Categories
мэдээ нийгэм

МУИС 2020 онд Азийн шилдэг сургууль болохоор зорьж байна

МУИС-ийн 73 дахь удаагийн төгсөлтийн Эрдмийн баяр өнөөдөр болж өнгөрлөө. Тус сургуулийг докторын зэргээг 13, магистрын зэргээр 323, бакалаврын зэргээр 1990, нийтдээ 2235 оюутан төгсөж байна.Ёслолын үеэр шилдэг 100 төгсөгчид диплом, энгэрийн тэмдэгийг гардуулсан юм.Эдгээрээс докторын зэргээр 11, магистрын зэргээр 13, бакалаврын зэргээр 75 хүн тус тус шилдэгээр шалгарчээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Нийгмийн бодлого боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, МУИС-ийн салбар сургуулиудын захирал, Ардын уран зохиолч Т.Галсан нар ёслолын ажилд хүндэт зочиноор ирсэн байв.

Ёслолын ажиллагааг МУИС-ын захирал Я.Төмөрбаатар нээн үг хэлэхдээ “Өнгөрсөн хичээлийн жилд манай сургуулийн 75 жилийн ой тохиосон. Энэ хугацаанд тасралтгүй үйл ажиллагаа явуулахдаа улс орондоо болон гадаадын орнуудад мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх, дээд боловсролыг хөгжүүлэх, эх орны болон дэлхийн шинжлэх ухааны үйлсэд хувь нэмрээ оруулах талд амжилт гаргасаар иржээ. Үүнийг үнэлж Ерөнхийлөгчийн зарилгаар МУИС-ийг “Сүхбаатарын тугийн одон”-оор шагнасан. Мөн өнгөрсөн хичээлийн жилд орчин үеийн номын санг ашиглалтад оруулсан,ОХУ, Япон, БНСУ, АНУ, БНХАУ-тай хамтарсан олон төсөл хөтөлбөрүүд амжиллтай хэрэгжүүлсэн зэрэг олон онцлох үйл явдал боллоо” гэж онцоллоо.

Тэрээр “Энэ хичээлийн жилд МУИС-ийн эрх зүйн орчинг сайжруулах, тодорхойлох, судалгааны их сургууль болох чиглэлд ахиц гарсан. Сургалт эрдэм шинжилгээний орчин нөхцөл, сургалтын технологийг сайжруулах үүднээс Засгийн Газраас 25 сая долларыг төсөвлөсөн явдлыг онцолмоор байна. Хамгийн гол нь энэ хичээлийн жилд байгууллагаа магадлан итгэмжлүүлэхээр болж, хангалттай үнэлгээ авсан явдал юм. Цаашид бид ажилаа эрхэмжүүлж 2020 он гэхэд Азийн шилдэг их сургууль болох стратегийн төлөвлөгөөний зорилтуудаа хангах, алдсан алдаа, засаж сайжруулах зэрэг ажилуудыг дараагийн хичээлийн жилд хийх болно. Энэ жил төгсөж буй нийт төгсөгчиддөө хувиасаа болон Эрдмийн зөвлөлийн өмнөөс талархал дэвшүүлье” хэмээсэн юм.

ӨМӨЗО-оос ирж суралцан төгсөж буй Лай Шин Шин: Би 2013 оноос докторантурт суралцаж эхэлсэн. Өнөөдөр докторын дипломоо гардан авч байгаадаа сэтгэл маш өндөр байна. “Монгол хэлний үйлдэгдэх хэвийн судалгаа”-аар докторын зэргээ хамгааллаа. Энэ хугацаанд удирдах багшаар ажилласан доктор Д.Заяабаатар болон МИУС-д талархаж буйгаа илэрхийлье.

Гадаад худалдаа, гаалийн удирдлагын магистр Б.Батбаяр “2,5 жилд магистрантураар сурч төгссөндөө сэтгэгдэл өндөр байна. Миний хувьд сурахын хажуугаар ажилаа хийгээд явах хэцүү байлаа. Энэ хугацаанд намайг ойлгож тусалж дэмжсэн МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш нар, гэр бүлийнхэн болон бусад хүмүүстээ баярлалаа”гэв.

Энэхүү ёслолын үйл ажиллагааны бас нэгэн онцлох үйл явдал нь АУЗ Т.Галсангийн отгон шавь Б.Чандмань шилдэг төгсчөөр шалгарч, их сургуулиа төгсөж буй явдал байсан юм. Ардын уран зохиолч Т.Галсан тус сургуулийг 62 жилийн өмнө төгссөнөө ёслолын үеэр дурдаж байлаа. Тэрээр “Бихаа яваа газраа яруу өгүүлэхүйн ухаан, зөв бичих дүрэм, монгол үсгийг тааралдсан хүн болгондоо заадаг. Энэ бол миний багш хувь заяатай холбоотой юм. Миний ууган шавь Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Х.Цэвэлээ, дунд үеийн шавь гэвэлМонгол Улсын Ардын багш С.Дулам байна. Гэтэл одоо отгон шавь болон Чандмань маань их сургуулиа төгсөж байна. 2012 онд отгон шавьтайгаа уулзаж байлаа. 2014 онд отгон шавиа их сургуульд хөтөлж оруулж, “Ээж аавынхаа итгэлийг данайтал даагаарай, энэ үгний эхлэлийг санаж яваарай” гэж захиж байсан. Тэр цагаас хойш өнөөг хүртэл сайн сурч шилдэг 100 төгсөгчийн нэг болон төгсөж байгаад баяртай байна” хэмээн өөрийн сэтгэгдлээ хуваалцлаа.


Утга зохиол судлалын ангийн шилдэг төгсөгч Б.Чандмань багшийнхаа талаар “Т.Галсан багштайгаа зургаан жилийн өмнө танилцаж байсан. Түүнээс хойш ямар мэргэжил эзэмших талаар багшаасаа зөвлөгөө авахад багш маань өөрийнхөө мэргэжлийг надад өвлүүлэхийг санал болгосон. Дөрвөн жилийн өмнө яг энэ сургуульд хөтөлж авч ирж байсан бол өнөөдөр төгсөж байхад гараас минь хөтөлж сургуулиас авч гарч байна” гэж ярьлаа. Тэрээр ийнхүү амжилттай суралцаж төгссөн талаараа “Оюутан байх хугацаандаа маш олон сайн дурын байгууллагад ажилласан. Мөн энэ мэргэжил яг миний хүсч байсан мэргэжил учирсурлагын амжилтад их нөлөөлсөн байх. Өөрийн хүсч буй зүйлээ зөв тодорхойлж чадаагүйгээс болж эргэлзэх зүйл их тохиолддог. Тиймээс шинээр оюутан болж буй залууст хандаж хэлэхэд мэргэжлээ сонгохдоо маш сайн анхаарах хэрэгтэй гэж зөвлөмөөр байна” гэсэн юм.

Э.ЯНЖМАА

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *