэглэж, 2012 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу 2013 онд төрийн тахилгат хайрхан болгож тахисан байна.


Таван жилд нэг удаа ийн ёслол үйлддэг юм бөгөөд Ерөнхийлөгчийн зарлигтай болсноос хойш энэ жил хоёр дахь удаагаа ийнхүү энэ сарын сарын 22-ны билэгт сайн өдөр төр, шашны ариун үйлийг хослуулан хайрхан уулын тэнгэрийг тайх ёслол боллоо. Энэхүү ёслолд ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн элч төлөөлөгчөөр УИХ-ын гишүүн Л.Энхболд оролцсон юм.

Мөн Өмнөговь аймгийн удирдлагууд, нутгийн зон олон, ард иргэд, хөрш зэргэлдээ аймгийн төлөөлөл хүрэлцэн ирж, хайрхан уулынхаа тэнгэрийг тайх ёслолыг үйлдлээ. Энэ үеэр улс аймгийн цолтой 32 бөх уран мэхийг уралдуулан барилдсанаас шөвгийн дөрөвт Монгол Улсын начин Ц.Одбаяр, Аймгийн хурц арслан Ш.Дарханбат, Аймгийн арслан С.Идэрсүрэн, Аймгийн заан Б.Амгаланбаатар нар үлдэж Ш.Дарханбат түрүүлж, Монгоол Улсын начин Ц.Одбаяр үзүүрлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *