Categories
мэдээ нийгэм

Х.Мандахбаяр: Жил бүр арван сэтгүүлчийг Хятад улсад үнэ төлбөргүй суралцуулна

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн урилгаар БНСУ-ын Сэтгүүлчдийн Холбооны ерөнхийлөгч Чон Гюү Сон тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 21-27-ны өдрүүдэд манай улсад айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Монголын сэтгүүл зүйн өнөөгийн байдал, үйл ажиллагаатай танилцах, хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлагуудтай уулзалт хийх, туршлага солилцох, хамтын ажиллагаа, харилцан ойлголцлын санамж бичигт санал оруулах юм.

Монгол Солонгосын сэтгүүлчдийн байгууллага 2013 оноос хамтран ажиллажээ. Хамтын ажиллагааны хүрээнд долоон удаа төлөөлөгчөө солилцсон аж. Солонгос улс нь Азийн орнуудын дотор сэтгүүл зүйн үйл ажиллагаа, дуу хоолойгоор хүчирхэгт тооцогддог байна. Тиймээс Солонгос улстай хийж буй энэхүү хамтын ажиллагаа нь манай сэтгүүл зүйн салбарын хөгжилд сайнаар нөлөөлнө гэж Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийнхэн үзэж байгаа юм.

БНСУ-ын Сэтгүүлчдийн Холбооны энэ удаагийн уулзалтын бүрэлдэхүүнд тус холбооны ерөнхийлөгч Чон Гюү Сон, дэд ерөнхийлөгч Гүон Ху Үг, Гуанжу Илбү сонины сэтгүүлч Чан Пил Сү, Тэгү хот болон Кёнбүг аймгийн сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Чүэ Гён Чоль, Money Today сонины салбар зөвлөлийн дарга Ким Жи Сан, CBS салбар зөвлөлийн дарга Чон Ёон Чоль, News-1 салбар зөвлөлийн дарга Ким Хён, MBN салбар зөвлөлийн дарга Ким Сү Хён, The Seoul Economic салбар зөвлөлийн дарга Юүн Хун Ү болон тус холбооны ажлын албаны менежер Сун Сан Ми нар багтаж байна.

БНСУ-ын Сэтгүүлчдийн Холбооны ерөнхийлөгч Чон Гюү Сон ярихдаа “Чөлөөт хэвлэлийг хөгжүүлэх, сэтгүүлчдийнхээ хараат бус байдлыг хангах чухал алхам нь сэтгүүлчээ хөгжүүлэх юм. Манай улсын сэтгүүлчдийн холбоо харьяа байгууллагуудынхаа бүх сэтгүүлчийг жилдээ урт болон богино хугацааны сургалтад тогтмол хамруулдаг. Мөн сэтгүүлчдийн ёс зүйн код, дүрэм журмыг үргэлж шинэчилж, холбогдох сургалтыг сар бүр зохион байгуулдаг. Манай улсын сэтгүүлчдийн холбоо Монголоос гадна Америк, Хятад, Болгар, Индонез, Вьетнам зэрэг улсуудтай харилцаатай байдаг” гэлээ.

Уулзалтад Монголын талаас Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр, тус эвлэлийн ерөнхийлөгч асан Б.Галаарид, дэд ерөнхийлөгч Ж.Батбаатар бусад хэвлэл мэдээллийн салбарын төлөөллүүд оролцлоо.

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр ярихдаа “Монгол, Солонгосын сэтгүүлчдийн байгууллага хамтарч ажилласны таван жилийн ойг угтсан айлчлал болж байна. Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл сэтгүүлчдийнхээ мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, ёс зүйг сахиулах чиглэлээр тодорхой ажлуудыг санаачлан хийж байна. Үүний чухал хэсэг болох мэргэшсэн сэтгүүлч бэлтгэх үндэсний хөталбөр гаргасан. Харилцаатай улсуудын сэтгүүлчдийн байгууллагатай хамтарч өөрийн орны сэтгүүлчдийг хөгжүүлэх бодлого баримталж байна. Үүний хүрээнд жил бүр арван сэтгүүлчийг Хятад улсад үнэ төлбөргүй суралцуулах ажлыг амжилттай хэлэлцсэн. Цаашид Солонгос улстай ч ийм үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөж байна” гэв.

Айлчлалын үеэр Солонгос улсын Сэтгүүлчдийн Холбооны ерөнхийлөгч Чон Гюү Сон Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн ерөнхийлөгч Х.Мандахбаярт цаашдын хамтын ажиллагааг амжилттай байхыг бэлгэдэн дурсгалын зүйл гардууллаа.

Л.АНУДАРЬ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *